Дараа нь Тэргүүн шадар сайд чөлөөт бүсийн асуудлыг хөндсөн юм. Чойр, Цагааннуурын чөлөөт бүсийн асуудлыг түр хойшлуулахаар болжээ. Харин Замын-Үүдийн чөлөөт бүсд Хятадын Засгийн газраас авах 300 сая ам.долларын зээлийн 30 саяыг оруулахаар болжээ. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн гуравны нэгийг дэд бүтэцтэй болгох аж. Ингэснээр Замын-Үүдийн чөлөөт бүсийн байдал нааштайгаар эргэхээр болсон байна.
Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлыг ирэх 2012 оны намраас “хөдөлгөхөөр” болжээ. Гэхдээ төсөвт оруулсан мөнгөнөөс танагдсан тал бий гэнэ. Алтанбулагт бохирын цэвэрлэх байгууламж байхгүй. Иймд Сэлэнгийн төв Сүхбаатар сум хүртэл хоолой татаж Алтанбулагийн бохирыг Сүхбаатарын цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зураг төсөл гаргахаар болсон байна. Сүхбаатарын цэвэрлэх байгууламжийн дөнгөж 30 хувийг ашигладаг тул ингэх боломжтой гэж үзжээ.