Тусгаар тогтнолоо дахин олсны 100 жилийн ойд | News.MN

Тусгаар тогтнолоо дахин олсны 100 жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолоо дахин олсны 100 жилийн ойд

Богд хаанд Солонгосчуудаас өргөсөн нэгэн захидлын нууц …

                                                                                                 

   Др. Ж. Баттөр (МУИС, ОУХС)

Хэдхэн хоногийн дараа арванхоёрдугаар сарын 29 буюу МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ДАХИН СЭРГЭЭСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ тохионо. Эл өдрийг угтан түүхийн бодит үнэнийг тодруулсан олон баримт бичгийг түүхч, эрдэмтэн судлаачид ил болгож байна. Саяхан “Монголын тусгаар тогтнол ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, түүнд тавигдсан олон арван илтгэлүүд төдийлөн ил болоогүй түүхийн баримтуудыг дэлгэсэн. Түүний нэг нь доктор Ж.Баттөрийн тавьсан “Богд хаанд бичсэн Солонгосын нэгэн захидал” илтгэл байлаа. Тиймээс “АЭ” уг илтгэлийг уншигчиддаа хүргэж байна. Монголчуудын дийлэнх олонх нь төдийлөн мэдэхгүй энэхүү захидал нь 1911 оны хувьсгалынхан дараахан бичигдсэнээрээ анхаарал татаж буй юм. Тухайн үед гадаадын улс орнуудад Монгол Улс тусгаар тогтнолоо дахин олсноо зарлаж байсан ч тэр болгон хүлээн зөвшөөрсөн баримт сэлт ховор байдаг. Харин энэхүү захидалд Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй солонгосчууд Богд хаанаас тусламж хүсч байсан нь нэн сонин.   

Бага буурай улсын талаарх үзэл санаа

Монгол үндэстэн тусгаар тогтнолоо дахин зарлан тунхаглаж, Олноо Өргөгдсөн Монгол улсаа байгуулан мандал бадралынхаа үүдийг нээсэн их үйлсийн голлох удирдагчдын нэг Богд Жабзундамбад холбогдох түүхийн баримт бичгүүдээс харахад тэрбээр тухайн үеийн олон улсын харилцаа, ялангуяа Зүүн Азид өрнөж байсан ээдрээтэй үйл явц, их гүрнүүд бага улсыг хэрхэн эрхэндээ оруулан дарангуйлж буйг сайтар мэддэг нэгэн байсан нь тодорхой харагддаг. Түүнчлэн Богд хаан тухайн үеийнхээ олон улс оронд танигдаж, хүндлэл хүлээсэн улс төрийн зүтгэлтэн байсан ажээ. Энэ өгүүлэлд энэ үзэл санааг нотлох түүх архивын баримтыг авч үзэв.

Монгол улсын Ардын Засгийн газрын Шүүх явдлын яамны анхны сайд, олон түмний дунд “Магсархурц” хэмээн алдаршсан Н. Магсаржавын 1924-1927 оны хооронд туурвисан “Монгол улсын шинэ түүх” хэмээх найман дэвтэр номноо Богд хаанаас Дундад Иргэн улсын ерөнхийлөн захирах сайд хэмээгдсэн Юан Шикайд бичсэн хийгээд, Юань Шикайгаас хүлээн авсан хэд хэдэн захидлыг нийтлэсэн байдаг.1 Богд хаан болон Юань Шикай нарын солилцож байсан албан захидлын талаар өрнөдийн хэлээр анх дурдсан судалгааны бүтээлийн нэг нь Жерард М. Фритерсийн “Гадаад Монгол ба түүний олон улсын байр суурь” хэмээх ном юм.2 Тэдгээр захилдлуудад олон асуудлыг хөндсөн байдаг ч ерөнхийд нь дүгнэвэл Богд хаан Монгол улсын тусгаар тогтнолыг улс төрийн үүднээс  уран нарийн илэрхийлэл, шууд хийгээд тойруу санааг хослуулан өмгөөлөн хамгаалсан, бас бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг Хятадын талд ухуулан сэнхрүүлсэн утга агуулсан буй. Эдгээр захидлын үг сонголт, агуулга, утга санаанаас харахад Богд хаан бол туйлын ухаалаг дипломатч, олон улсын улс төрийн харилцааы гүн гүнзгий шинжээч, аналитикч байсан нь харагддаг.

Бидний авч үзэж буй судалгаантай холбогдуулан жишээ татахад, 1912 оны 2-р сарын шинийн 7-нд Богд Жабзундамбаас “Дундад Иргэн улсын Ерөнхийлөн Захирах сайд Юань Танаа” хэмээн гарчиглан илгээсэн захидалд:

“Үнэндээ Гадаад Монгол булан тохой хязгаарт ташаалдан хүчирхэг улсад айл ойрхи байдал нь овоолсон өндөг мэт дөрвөн зүгт туслах хүнгүй хэвээр санаандгүй явдал буй нь эрхгүй Тайвань, Чаосяний дараа болох бөгөөд Дундад улс Говьд хол алслагдсан тул ташуур хэдий урт боловч хүрэлцэхгүй, цэрэг иргэн хэдий олон боловч хэрэглэх газаргүй болуужин хэмээмүй. Энэ нь бидний Гадаад Монгол улс хүчирхэг улсын завсарт хавчигдаж орох эсэх хоёрт бэрх. Хэрвээ өөртөө эс тогтновоос гөрөөчинд олзлогдохоос хэлтрэхүйеэ бэрх нь үнэхээрийн байдал бүхий дүрс болой…”
гэсэн байдаг нь Монгол улсыг их гүрнүүдээр хүрээлэгдсэн, “овоолсон өндөг мэт” эмзэг байрлалтай, туслах улс байхгүй нь Чаосянь буюу Солонгостой адил болохыг жишээлэн хэлжээ.

Тухайн үеийн Монголын эх орончдын дотор бага буурай улсын ашиг сонирхол, тусгаар тогтнолыг хүндэтгэх үзэл нэлээд дэлгэрсэн байсныг нотлох өөр жишээ баримтууд ч тааралддаг. Тухайлбал, Дилав Хутагтын дурдатгалд Хятадын зүгээс Монголын автономит төрийг устгасны дараах үйл явдлыг өгүүлсэн бүлэгт ийм нэгэн хэсэг буй.

“Энэ үест Цогтбадамжавын зэрэг хэдэн Буриад хүмүүсээс “Япон улсаас тусламж эрвэл амар түргэнээр туслаж чадмуй. Амиригэ (Америк) улсын нутаг хол, явдал хийх ану удаан тул амжихгүй байсаар бэрх зовлон тохиох магадгүй” хэмээхэд Монголчууд урьдаас Япон улс Коли улсыг туйлын харгисаар дарласан хэмээн сонссон тул түүний харгисаас бэрхшээж дурлах хүмүүн гарсангүй ажгуу”.

Бага буурай орныг өмгөөлөн хамгаалсан энэ үзэл санаа архивийн бусад баримтууд дээр ч нэлээд харагддаг юм. Тухайлбал, 1912 оны 9-11 сард Монгол Оросын хооронд Хүрээнд болсон ээдрээтэй хэлэлцээрийн үр дүнд мөн оны арваннэгдүгээр сарын 2-нд Найрамдал, түүнтэй хавсран тогтоосон Худалдааны Гэрээ болон харилцан солилцсон бичгүүдэд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ хэлэлцээрийн явцад Оросын талын дарамт шахалт нэлээд хүчтэй байж хүнд хэцүү нөхцөлд хэлэлцээр явагдсаныг судлаачид дурдсан буй.5 Уг хэлэлцээрийн үеэр Дотоод Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд Оросын талын төлөөлөгч Иван Коростовецийн оруулж ирсэн “Гэрээний төсөл”-д Монголын талын ашиг сонирхлыг төдийлөн тусгаагүй байгааг эсэргүүцэн хэлэхдээ:

“… Монголд Оросын шаардлагыг болзолгүй тулган хүлээлгэх гэж байгаа нь … Монголыг хоёрдугаар Бухар, Гаоли болгох гэсэн хэрэг”
гэж хэлсэн байдаг.

Энд тодруулахад, Бухарын хаант улс нь 1873 онд хаант Оростой байгуулсан гэрээгээр Оросын хараат болсон бол Гаоли буюу Солонгос нь 1910 оны “Хамтатгах Гэрээ” гэдгээр Японы бүрэн колони болоод байсан юм. Да лам Цэрэнчимэдийн энэхүү эсэргүүцэл нь Богд хаант Монгол улс Хятад зэрэг гадаад улс гүрний ноёрхолд орохгүйн тулд тусламж эрж байсан Оросын нөлөөнд ч хэт автахгүй гэсэн бие даасан бодлого явуулахыг зорьж байсны тод жишээ төдийгүй империалист гүрнүүдийн колончлолыг эрс эсэргүүцэж байсны илэрхийлэл юм.

Түүнчлэн тухайн үеийн Монголын сонин хэвлэлүүд дээр ч Солонгос мэтийн бага буурай орныг их гүрнүүд хэрхэн дарангуйлж байгааг нэлээд өргөн дэлгэр мэдээлж байв. Энд “Монголын сонин бичиг”-т 1912 онд гарсан нэгэн нийтлэлийг толилуулбал:

“… Хараахан Гууль улсыг И-пэний6 харъяат эзэрхэг эрхэнд орсоноос хойшид баруун олон улсын сонин дээр Гууль улсын байдлыг тодорхойлон бичсэнгүй ажээ. Эдүгээ гадаад улсын сонин дээр Гууль улсын байдлыг хураангуйлан бичсэн нь ийн. Гууль улсыг Япон хүмүүн өөрийн боол шивэгчин болгож бүх Гуулийг Ерөнхийлөн захирах тэргүүн зэргийн Цондуу суулгажээ. Улсаа сөнөөлгөсөн аймаг хөөрхийлөлтэй хэмээсэнд, Гууль улс И-пэний харъяат болсноос хойш түүний байдал улам сайжирч боловсроод сургууль, худалдаа жич төмөр ба далайн зам цөм сайжирч чадсан боловч Гуулийн хүмүүн ард И-пэн улсад үнэн сэтгэлийн үг хэлэх үгүй цээжийн дотор өшөө хадгалмой.
Аливаа шүүх таслах хэрэг дор И-пэн, Гууль нарыг цөм нэгэн адил чанарт хуулийн ёсоор шийтгэхээс бус өчүүхэн ч татаж хүлхэх аж. Тийн бөгөөтөл Гууль хүмүүн нар И-пэнд хийж албан суух өөрийн харъяат хүмүүн нарыг урвасан тагнуулчин хэмээн жигшмой. Тиймийн тул И-пэн хүмүүн бас үнэн сэтгэлээр Гуулийг итгэмжлэх үгүй байдаг учир нь энэ болой. Үүнээс хойш И-пэн улсын сайд ноёд Гуулийн бүх хүмүүний сэтгэлийг өөртөө татан оруулж эс чадах бөгөөс үүрд өөрийн нэгэн албат хэмээн итгэмжлэх нь бэрх ажгуу… Гууль хүмүүс өөрийн дотоод эрхээ И-пэнд булаагдаж эрхээн эзэрхэн чадсан үгүй болсон тул И-пэн яахин үнэн зүрхнээсээ итгэмжлэх билээ.
Эртдээ Гууль хүмүүн эрдэм чадал мөхөс байсан боловч өөрөө эзэрхэх эрхтэй багахан улс байжээ. Тийнхүү одоо И-пэний эрх дор ороод догшин ширүүн зантай И-пэн сайд ноёдын дарлахыг хүлээн зовж хэмээн өгүүлжээ”
гэх зэрэг нэлээд хурц нийтлэлүүд гарч байсан юм.

Солонгосчуудаас Богд хаанд бичсэн захидал
    Монгол улсын Үндэсний Төв Архивт солонгосчуудаас өөрийн төлөөлөгчийг Нийслэл Хүрээнээ илгээж, Богд хаанд хандан тусламж хүссэн нэгэн захидал хадгалагдаж байна.7 Уг захидлыг кирилл үсгээр сийрүүлбэл:

    “Зөвлөлийн Засагт Орос Улсын Битругэрада8 хотноо бүхүй Солонгосын Холбооны Хорооны дарга Чой хичээнгүйлэн:

Ардын Засагт Монгол улсын

Богд Хаан таны дээд сонорын өмнө мэхийн ёсолж бадар эрэхийн учир:

-Манай Солонгос болвоос урьд хэдүйний эрхим Монгол лугаа холбоо найртай явсан бөгөөд өрнөш Оросын нутагт сууж өгсөн, хэдэн мянган ам Солонгос цэрэг байлдааны самуун дор тохиолдон хохирлыг хүлээж газар тариалангаас ангижран өнчин нялх олон хөвгүүд хоцорч, амин зуул тариалангийн ашиг үгүй учир аа, хуучны яс махан журамт амьсгалыг дахин мандуулахыг бүгдээр эрэмшин хүсэж бүх олны өмнөөс итгэмжит төлөөлөгч Чой намайг зарж

Эрхэм улсын соёл дор хандаж чадахун дагаар ирсэн бөгөөд эл өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэн дэлгэрүүлэх тусгай Хүрээлэн байгуулсугай хэмээсэн атал уг Хүрээлэнг байгуулах ба гэр оронгүй өлсгөлөн ардыг тэжээх Хороон нэмэн босгох хэрэг давхарлан мөнгө зоосны гадагш зарлага хэрэглэхүүн үлэмж учир тухайлан учир иймийг илтгэн

Богд хаан танаа сонсгон өргөн толилуулж мэхийн хүсэж даатгах ану, бидний өлсгөлөн олон ард ба өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэх хэрэгт үлэмжхэн тусламж үзүүлэх ажаамуу хэмээн найдмуй. Хэрвээ өчүүхэн миний сайн сэтгэл ариун онолоор гуйсан хэрэгт үлэмж тусламж үзүүлвээс
Дээд Богд хааны богд төрөлхтний сэтгэл хувийн хийх атгаг үгүй нэгэн хүмүүний бус бөгөөд нэгэн цаг нэгэн үе ч бус, ерөнхий амьтан бүхний тус буяны хуваарь хүртээлийг бадран дэлгэрч,

Дээд хаан таны Зүүн этгээд газрын тэргүүн манлай болж, өршөөл хайрыг өрвөлгө хайсартал, өвс шороо-тур хүртэл хүртэж, гайхамшиг алдар дэлхий дахины түмэн улс- тур аянга цахилгааны мэт алдаршихыг хүсэн бэлгэдэж, сайн хариу соёрхол даруй шагнахыг дахин дахин хүсэж үүний тул ёслон өргөв.

        Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он,
        Билгийн улирлын таван сарын хорин хоёр
        Аргын улирлын долоон сарын таван” гэжээ.
Дээрх захидлын агуулгаас үзвэл дайны хөлд эх эцгээсээ өнчирөн хоцорсон хүүхдүүдэд зориулж “…эл өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэн дэлгэрүүлэх тусгай хүрээлэн байгуулсугай” хэмээж “…уг хүрээлэн байгуулан гэр оронгүй ядуу ардыг тэжээхэд”, “…үлэмжхэн тусламж үзүүлэх ажаамуу” гэсэн өргөдөл байна.     

    Уг захидалд Богд Жавзундамба өөрөө ямар хариу өгсөн нь одоогоор бүрэн мэдэгдээгүй байгаа ч үүн лүгээ холбоо бүхий архивийн өөр нэгэн нугалбар байдаг агаад түүнд  өгүүлсэн нь:

        “…. Монгол Ардын Намын Төв Хорооноос Ардын Засгийн Газраа хуудсаар явуулах учир :

Суртлын Хэлтсийн өргөсөн ану, эдүгээ Солонгосын Хөдөлмөрчингүүдийн Эвлэлийн дарга Чойгоос уул нутаг газраа газар ус хүртэхгүй тул, ядуу солонгос нар ажил эрж, айл улст нэвтрэн ордог учир, эдүгээ Зөвлөлийн Засагт Орос улст гурван мянган ам солонгос нэвтрэн сууж буй ану.

Солонгос уулаас тариалангийн ажлыг эрхлэхээс фибариг (фабрик) заводын ажил дор боловсорч сураагүй тул, ажил олдохгүй туйлын гашууныг эдлэж, бага насны хөвгүүд өлсгөлөнгийн зовлонг амсан буй учрыг гаргаж гишүүдээс тусламжийг эрэн Төв Хорооноо мэдүүлэн эрсэн нь энэ он найман сарын хоёр бөгөөд аргын есөн сарын арван хоёрын өдрөө Тэргүүлэгчдийн хуралдсан гучдугаар хурлын нэгдүгээр зүйл дор хэлэлцээд энэ тухайд тус улсаас Орос улст суугаа Элчин сайдын Газраас Битэрэгирадад Солонгосын Хөдөлмөрчний Эвлэл хэмээн буй үгүй, хэрвээ буй ахул дарга Чой хэмээхийг төлөөлөн манай Монголоос тусламж эрсэн ану үнэн ташааг тодорхойлон мэдэж, үнэн болвоос тэрхүү газраас үнэмлэх бичиг авч тэд нарын өлсгөлөн хөвгүүдэд түүгээр нэгэн мянган янчаан урьдчилж гаргуулан туслуулж, харъяат Хороо үүгээр уг янчааныг зохих газар төлж гүйцэтгэхээр тогтов хэмээсэн ба мөнхүү дарга Чой

Богд хаанаас тусламжийг эриж өргөсөн бичгийн тухайг хэлэлцээд тусламж хайрлах эсэх ану хааны өөрийн тааллаар болохоос бус албан болгон хэлэлцэх зүйл үгүй мэт хэрэг тул, зохих газар явуулж нэвтрүүлэхээр тогтов.

хэмээсний тулд, үүнийг

Ардын Засгийн газраа өргөдөл бичиг нэгийн хамт хүргүүлэн явуулаад байцаан үзэж хурлын тогтоолоор ёсоо шийтгэж хариу ирүүлэх ажаамуу, хэмээмүй өргөжүхүй. Үүний тул хуудсаар илгээв.

Арван гуравдугаар он, найман сарын нэмсэн арван зургаан.
Аргын есөн сарын хорин зургаан
Дугаар 282
Нарийн бичгийн дарга Дамбадорж”9
гэсэн байдаг.

    Дээрх баримтаас үзэхэд Монголын Засгийн газраас Орост буй өлсгөлөнд нэрвэгдсэн гурван мянган Солонгос иргэдийн хүүхдүүдэд зориулж нэг мянган янчаан олгохоор тогтож, тэдний талаар судлуулахаар Орос улс дахь Монголын Элчин сайдын яамнаас хөөцөлдөхөөр шийдвэрлэсэн байна.

Уг захидал архивийн бусад баримтуудтай холбогдох нь

Тухайн цаг үед Монголын Засгийн газраас гадаад улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан талаар цухас дурдъя. Учир нь тэр үед Монголын Засгийн газраас айл хөрш орнуудад  үер, ган гачиг болох, өлсгөлөн тохиолдох зэрэг хүнд бэрх цаг үед нь мөнгөн болон мал аж ахуйн зүйлсээр тусламж дэмждэг байсан нь солонгосчуудын анхаарлыг татан, дээрх захидлыг өргөн барьж тусламж гуйхад хүргэсэн ч байж болох юм. Тухайлбал, 1922 оны 3 сарын 23-нд Монголын Засгийн газраас Халимагийн өлсгөлөн тохиолдсон ардад орос рубль 2000-ыг өгч туслах шийдвэр гаргасан байдаг.10

Мөн 1921-1922 онд Нийслэл Хүрээнд гарч байсан “Уриа” сонинд бичсэнийг үзвэл, Монгол улсын Засгийн газраас Зөвлөлт Орос улсын зарим нутагт их ган болсноос шалтгаалж олон сая хүн амтай мужид хүнс тэжээлийн хүрэлцээ эрс дутагдаж байгааг мэдээлж “Хүн амд туслахаар 1000 шар үхэр явуулж, үргэлжлэн хороо байгуулж ажиллахыг Намын Төв Хороо өөрөө хариуцан авсан тухай”11 мэдээ буй.
Монголын Засгийн газраас бага буурай орны ард түмний эрх ашгийг өмгөөлдөг, мөн дээр өгүүлсэн тусламж дэмжлэгийн чимээ сураг солонгосчуудын чихнээ сонин сэтгүүлээр дамжин хүрсэн байж ч болох юм. Түүнчлэн Богд хааны зарлигаар 1919 онд Солонгос эмч И Тэжүньд “Тэргүүн зэргийн Эрдэнийн Очир одон”, түшмэлийн зэргээр шагнаж байсныг бид мэднэ.12

 Ерөөс 1920-1930-аад онд Солонгосчууд янз бүрийн шугамаар Монголын Засгийн газарт хандан хүсэлт, гуйлт, өргөдөл өргөн барьсан байдаг. Монгол улсын Гадаад Харилцааны Яамны архивт л гэхэд бидний авч үзэж буй асуудалтай 42 баримт хадгалагдаж байна. Тэдгээр баримтууд нь бидний энэхүү өгүүллийн цар хүрээ, өрнөл тайллыг улам тодорхой болгох юм.13

Өгүүллийн эцэст дүгнэж хэлэхэд, бага буурай орны талаархи Богд хаант Монгол улсын удирдагчдын баримталж байсан үзэл санаа цаашдаа Ардын Засгийн удирдагчдын үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн нь харагддаг.14 Энэ сэдэв бол цаашид гүнзгийрүүлэн судлууштай тусдаа асуудал гэдэг нь дамжиггүй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-12-16 202.180.218.10

nice

Avatar

Зочин 2011-12-16 182.160.56.45

Хөөрхий Гуучльчуудыг И-пэнчүүд дарлаад заяагийн үзүүлдэггүй байсан учраас манай Богд хаанаас хүртэл тусламж гуйж байсан байна

Avatar

лизингээр аваарай 2011-12-16 202.126.91.246

Та хvссэн бараагаа хамгийн хямдаар манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S Factory Unlocked олдохгvй гэдэгт 100 итгэлтэй байна Манай бvх бараа Америкаас 100 оригналь цоо шинэ vйлдвэрийнхээ баглаа боодол битvvмжлэлтэйгээ орж ирдэг Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна Манайх Монголдoo хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгaa 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлала

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж