“Улаанбаатар таймс” сонин МСЭ-д хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар таймс” сонин МСЭ-д хандлаа

“Улаанбаатар таймс” сонин нь 83 жилийн
түүхтэй Монголын ууган хэвлэлийн нэг билээ.  Гэтэл сүүлийн 10 гаруй жил
менежментийн хувьчлалтай холбоотойгоор сонины үйл ажиллагаа доголдон,
сэтгүүлчдийн бүтээлч үйл ажиллагаанд бодитой саад бий болж сонин болон
хамт олны  хувь заяа бүрхэг болоод байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө манай сонины хамт
олон эдэлж чадахгүй хэд хэдэн оныг үдлээ.

Менежментийн хувьчлал явагдсанаас хойш сонины хамт олон  жил ирэх тутам
сэтгэл зүйн болон эдийн засгийн  байнгын хямрал дарамттай явсаар ирлээ.
Үүнийг сонины үйл ажиллагаанд үүсээд байгаа дараах нөхцөл байдлаас харж
болно.

  •  Ажилчид цалингаа хугацаандаа тогтмол авч чаддаггүй, бүтэн нэг,хоёр сараар ч  хойшлогдож байсан тохиолдол олон.
  • Нийгмийн асуудал ор тас орхигдсон. Энэ талаар дуугарах ч хэрэггүй байлаа.
  • Нийгмийн даатгал төлөгдөөгүй олон сар, жил болсон. Тэр бүү хэл
    6-7 жил нийгмийн даатгалын дэвтэр дээр хуурамч тамга дарж бидний эрх
    ашиг хохирсон нь шалгалтаар илэрсэн. Үүнээс болж өнөөдөр бид өвдөх ч
    эрхгүй болоод байна. Бас ямар нэг зээл тусламжинд хамрагдах ямар ч
    боломжгүй болсон. 2011 оны 9 дүгээр сарын байдлаар буюу сонины дуудлага
    худалдаа болохоос өмнө Нийгмийн даатгалд 27.507.411 төгрөгийн өртэй
    байна.
  • Жирэмсний амралтаа авсан ч жирэмсний өмнөх болон дараах
    тэтгэмжийн мөнгөө увуулж цувуулж жил дамнан авч байсан тохиолдол олон
    бий.
  • Менежментийн хувьчлалаар авсан багийнхан сонины хэвийн үйл
    ажиллагаанд анхаарал тавьдаггүйгээс болж сонины захиалга буурч саяхныг
    хүртэл 300 гаруй ширхэг хэвлэгдэж байсан юм. Сонины хэвлэлтийн зардлын
    өр олон сар, жилээр хуримтлагдсан.
  • 2005 оноос хойш долоон жил өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
  • Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн байр хэмээх алдартай
    манай сонины үйлдвэр тухайн үедээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй
    байсан. Энэ үйлдвэр хувьчлалын хугацаанд бусдын гараар орж үрэгдсэн.
    Тиймээс өнөөдөр бид сониноо “Соёмбо принтинг”-д хэвлүүлж байна. Үүнээс
    улбаатайгаар хэвлэх үйлдвэрт олон жил ажилласан ахмадууд харьяалалгүй
    болсон.

Харин  нээлттэй дуудлага худалдааг нийслэл Өмч хувьчлалын комиссоос 
зохион байгуулснаар  манай сонины захиалга 2000 хүрсэн агаад үйл
ажиллагаа жигдэрч, өнгө төрхөө ч өөрчилсөн. Ер нь манай сонины болон
хамт олны хувь тавилан улстөрчдийн зарга, өш хонзонгийн “тулаан”-д
хэлмэгдэх болсон нь нэгэнт тодорхой бөгөөд эрхэм сэтгүүлчид энэ талаар
хангалттай мэддэг хэмээн бид боддог билээ. Сүүлийн үед эл байдал дахин
сөхөгдөж, сэтгүүлчдийн ажил болон редакцийн бодлого үйл ажиллагаанд улс 
төрийн  тодорхой нам,  хөдөлгөөнүүд өөрсдийн бодлого нөлөөллөө тогтоох
гэж оролдох боллоо. Дашрамд дуулгахад, 2011 оны 8 дугаар сарын 26–нд
болсон нээлттэй дуудлага худалдаагаар сонины 60 хувь зарагдаж, хамт олон
бид 40 хувиа эзэмших болсон юм. Ингэснээр  НИТХ-ын тогтоолоор 40 хувийг
эзэмших эрхтэй болсон манай хамт олон эрх ашгаа хамгаалуулахаар
сэтгүүлчдийнхээ байгууллагад хандаж байна. Бидний эрхийг хамгаалан
хэвийн ажиллах боломжийг хангахад тусална гэдэгт итгэж байна. Сүүлийн
үед манай сонинг хуучин хэвлэх үйлдвэрийн хамт дахин золионд гаргах
санаархал гарган янз бүрийн мэдэгдлийг хийх боллоо. Дашрамд дуулгахад,
дуудлага худалдаа явагдсанаар бидний хаягдсан эрх ашиг сэргэж эхэлсэн
бөгөөд улстөрчдийн  ашиг сонирхлын гол цөм болсон хуучин хэвлэх
үйлдвэрээс салсан гэдгийг энд дурьдах нь зүйтэй болов уу. Гэхдээ өдгөө
бид дахин хэн нэгний гар хөл, ашиг сонирхлын золионд өртөхийг хүсэхгүй
байна. Бидний эрх ашгийг хамгаалж, тодорхой арга хэмжээ авахыг МСЭ-ээс
хүсч байна. Өөрөөр хэлбэл бид наймдугаар сарын 26-ны дуудлага худалдааг
түдгэлзүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.

“Улаанбаатар таймс” сонины хамт олон.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж