Хөгжлийн банкны бонд үнэд хүрэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны бонд үнэд хүрэх үү?

Монголын хөгжлийн банк Монголын түүхэнд анх удаагаа олон улсын зах зээл дээр бонд гаргахаар боллоо. 600 сая ам.долларын бондын хөтөлбөрийг дэлхийн нэр хүнд бүхий "Deutsche bank", "HSBC", "ING" хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжийн 20 сая ам.долларын санхүүжилт ч ороод ирчихлээ.

Бондын хүү долоон хувь буюу манайхтай ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад харьцангуй багаар гаргаж чадсан нь амжилт гэж Сангийн сайд С.Баярцогт онцолж байлаа. Түүнчлэн Монголын Хөгжлийн банк байгуулагдаад удаагүй байгаа ч ердөө таван сарын дотор бондын хөтөлбөрийг үзэглэж чадсан нь маш том амжилт хэмээн дүгнэж байв.

Юутай ч зөвхөн мөнгө байхгүй болохоор л төсөл, хөтөлбөрүүд хүлээгдээд байна, хурдлаач гэсэн шүүмжлэл энд хүрээд өндөрлөж байх шиг байна. Гэхдээ Монголын шинэ тутам байгуулагдсан Хөгжлийн банкны бонд дэлхийн зах зээл эргэлзээтэй, хүлээлттэй байгаа энэ үед гарахаар боллоо. Шинэ тутам банкны шинэ бонд арилжигдах болов уу гэх болгоомжлол одоо ч байсаар байна. "Шинэ тутам Хөгжлийн банкны бондыг гаргаж байхаар Засгийн газрын баталгаатай бондоо гаргах хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад асуулга тавьсан.

Харин Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх тэргүүн дэд захирал Л.Болормаа "Бид гэрээ хийсэн банкууддаа ямар ч үед санхүүжилтийг бэлэн байлгахаар нэлээд хатуу нөхцөл тавьсан. Энэ нөхцлийг "ING", "Deutsche bank", "HSBC" хүлээж авсан. Тийм учраас санхүүгийн зах зээл яаж ч эргэсэн Монголд орж ирэх санхүүжилт бэлэн байх болно" гэжээ.

Монголын Хөгжлийн банк яг бондоо гаргаж буй энэ үед Европын холбоо хямралыг даван гарах гарцыг хайж, хэлэлцээрт хүрлээ. Цаашид хоёрдугаар сараас эхлэн санхүүгийн зах зээл харьцангуй сайжирна гэх хүлээлт үүсчээ. Харин ирэх жил Засгийн газраас Хөгжлийн банкинд дахин 1.5 их наяд төгрөгийн бонд гаргах эрх олгоно гэж байгаа.

Тэгэхээр дэлхийн санхүүгийн зах зээлийн хандлага сайжрахтай зэрэгцээд Монголын Хөгжлийн банкнаас гаргах бондын хэмжээ ч нэмэгдэж таарах нь. "Бондын хөтөлбөр батлагдсан учраас дараагийн удаад бонд гаргахад тун хялбар байх болно. Хамгийн ихдээ л хоёр долоо хоног шаардлагатай" гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлж байсан.

Түүний хэлснээс үзвэл цаашид Монгол Улсын Хөгжлийн банкны бонд ямар нэгэн байдлаар гарахад төдийлөн хүндрэл учраад байхгүй нь. Гагцхүү зарагдах уу, хөрөнгө оруулагчдын хувьд Хөгжлийн банкны бонд найдвартай байх уу гэдэг нь асуудал. Монголын Хөгжлийн банкны бонд үнэд хүрч, шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх мөнгө авчрах болов уу.

Дэлхийн эдийн засгийн хямрал 2008-2009 онд нүүрлэж, арай чүү илааршлаа гэсэн чинь 2011 оноос эхлэн Европ, АНУ санхүүгийн хямралд орсон. Энэ нъ хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болж, дэлхийн томоохон эдийн засгуудыг эгээ л сөхрүүлэх шахав. Дэлхийн улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог S&P агентлаг АНУ-ын зэрэглэлийг түүхэнд нь анх удаа бууруулсан нь үүний хамгийн том дохио байх.

Харин энэхүү хямрал Монгол шиг орнуудын хувьд эсрэгээрээ сайн нөлөө үзүүлэх дүр зураг ажиглагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид АНУ, Европ зэрэг санхүүгийн "акул"-уудын бондыг худалдан авах нь багассан байна.

Харин эсрэгээрээ хөгжиж буй орнуудын бондыг илүү сонирхох болжээ. Энэ бол Монгол Улсын хувьд яах ч аргагүй сайн мэдээ юм. Монгол Улс уул уурхайн баялгаа түшиглээд ойрын хэдхэн жилийн хугацаанд Азийн цээжин дэх хамгийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд орох нь дамжиггүй болсон. Засгийн газраас ирэх оны эдийн засгийн өсөлтийг 27 хувь байхаар төсөөлж байгаа.

Манай урд хөршид хүртэл хэзээ ч ийм өндөр хэмжээний эдийн засгийн өсөлт нэг жилд тохиож байгаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. Товчхондоо Монгол Улсын ирээдүй тун гэрэлтэй байна. Тийм учраас Хөгжлийн банкны бонд ч бас хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх биз ээ.

Энэхүү өндөр өсөлт, хөгжилд шинэ тутам байгуулагдаж буй Хөгжлийн банк хамгийн чухал үүрэгтэй байх учиртай. Тэгэхээр монголчууд өөрсдөө ч бас Хөгжлийн банкиндаа итгэж, Хөгжлийн банкаа дэмжих ёстой болов уу.

Л.Энхдэлгэр

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж