Баянзүрхийн товчооноос хотын төв рүү чиглэсэн зам дагуу, Улиастайн гүүрний орчимд өнөөдөр 12.00 цагийн үед Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлийн том оврын автобус суудлын автомашины араас мөргөсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас “Toyota Grand Mark II” маркийн автомашины арын суудалд сууж явсан хоёр хүн газар дээрэ нас барсан байна. Мөн суудлын тэрэгний жолооч хүнд гэмтэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Харин том оврын автобусны жолооч, зорчигчид гэмтэж бэртээгүй байна. Одоогоор ослын газарт үзлэг үргэлжилж байгаа бөгөөд ОБЕГ-ын Шуурхай бүлэг 105, цагдаагийн ажилтнууд ажиллаж байна. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байгаа тул тэр хавийн замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа талаар манай сурвалжлагч мэдээллээ. Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно. 

С.Отгон