Дэлхийн II дайны үеэр Японы армийн цэргүүдэд секс боол болж байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд Сөүл дэх Японы элчин сайдын яамны гадна 1000 дахь удаагийн жагсаалаа зохион байгуулжээ. Секс боолчлолд автаж байсан хэсэг эмэгтэйчүүд, мөн тэднийг дэмжигчид үндэсний хувцастай залуу эмэгтэйн хөшөөг ЭСЯ-ны гадна байрлуулсан байна. Жагсагчид 1992 оноос эхлэн Японы ЭСЯ-ны гадна жил бүр жагсч, Японы зүгээс дээрх хэргийн төлөө уучлал гуйж, нөхөн төлбөр өгөхийг шаарддаг аж. Японы талаас өмнө нь хэд хэдэн удаа уучлал хүсч, нөхөн төлбөр төлсөн ч БНСУ-ын эмэгтэйчүүд үүнийг хангалтгүй гэж үздэг гэнэ. Япончууд мөн 1960-аад оны үед Өмнөд Солонгостой энэ талаар хэлэлцээр хийж байсан хэмээн тайлбарладаг.
Дэлхийн II дайны өмнө болоод дайны үеэр 200 мянга гаруй эмэгтэй Японы армийн цэргийн баазуудад секс боол болж байжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь Өмнөд Солонгосынх байсан гэнэ.
Японы ЭСЯ-ны гадна байрлуулсан хөшөөний тухайд Японы тал эсэргүүцсэн байр суурьтай байгаа ч БНСУ-ын албаны хүмүүс энэ асуудлаар ямар нэг арга хэмжээ авах боломжгүй гэсэн байна. Энэ долоо хоногийн сүүлээр БНСУ-ын ерөнхийлөгч И Мён-Бак, Японы ерөнхий сайд Ёшихико Нода нар Токио хотноо уулзалдах бөгөөд дээд хэмжээний энэ уулзалтын үеэр тэрхүү хөшөөний тухай ярих нь ичмээр зүйл хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч ярьжээ.
С.Нямтуяа