Францын “Арева” компани ойрын таван жилийн хугацаанд бизнесийн цар хэмжээ болоод хөрөнгө оруулалтаа бууруулахаар болсон байна. Мөн ажлын байруудаа цомхотгож, үйлдвэрлэлийн төслүүдээ түр зогсоохоор шийдвэрлэжээ. Учир нь 2011 онд 1,4-1,6 тэрбум еврогийн алдагдалд орсон бөгөөд компанийн гол хувьцаа эзэмшигч болох Францын Засгийн газар энэхүү хүндрэлтэй байдлаас гарах арга хэмжээг яаралтай авахыг шаардсан байна.
Дэлхийн цөмийн салбарын томоохон тоглогч энэхүү компани нь уран олборлолтоос эхлээд атомын цахилгаан станц барих хүртэл бүх үеийн технологийг эзэмшсэн хүчирхэг компани билээ. Харин цөмийн энергийн боловсруулах үйлдвэрлэл л эрхэлдэггүй юм. “Арева” компанийн Ерөнхий захирлаар энэ жил томилогдсон Люк Урселийн мэдэгдсэнээр, 2012-2016 онд хөрөнгө оруулалтаа 34 хувиар бууруулж, 7.7 тэрбум евро хүргэхээр төлөвлөжээ. 2007-2011 онд тус компани 11 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн уул уурхайн “Eramet” компанийнхаа хувьцааны 26 хувийг зарах болжээ. Африкийн орнууд дахь уран олборлох төслүүд болон гурван ч атомын цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг тодорхой хугацаанд зогсоох гэнэ. АНУ-ын Айдахо мужид барьж буй уран баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг ч мөн зогсоохоор болжээ. 2022 он гэхэд бүх атомын цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаа Герман улсад тус компанид харьяалагдах 1.5 мянган ажлын байрыг цомхотголд оруулах гэж байгаа юм.
Дэлхийн олон
оронд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн Монгол дахь
салбар “Арева Монгол” нь 1997 оноос үйл ажиллагаа явуулж байгаа билээ. “Шар
нунтаг” үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуул
хийдэг. "Арева Монгол" манай улсын төсөвт жилдээ 15-17 сая ам.долларын
хөрөнгө оруулдаг байна. Монгол дахь салбарын Ерөнхий захиралаар Жулиен Бабей
ажиллаж байгаа юм. Толгой компани ирэх таван жилийн хугацаанд “бүсээ
чангалахад” хүрч байгаа бол Монгол дахь салбарын үйл ажиллагаанд тодорхой
хэмжээгээр нөлөөлөх бололтой.
Э.Од