Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Нэмэгдсэн өртөг бүхий махны экспортыг дэмжих асуудал” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр МҮХАҮТ-ийн байранд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор А.Бакей, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар болон махны бизнес эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. “Монголын махыг экспортлохын тулд аюулгүй орчинд шинжилгээг хийх хэрэгтэй. Гэхдээ монголын махны стандартыг дэлхийн улс орон хүлээн зөвшөөрдөггүй. Гаднаас заавал хүн ирж, итгэмжлэл үзүүлж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Тиймээс энэ талын харилцааг боловсронгуй болгох ёстой” гэж ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Б.Энхтуяа ярьж байсан юм. Мөн тэд махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд гадны хүмүүстэй хамтрахаас гадна, төрөөс бодлогын төвшинд зохицуулалт хийх ёстойг онцолж байлаа. Энэхүү зөвлөгөөний дараа 11 зүйл бүхийн зөвлөмжийг баталж, тус зөвлөмжийг холбогдох яам, Тамгын газар болон Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Б.Болорсүх