Өнөөдөр болсон нэгдсэн хуралдаанд багш нар Нийгмийн гурван талт хэлэлцээрийн 3.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналыг НХХЯ болон Ажил олгогч, эздийн холбоонд хүргүүлсэн байна. Энэ хэсэгт төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, гуравдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэх, мөн ажил хаялтад оролцож байгаа хүмүүсийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээгээр цалинжуулах гэсэн санал ирүүлсэн нь хэлэлцээ хойшлох гол үндэслэл болжээ. Учир нь зөвхөн багш, эмч нарын цалингийн асуудлаар ажил хаялт зарлачихаад хэлэлцээний үеэр “төрийн болон төсөвт байгууллагын” гэсэн нэр томъёо оруулсан нь тодорхой шийдэлд хүрч чадахгүйд хүргэсэн байна. Үүнээс гадна Ажил олгогч, эздийн холбоо багш нарын тавьж буй саналтай танилцаж дуусаагүй, удирдах зөвлөлийн хурлаа хийгээгүй учир дахин хэлэлцээ хийх болжээ.
Нэгдсэн хуралдаанд оролцсон НХХ-ийн сайд Т.Ганди “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэлэлцээрт орох төлөөллөө тодорхой болгохыг хүсч байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор энэ асуудлыг танилцуулна” гэсэн байна.