Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын 2009 оны аудитын нэгдсэн тайлан гарчээ. Энэхүү дөрөв дэх удаагийн тайлангийн аудитыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсaын Харт Нойрс Лтд болон Монголын “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн хамтарсан консорциум хийж гүйцэтгэсэн байна. Энэ удаагийн тайланд хамрагдагсдын тоо 2006 оныхтой харьцуулахад дөрөв дахин өсчээ. Тодруулбал, 2009 оны нэгдсэн тайланд олборлох үйлдвэрлэл эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая болон түүнээс дээш төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 101 компани хамрагджээ. Энэхүү 101 компанийн тайланг Засгийн газрын хүлээн авсан дүнтэй тулган аудит хийсэн байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланд хамрагдсан 101 компанийг эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл алтны 53, нүүрсний 14, төмрийн 6, жоншны 6, зэс молибдений 3, газрын тосны 2, бусад 17 компани байна. Мөн тайланд төр, засгийн 23 яам агентлаг, 26 төсвийн байгууллага, 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, 120 сумын Засаг даргын тамгын газар хамрагджээ.
Засгийн газрын хүлээн авсан орлого 737.8 тэрбум
2009 оны тайланд нэгтгэгдсэн татвар, төлбөр, хураамж, хандивын нийт хэмжээ 737.8 тэрбум төгрөг болжээ. Орлогын 50 гаруй хувийг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр дангаар бүрдүүлсэн байна. Компаниудаас улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж хандивыг жагсаавал:
• Татвар-300,6 тэрбум төгрөг
• Төлбөр-138,3 тэрбум төгрөг
• Хураамж, үйлчилгээний хөлс-11,2 тэрбум төгрөг
• Төрийн болон орон нутгийн өмчийн ногдол ашиг-104 тэрбум төгрөг
• Хүлээн авагч Засгийн газарт төлсөн бусад төлбөрүүд-169,5 тэрбум төгрөг
• Төрийн байгууллагад үзүүлсэн хандив дэмжлэг-6,8 тэрбум төгрөг
• Байгаль хамгаалах арга хэмжээний зардал-6,9 тэрбум төгрөг
Хамгийн их хандив өгсөн компани “Энержи ресурс” байсан бөгөөд нийт 2,7 тэрбум төгрөг хандивлажээ. Харин хамгийн их хандив тусламж хүлээн авсан аймгаар 3,3 тэрбумыг авсан үзүүлэлтээрээ Өмнөговь аймаг тэргүүлжээ. ОҮИТБС-ын 2009 оны тайлангаа гаргаагүй 41 компанийг нийт 31 сая 500 мянган төгрөгөөр торгожээ.
Хаачсан нь мэдэгдэхгүй 58,1 сая төгрөг
Засгийн газрын төлсөн болон компаниудын төлсөн татвар, төлбөр, хураамжаас 58,1 сая орчим төгрөгийн зөрүүг Аудиторын байгууллага нотолжээ. Үүнийг 2008 оны тайлангийн 425 сая төгрөгийн зөрүүтэй харьцуулахад хамаагүй бага байна гэж тайлан гаргагчид мэдэгдэж байлаа. 2009 оны тайлангаар нотлогдсон зөрүү нь 21 компанийн тайлантай холбогдож байгаагаас “Арева Монгол” ХХК-д холбогдох нь хамгийн их буюу 18,9 сая төгрөг байв. Энэ удаагийн тайланд шийдвэрлэгдээгүй татварын зөрүү гараагүй байна. Харин байгаль хамгаалах зардал болон төр засгийн байгууллагад үзүүлсэн хандив дэмжлэг хамгийн их зөрүүтэй байсан юм. Байгаль орчныг нөхөн сэргээх зардлын 50 хувийн урьдчилгааг хайгуул хийж буй сумдын Засаг даргын тамгын газрын тусгай дансанд байршуулах ёстой байдаг. “Адамас майнинг”, “Арева Монгол”, “Бэрэн групп”, “Их Монгол майнинг”, “Поло Ресорсиз”, “Тефис майнинг”, “Хангад эксплорэйшн” зэрэг компани 50 хувийн урьдчилгаагаа байршуулсан боловч тэдгээрийг хүлээн авсан тухай нотолгоог аймаг, сумдаас өгөхгүй байгаа тул ийн зөрүү үүсчээ. Мөн компаниудаас төр, засгийн байгууллагад үзүүлсэн хандив, дэмжлэгийг хүлээн авсан яам, агентлаг болон төсвийн байгууллагууд хүлээн авснаа нотлохгүй байгаагаас шалтгаалан 21,7 сая төгрөгийн зөрүү үүсчээ.
Ил тод байдлын санаачлагыг орон нутагт илүү нээлттэй болгоё
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа:
Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах компаниуд тайлангаа өгч байгаа. Богино хугацаанд үйл ажиллагаа явуулах жижиг, дунд компаниуд үүнд ач холбогдол өгөхгүй байна. Тиймээс Ил тод байдлын санаачлагын тухай тусдаа хууль гаргах хэрэгтэй юм. Хуультай болчихвол бүх компани хамрагдах болно. Компаниуд тайлангаа өгөх энэ үйл ажиллагааг албан байдлаар хүлээж авахгүй байгаагаас бэрхшээл үүсч байна. Харин Ассоциацийн гишүүн байгууллагууд энэ ажиллагааны ач холбогдлыг ойлгоод идэвхтэй оролцож байгаа. Ингэж тайлан мэдээллээ олон нийтэд ил болгох нь тухайн компанийн нэр хүндэд ч эерэгээр нөлөөлнө. Ил тод байдлын талаарх мэдээллийг орон нутаг руу чиглүүлж чадвал их ач холбогдолтой юм. Орон нутагт уул уурхайн компаниуд хандив дэмжлэг их үзүүлдэг. Тиймээс орон нутагт энэхүү мэдээлэл нь ил тод байгаасай гэж уул уурхайн компаниуд хүсч байгаа байх.
Компаниуд хэдийг төлөх ёстой байгаад хэдийг төлснийг бас ил болгох хэрэгтэй
Нээлттэй нийгэм форумын мэргэжилтэн Н.Дорждарь:
2012 оны улсын төсвийг харахад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхэд 270 сая төгрөг төсөвлөсөн байсан. Ингэж мэдээллийг илүү нягтлах, аудиторын үйл ажиллагаанд зарцуулагддаг хөрөнгийг Засгийн газраас гаргаж байгаа нь сайшаалтай. Мөн ЕСБХБанкнаас 400,000 гаруй еврогийн төсөл хэрэгжүүлж байна. Ингээд нийлүүлээд бодохоор 2012 онд нэг тэрбум орчим төгрөгийн төсвийг уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг дэмжихэд зарцуулах нь. Бид санаачлагынхаа хүрээнд баталгаажуулалт буюу үнэлгээний ажлыг өмнө нь хийсэн байгаа. Дээрээс нь стратегийн дунд хугацааны санаачлагыг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Өнөөдөр бид энэ санаачлагаар компаниуд олон нийтэд юү төлснийг ил болгохыг зорьж байна. Гэтэл өмнө хийсэн ажлуудаа харахад манай тайлангууд хугацаа нэлээд алдаж гарч байгаа нь ажиглагдлаа. Ийм хуучин мэдээллийг иргэд сонирхохгүй байна. Өнөөдөр 2009 оны тайлангийн талаар ярьж байгаа нь иргэдийн анхаарлыг төдийлөн татахгүй. Тэгэхээр аль болохоор тайлангаа хурдан гаргах шаардлагатай болж байгаа юм. Ингэж богино хугацаанд тайлангаа гаргая гэхэд компаниуд тайлангаа хоцорч өгдөг, Засгийн газраас тайлангаа удаадаг зэрэг хүндрэлүүд байдаг. Компаниас хэдэн төгрөг авсанаа ил болгож байгаагаас гадна хэдийг төлөх ёстой байгаад хэдийг төлснийг нь бас ил болгох хэрэгтэй.
Төрийн албан хаагчид ажилдаа хайнга ханддагийн жишээ
ОҮИТБС-ын тайланг гаргаснаар уул уурхайн компаниудын орлого зарлагыг ил тод болгохын хажуугаар төрийн албан хаагчдын ажилдаа хэрхэн ханддагийг ч бас ил болгожээ. Жишээ нь: Тайлангийн нэгтгэл ажил эхлээд компаниуд руу албан бичиг илгээж, дэлгэрэнгүй мэдээлэл авсны үндсэн дээр аймаг, нийслэл, сум дүүргийн татварын байгууллагуудад албан бичиг илгээж хариу авах гэхээр “манайд төлөөгүй байна, баазад мэдээ алга” гэх мэт хариу хэлдэг байна. Тэгээд протокол үйлдэх гэхээр “Өө байна” гээд мэдээллийг гаргаад ирдэг. Энэ мэтээр төрийн албан хаагчдын ажилд хандах хандлага, мэргэжлийн ур чадвар дутмаг байна гэдгийг аудиторын багийнхан шүүмжилж байв. Мөн ажлын хэсгийн анхны хуралдааны шийдвэрийг хуралд оролцсон АМГ-ын мэргэжилтэн санхүү, эдийн засгийн тасгийн ажилтнууддаа танилцуулаагүйгээс болоод тухайн тасгаас мэдээлэл авч чадахгүй хугацаа их алдсан тал ч гарчээ. Ашигт малтмалын газрын зарим хэлтэс тасаг нь “Байгууллагын дотоод нууц, эдгээр уул уурхайн компанийн зөвшөөрөлгүйгээр бид мэдээлэл гаргаж өгөхгүй” гэх мэтчилэн хэрэгтэй мэдээллийг өгөхөөс татгалздаг нь тайлангийн “ил тод” гэсэн утгыг алдагдуулж байгаа аж. Компаниудын хувьд яам, агентлагт өгсөн хандив, дэмжлэгийн баримтаа гаргаж өгөхдөө эргээд биднийг аливаа зүйлээр дарамтлах вий гэсэн болгоомжлол байдгийг ч аудитын багийнхан онцлон анхааруулж байлаа.
О.Хосцэцэг