Улсын 2012 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулан аймаг,
нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Төрийн ордонд чуулж байна.
Тэдэнтэй сая Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг уулзлаа.
Хэдийгээр төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байсан ч аймгууд тал мөнгийг нь
гаргаж байр, унааныхаа асуудлыг шийдэхийн төлөө ажилласанд Тэргүүн шадар
сайд Засаг дарга нарт талархал илэрхийллээ. Иргэдийнхээ бүртгэлийг
сайжруулсан тэдэнд үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэхийн чухлыг сануулав.
Дараа нь Тэргүүн шадар сайд чөлөөт бүсийн асуудлыг хөндсөн юм.
Чойр, Цагааннуурын чөлөөт бүсийн асуудлыг түр хойшлуулахаар болжээ.
Харин Замын-Үүдийн чөлөөт бүсд Хятадын Засгийн газраас авах 300 сая
ам.долларын зээлийн 30 саяыг оруулахаар болжээ. Чөлөөт бүсийн нутаг
дэвсгэрийн гуравны нэгийг дэд бүтэцтэй болгох аж. Ингэснээр Замын-Үүдийн
чөлөөт бүсийн байдал нааштайгаар эргэхээр болсон байна.
Алтанбулагийн
чөлөөт бүсийн ажлыг ирэх 2012 оны намраас “хөдөлгөхөөр” болжээ. Гэхдээ
төсөвт оруулсан мөнгөнөөс танагдсан тал бий гэнэ. Алтанбулагт бохирын
цэвэрлэх байгууламж байхгүй. Иймд Сэлэнгийн төв Сүхбаатар сум хүртэл
хоолой татаж Алтанбулагийн бохирыг Сүхбаатарын цэвэрлэх байгууламжид
нийлүүлэх зураг төсөл гаргахаар болсон байна. Сүхбаатарын цэвэрлэх
байгууламжийн дөнгөж 30 хувийг ашигладаг тул ингэх боломжтой гэж үзжээ.