Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан, “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, “Монгол тэмүүлэл-сайхан Монгол орон” төрийн бус байгууллагын тэргүүн А.Шагдарсүрэн болон гэр бүлийнхэн нь “Номин” гэдэг нэртэй салшгүй холбоотой. А.Шагдарсүрэн Р.Содном нар Ш.Уламбаяр, Ш.Баяр­сайхан, Ш.Энхбаяр хэмээх гурван хүүтэй бөгөөд Монголын жирийн нэгэн сэхээтэн гэр бүл. Өрхийн тэргүүн А.Шагдарсүрэн нь Ховд аймгийн Булган суманд дайны жилд төрж өссөн айлын отгон хүү юм. Түүний хүүхэд нас малын түүхий эдээс авахуулаад хэрэгцээтэй бүхнийг Зөвлөлт холбоот улс руу /одоо ОХУ/ зөөж байсан тийм л цаг үед өнгөрчээ. Мөн баруун зүгээс Османы дээрэмчид ирж, хилийн будилаан үүсгэдэг байсан гэдэг. А.Шагдарсүрэн энэ тухайгаа хүүрнэхдээ “Тэр үед “Османууд ирлээ” гээд л гэр орноо хаяад, тариа будаагаа газарт булаад ууланд гарч бүгдэг байсныг санаж байна. Заримдаа худал цуурхал байдаг. Гэхдээ ихэвчлэн үнэхээр ирээд хамаг мал хуйг маань хөөгөөд явчихдаг байж билээ. Манайхан мэдээж зүгээр суухгүй. Баг бүрдүүлж Османыхны араас хөөж, мал хунараа олж ирнэ. Харин Османтай гэрээ хэлэлцээр хийхэд их хэцүү байсан гэж нутгийнхан ярьдаг юм. Хожим нь баруун хязгаарыг амар тайван байлгах үүргийг 50 винтов, бусад буу зэвсгийн хамт Османд хүлээлгэн өгсөн. Тэр үед манай сумын иргэд жагсаж, жагсаалын урдуур маршал Х.Чойбалсан, Осман хоёр явж бөөн сүр болж байв” гэсэн юм. Тэрбээр барилгын инженер мэргэжилтэй. Энэхүү мэргэжлээ эзэмшсэнийхээ дараа 15 дугаар хорооллын эхний дөрвөн барилгыг барихад гар, бие оролцсон гэдэг. Ийнхүү барилгын салбартаа найман жил ажилласны дараа Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд орж, Барилга, ой мод боловсруулах үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн даргаар ажилласан байдаг. Үүнээс хойш олон албан ажил хийсэн бөгөөд төрийн түшээ болтлоо дэвшсэн. Ингэж албан тушаал ахихад нь тулж, түшсэн хүн бол түүний хань Р.Содном юм. Тэрбээр Төв аймгийн Баян сумын уугуул, эмч мэргэжилтэй аж. Харин хожим “Номин холдинг” ХХК-ийг байгуулахад ур чадвар, оюун ухаанаа дайчлан зүтгэж, хувь нэмрээ оруулсан юм.

Анх 1992 онд “Номин-5” ху­виараа эрхлэх аж ахуй /ХЭАА/-г гэр бүлийн таван гишүүн хамтран байгуулжээ. “Номин-5” ХЭАА-гаа­раа хань Р.Содномынхоо урласан жижиг гар урлалын бүтээлүүдийг борлуулж, ашиг олдог байв. Үүний­хээ хажуугаар хямдхан элект­рон бараа авч, зарын дагуу хү­мүүст худалддаг. Мөн агуулахад хад­галж байсан  зарим барааг аван дэлгүүрүүдэд хямд үнээр тараах ажлыг нь дунд хүү Ш.Баярсайхан гардан хийдэг байжээ. “Номин-5” хэмээх нэрийг А.Шагдарсүрэн өгсөн гэдэг. Гэхдээ энэ нэр нь түүний ачтай холбоотой эмгэнэлтэй, харамсмаар түүхтэй. Ш.Баярсайханы хүү, А.Шаг­дар­сүрэнгийн ач Номин нэгхэн настайдаа өвчний улмаас нас барсан аж. Иймээс нялх ачийнхаа гэгээн дурсгалд зориулж компаниа ийн нэрлэжээ. Мөн хэд, хэдэн дуу зохиолгосон байдаг юм билээ. Түүний байгуулсан компани гэр бүлийн гэдгээрээ онцлогтой. Мөн хамаатан садан, худ ургийг нэгтгэхэд уг компани нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ. А.Шагдарсүрэн  “Номин-5” ХЭАА-н захирлаар дунд хүү Ш.Баярсайханаа сонгосон. Учир нь тухайн үед том хүү нь Орост сурч, отгон хүү нь дунд сургуулиа дөнгөж төгссөн болохоор Ш.Баярсайхан гэр бүлийнхээ бизнесийг удирдах болов. Компаниа хүүгээрээ удир­дуулж, өөрөө зөвлөж, ах дүүс нь хамтран ажилласан нь ёстой нөгөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг болсон юм. Харин хүүдээ компаниа хариуцуулчихаад өөрөө төрд зүтгэхээр сэтгэл шулуудсан аж. Тэрбээр анх их сургуулийн гуравдугаар курст байхдаа МАХН-д элсчээ. Намын анхан шатны байгууллагын ажлаас эхлэн бүгдийг хийж явсан А.Шагдарсүрэн нэг өдөр УИХ-ын 2000 оны сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа намын дарга Н.Энхбаярт хэлжээ. Хүсэлтийг сонссон намын дарга нь “Өрсөлдөөд үз” гэснээр Ерөнхий сайд, Ардын намын дарга Р.Амаржаргалтай Баянгол дүүрэгт өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Харин дараагийн удаа сонгуульд өрсөлдөх боломжийг нь нам олгоогүй учир дахин төрд зүтгэх боломж олдоогүй.

