“Эрдэнэт” татвар төлөгчдийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” татвар төлөгчдийг тэргүүлж байна

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын  санаачлагыг зохион байгуулах, хянан зохицуулах Үндэсний зөвлөлийн 2009 оны аудитын нэгдсэн тайлангийн талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Долгор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг юм байна. Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын  санаачилгыг зохион байгуулах, хянан зохицуулах Үндэсний зөвлөл нь 2005 оноос хойш уул уурхайн хөгжлийн чиглэлээр олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулж, үүнд иргэний нийгмийн ажиллагааг хандуулж иржээ. Мөн энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дөрөв дэх орон болсон байна. Үндэсний зөвлөлийн 2009 оны аудитын нэгтгэсэн тайланг Английн “Харт Нойрс Лтд” компани, Монголын “Улаанбаатар аудит корпорац” ХХК-ийн хамтарсан консерциум гүйцэтгэсэн байна.

Үндэсний зөвлөлийн 2009 оны тайланд олборлох үйл ажиллагаа эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая, түүнээс дээш төгрөгийн татвар төлсөн 101 компанийг хамруулжээ. Мөн 23 яам, агентлаг, төсвийн 26 байгууллага, 20 аймаг, нийслэлийн зургаан дүүрэг, 120 сумын ЗДТГ хамрагдсан байна.

Тайланд бүртгэгдсэн татвар, төлбөр, хураамж, хандивын нийт хэмжээ 737,8 тэрбум төгрөг болсон байна. Энэ мөнгөний 50,3 хувийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлвэр дангаараа бүрдүүлжээ. Тайлангийн зөрүү хамгийн их гаргасан компани нь 18,9 сая төгрөгийн зөрүүтэй тайлан гаргасан “Арева Монгол” компани байжээ. Байгаль хамгаалах зардлын 50 хувийн урьдчилгаатай холбоотой 31,7 сая төгрөгийн шийдвэрлэгдээгүй зөрүү “Адамас майнинг” , “Арева Монгол”, “Бэрэн” групп, “Их Монгол” майнинг, “Поло ресорсиз” зэрэг компаниуд дээр үүссэн байна. Тэдгээр байгууллага байгаль орчныг нөхөн сэргээх зардлын 50 хувийг хайгуул хийж буй сумдын Засаг даргын Тамгын газрын холбогдох дансанд байршуулсан ч хүлээн авсан нотолгоогоо аймаг, сумд гарагж өгөөгүйгээс ийм байдал үүссэн байна.

Хамгийн их татвар, төлбөр, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн компаниар 2009 онд 358,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 142,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Айвенхоу Майнз /Оюутолгой/ компани, 38,9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Бороо гоулд орсон бол тэдний араас МАК, Петрочайна Дачин Тамсаг, Сауз Гоби, Энержи ресурс, Цайрт минералз, Болд Төмөр Ерөө гол, Гацуурт зэрэг компани жагсчээ.

Үндэсний зөвлөл 2010 оны тайланг шинэ оны өмнө гаргах юм байна. 2010 оны тайланд 274 компани хамрагдсанаас 177 нь олборлох, 87 нь хайгуулын, 10 нь газрын тосны чиглэлээр ажиллаж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас уул уурхайн ил тод байдлын талаар хууль гаргахаар төсөл боловсруулж Засгийн газарт оруулсан ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тусгай хууль байх нь тохиромжгүй гэсэн үндэслэлээр дэмжээгүй байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж