Сонгуулийн хуулийг цэц унагачихгүй байгаа?

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг цэц унагачихгүй байгаа?

УИХ-ын Сонгуулийн хууль батлагдахаас ч өмнө үүсээд байсан нэг асуудал нь төлөөллийн зарчмаас болоод шинээр батлагдах хуулийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгох нөхцөл бий эсэх тухай юм. Ингээд энэ асуудлаарх ээлжит гишүүдийн байр суурийг хүргэж байна.

С.ОЮУН: ЦЭЦ ХОЙШ ТАТАХ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО АГУУЛАХГҮЙ БАЙХ

-Сонгуулийн хуульд пропор­цио­наль элемент оруулсан нь хамгийн том дэвшил. Харин Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэц дээр очоогүй байхад нь аль хэдийнэ очоод уначихаасай гэвэл уг шинэчлэлийг хийхгүй гэх бодолтой хүмүүсийн санаа. Миний хувьд Сонгуулийн хуулийн шинэчлэл нь манай улстөрийн намуудын төлөвшилд эергээр нөлөөлөх ёстой. Иргэдийн саналыг бодитойгоор тусгах дэвшилттэй зүйл явагдаж байхад Үндсэн хуулийн цэц хойш татах улстөрийн зорилго агуулахгүй байх. Ер нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт бий. Түүнийг заавал мажоритари байх ёстой гэж хэсэг хуульч тайлбарладаг. Нэг хэсэг хуульч нь биш ээ шууд сонгоно гэдэг нь дундаа ямар нэг зуучлагчгүйгээр саналаа өгнө гэсэн санаа гэж тайлбарладаг.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ЦЭЦ ДЭЭР ОЧИХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Сонгуулийн хуулиа ямар ч гэсэн баталчихлаа. Гэхдээ энэ хуулийн зарим заалт Үндсэн хуулийн цэц дээр очихыг үгүйсгэхгүй. Угаасаа ингэх сонирхолтой хүмүүс байгаа байх. Гэхдээ тийм зүйл болвол Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргах байлгүй. Би одоо тэгнэ гэж өмнөөс нь хариу хэлж болохгүй биз дээ.

Р.РАШ: ЦЭЦИЙН ӨМНӨӨС ТАЙЛБАР ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ

Үндсэн хуулийн заалтад байгаа шууд сонгох ёстой гэсэн утгаар яаж хандахыг Цэцийн өмнөөс эрт тайлбар хэлэхэд хэцүү. Үндсэн хуулийн цэцийн шийдэх асуудал. Ер нь пропорциональ сонголт гэдэг нь одоогийн мөрдөж байгаа хуулийг тэгтлээ гажаад байна гэсэн хатуу дүгнэлт хийхэд бас хэцүү. Тодорхой элементүүд бий л дээ. Пропорционалийн тодорхой элементнүүд нь шууд гэж хэлж болохоор ийм зүйлүүд ч байгаа шүү дээ.

Ж.ЭНХБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН АГУУЛГАТАЙ ЗӨРЧИЛДӨЖ ТААРАХ НЬ

-Пропорциональ буюу 28 дээр жагсах нэр дэвшигчид иргэдээс санал авахгүй болж харагдаж байгаа. Ингэхээр Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж таарах нь. Гэхдээ нэг хэсэг нөхөд маань 76 нэр дэвшигчээ нэр заачихсан болохоор УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хангана гэж тайлбарлаад байгаа л даа.

Н.ГАНБЯМБА: БҮХ АСУУДЛАА ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Үндсэн хуулийн цэц дээр очихоос өмнө УИХ тооцох хэрэгтэй л дээ, энэ бүхнийг. Хууль батлагдсаны дараа ёсчлох, ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих, Үндсэн хуулийн цэц дээр гомдол гарвал хэдий хугацаанд яаж хэлэлцэх вэ гэдгээ тооцоолох ёстой. Энэ бол УИХ-д хамаагүй асуудал биш, хамгийн хамаатай. Иймд ондоо багтаад дараа, дараагийн бүх асуудлаа цэгцлэх хэрэгтэй.

 Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж