
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараа нь Газрын тосны үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд тодорхой хэмжээгээр төрийн оролцоотой газрын тосны үйлдвэр байгуулна гэснийг зарим талаар шүүмжилж байна. Төр бүх юманд оролцох нь өөрөө учир дутагдалтай, үндэсний аж ахуйн нэгжүүддээ энэ эрхийг нь олгох хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн энэхүү тогтоолд газрын тосны ордоо түшиглэсэн 10 хувь нь төр оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах нь эргээд нефтийн бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэх, үнийн өсөлт үүсэхэд түүнд нөлөөлдөг байх зорилгоор зориудаар оруулсан заалт гэж үзэж байна. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж дуусгаснаар хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
Г.Дарь