“Номин-5”-ыг “Номин холдинг” болгох нөр их ажлыг Ш.Баярсайхан гардан зохион байгуулсан. Залуу хүн гэхэд онох нь алдахаасаа илүү байсан нь өнөөгийн амжилтад хүрэх үүд хаалгыг нээсэн юм. Залуугаасаа наймаа гэж чухам юу болох, хэнд юу зарах гэх ойлголтыг мэдэрсэн нэгэн. “Номин холдинг” ХХК нь өдгөө 3000 гаруй ажиллагсадтай, жилд 16.5 тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг, 40 гаруй бизнесийн нэгжтэй болсон гээд тоочоод байвал барахгүй олон амжилтынх нь үндэс суурь нь Ш.Баярсайханы шүтэн биширдэг хүнтэй холбоотой. Тэрбээр хар багаасаа Майкл Жексоныг шүтэж, бүр түүний бүжгийг дуурайн бүжиглэж, уралдаанд түрүүлсэн байна. Дэлхийн томоохон од Сингапурт тоглох гэж буйг сонссон Ш.Баярсайхан өөрийн шүтээнээ үзэхийн тулд хамаг байдгаа шавхан Сингапурыг зорьжээ. Тоглолт үз­сэ­нийхээ дараа электрон барааны биз­нес эрхлэх хүсэл, зорилго өвөрт­лөн гэртээ ирэв. Бас болоогүй тухайн үед Монголд байгаагүй сүл­жээ дэлгүүрийг бий болгосон нь хүмүүст ихээхэн таалагдаж байлаа. Сүлжээ дэлгүүрүүдээ хо­тын төвөөр байршуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн эрэлд гарч, дуудлага худалдаанд хүч үз­сэн байдаг. Электрон барааг бор­луулах бизнесээ явуулахын тулд гуравдугаар хо­роололд талбай түрээслэн дэлгүүр нээн ажиллуулав. Дэлгүүр нээснээс хойш орлого нь нэмэгдсэн учир лангууныхаа тоог нэмж эхэлсэн аж. Харин одоо “Номин холдинг”-ийн мэдэлд Улсын их дэлгүүр, Номин их дэлгүүр, супермаркетийн сүлжээ, “Номин тэнгэр” цогцолбор, “Эрдэнэт хивс” үйлдвэр, экспорт, электрон барааны “Монел” үйлдвэр зэрэг олон салбар багтах болжээ. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 1 буюу хүүхдийн баяраар Номин нэртэй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулдаг. Энэ нь Ш.Баярсайханы хүүгийнхээ дурсгалд зориулсан олон үйл ажиллагааных нь нэг болов уу. Түүний дүү Ш.Энхбаяр нь “Номин холдинг”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал бол ах Ш.Уламбаяр нь Удирдах зөв­лөлийн гишүүн, Үйлдвэрлэлийн бизнесийн захирлын албыг хашдаг. Харин гэргий О.Ганчимэг нь “Но­мин хоум стайл” салбарынх нь захирал аж. “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан “АПУ” хувьцаат компанийн борлуулалтын албанд ажиллаж байхдаа гэргий О.Ганчимэгтэйгээ учирчээ. Ийнхүү дээр хэлсэнчлэн тэдний амьдралын түүх, хүсэл, зорилго, мөрөөдөл, эд эс бүхэн “Номин”-той холбоотой болохыг ажил, амьдралынх нь алдаа, оноо, замналаас нь харагдсан биз ээ.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж