“3.6 жилийн дараа Сонгуулийн хууль батлагдлаа”

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“3.6 жилийн дараа Сонгуулийн хууль батлагдлаа”

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан дараах гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд:

-Юуны өмнө тогтолцоондоо өөрчлөлт оруулж, холимог тогтолцоо руу шилжсэн нь нэг алхам. Можаритор тогтолцоонд сайн талууд бий. Гэхдээ сонгогчдын санал УИХ-д  тусгалаа олдоггүй муу талтай. Сонгодог жишээ болгож ярьдаг зүйл нь гэвэл нэг нам нийт сонгогчдоос 50 орчим хувийн санал авсан мөртлөө УИХ-ын суудлын 90 орчим хувийг авч байгаа нь тогтолцооны буруугаас гарч байгаа гажиг. Үүнийг засахад холимог тогтолцоо хэрэгтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, ер нь улстөрийн төлөвшилд улстөрийн намуудын хариуцлага заавал нэмэгдэх ёстой. Ингэж гэмээнэ улстөр бүхэлдээ төлөвшинө. Улстөрийн соёл сайжирвал тогтвортой байдал хангагдах гол үндэс бүрэлдэнэ. Зөвхөн энэ талаас нь аваад үзсэн ч тогтолцооны шинэчлэл нь томоохон өөрчлөлт болж байгаа юм. Бүгдийг энэ хуулиар өөрчилж, шинэчилж чадахгүй байх. Ингэж хууль батлагдаж байгаа нь сонгуулийн тогтолцоогоор дамжуулан улстөрийн тогтолцоог боловсронгуй болгохоор алхам алхмаар дөхөж байгаа хэрэг гэж ойлгож байна. Шийдсэн гол асуудлуудын нэг нь сонгогчдын санал 100 хувь биш юм гэхэд ойртож тусгалаа олох байдлаар хуульчиллаа. Энэ нь ч холимог тогтолцооны давуу тал. Ер нь яривал олон юм байна. Ялангуяа сонгуулийг зохион байгуулж явуулах болон хариуцлагын тогтолцоог чангаруулсан, эцсийн дүндээ сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөгдөхөд чиглэсэн олон чухал зүйл шинэчилсэн найруулгад багтлаа. Энэ бүхнийг дэлгэрэнгүй ярьвал цаг их орно. Цаашдаа энэ талаар олон нийтэд мэдээлж, шинэ давуу талууд нь юу болох, сонгуулийн хуулийн дагуу хэрхэн ажиллах талаар нарийн тайлбаруудыг хийх ёстой.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин:

-Гурван жил зургаан сарын дараа УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдаж байна. Олон нийт ч хүсэн хүлээлээ. Парламентын төвшинд ч нэлээд удаан ажиллалаа, маргалаа. Ямар ч байсан тасралтгүй зөвшилцсөөр хуулийг шинэчлэн баталлаа. Энэхүү хуулийг баталсан онцлог нь зөвшилцөл. Энэ бол парламент дахь улстөрийн хүчнүүдийн хамтын ажиллагааны үр дүн. МАН парламентад 45 суудалтай гээд олонхиороо уг асуудлыг шийдэж болох байсан ч тэгж шийдэж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Энэ хууль заавал улстөрийн хүчнүүдийн яриа хэлэлцээ, зөвшилцлөөр батлагдах ёстой гэж үзсэн учраас цаг хугацааны хувьд нэлээд удлаа. Гэхдээ л батлагдлаа. Дөнгөж сая надад нэг ном өгсөн юм. Энд “Ардын эрх” сонины 1992 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дугаарт сонгуулийн хуулийг батлалаа гэж парламентын тоймч байхдаа би бичиж байжээ. Тэр үед л эдгээр асуудлыг ярьж байж. Сонгуулийг тогтолцоог холимог хэлбэртэй болгоё гэж нэг хэсэг нь ярьж байхад, нөгөө хэсэг нь цэвэр мажоритар, эсвэл пропорциональ хэлбэрээр явъя гэж байсан. Ингэж маргаж байгаад сонгуулийг 76 тойрогт 76 мандаттайгаар зохион байгуулахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, одоогоос 20-иод жилийн өмнө л сонгуулийн тогтолцоог өөрчилье, холимог хэлбэрээр явуулъя гэж байжээ. Үүнээс хойш 1996, 2000, 2004 оны сонгуулийн өмнө ч энэ асуудал яригдаж л байсан. Шийдэгдэлгүй явж ирсэн асуудал шийдэгдэж байна. Хуульд үнэхээр шинэлэг зүйл олон орсон. Эмэгтэйчүүдийн квот, шударга явуулахтай холбоотой заалт гэхчилэн багтсан. Жишээ нь, сонгууль дөхсөн үед “задгай” гээд нэмэлт нэрийн жагсаалт гарч ирдэг нь сонгуулийг будлиантуудах нэг том шалтгаан болдгийг хааж, сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэрхэн гаргах асуудлыг цэгцэллээ. Мөн зөөврийн хайрцгаар санал авна гээд баахан хүмүүс рүү явж, тэр нь замдаа задардаг. Хайрцгаар санал авахыг цэгцэлж, зайлшгүй эмнэлгийн магадлагаатай, өөрөө хүсэлт гаргасан иргэдийн хувьд зөөврийн хайрцгаар санал өгөх эрх үүсэхээр боллоо. Гэхдээ энэ зөвшөөрлийг санал хураалтын өмнөх өдөр л авч болно гэж заасан. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сонгогчдыг татах зорилгоор уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараах, улстөрчдийн чансаа, рейтингийг тогтоох зэргийг бүхэлд нь хориглосон. Нэр дэвшигчид хуулиа баримталж, чанд ажиллахгүй бол татагдах маш олон заалт орсон. Тухайлбал, бэлэг, мөнгө тараасан нь нотлогдвол түр үнэмлэх авсан ч эргээд татагдах бололцоотой. Мөн сонгогч өөрөө хэн гэдэг нэр дэвшигч хэчнээн төгрөг, ямар бэлэг сэлт өгсөнийг нотолбол тухайн сонгогчид өгсөн мөнгөнөөс нь хэд дахин давуулж хариуцлага тооцох механизмтай. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар хуульчиллаа. Нам ялсан тохиолдолд аль аль талаасаа буюу 48-аас ч, 28-аас ч шилжихээр хуульд тусгасан. Босгыг манай бүлэг 30, Ардчилсан нам 25 гэж байсан ч 28 хувиар баталсан.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж