
Монголын ширэн бээлийтнүүд өнөөдөр хагас шигшээгийн тоглолтоо хийснээс олимпийн аварга Э.Бадар-Ууган Хятадын тамирчныг ялснаар маргааш аваргын төлөө тоглох эрхтэй болсон байна. Бэртэл гэмтлийн улмаас багагүй хугацаанд тулааны рингнээс хол байсан тэрбээр Бээжингийн олимпийн наадмаас хойш хоёр дахь тэмцээндээ оролцож буй. Тэрбээр олимпийн дараах жил буюу 2009 онд Казахстанд болсон тэмцээнээс хүрэл медаль зүүснээс хойш гадаадын болон дотоодын тэмцээнд оролцоогүй юм. Энэ удаагийн тэмцээнд Э.Бадар-Ууган жин өгсч тоглож байгаа ч учраа болгоноо төвөггүй ялснаар финалдаад байна. Тэрбээр тэмцээний эхний тойрогт Казахстаны тамирчныг 12:2, дараа нь Узбекистаны боксчныг 12:8 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангажээ. Харин өнөөдөр Хятадын тамирчинтай нударга зөрүүлж, 14:3 оноогоор буулган авсан байна. Түүний маргаашийн өрсөлдөгч нь рингний эзэн орны тамирчин юм.
Алматыгийн рингэнд тулалдаж буй Монголын тамирчдаас мөн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 56 кг-д тоглож, финалд шалгарчээ. Харин дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт /52 кг/, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтод дийлдсэн байна. Н.Төгсцогтын тухайд Казахстан болон Узбекистаны боксчдыг илт давуу ялж, медалийн болзол хангасан ч өнөөдөр ОХУ-ын тамирчинд ялагджээ. Өнөөдөр орой 81 кг-д С.Эрдэнэбаяр мөнгөн медалийн төлөө тоглоно. Харин З.Энхзориг /64 кг/, Н.Шинэбаяр /75 кг/ нарын манай бусад тамирчид тэмцээнээ дуусгажээ.
Ийнхүү Монголын ширэн бээлийтнүүдээс Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол Н.Төгсцогт, Б.Түвшинбат нар хүрэл медалийн эзэд болоод байна.