
“Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хувьцааны 49 хүртэлх хувийг ирэх оны нэгдүгээр сарын 18-наас өмнө худалдан авах эрхтэй. Харин энэ хугацаа өнгөрсний дараа дахин нэмж хувьцаа авах эрхийг нь саяны хурлаар баталгаажуулсан. “Айвенхоу Майнз”-ын хувьд энэ байдлаас сэргийлж өнгөрсөн онд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндөж, олон улсад хувьцаагаа худалдана хэмээн хөөрцөглөж байсан ч шинэ гэрээ ёсоор “Рио Тинто”-ийн зөвшөөрөлгүйгээр хаашаа ч хөдөлж болохгүй болсон юм. Тиймээс одоо “Рио Тинто”-д 51 хувиа өгөхгүйн тулд “Айвенхоу Майнз” өрсөлдөгч компаниудынх нь анхаарлыг татаж, тэдэнд хувьцаагаа худалдах санал тавьж магадгүй хэмээн “Bloomberg” мэдээлжээ. “Рио Тинто”-оос гаргасан мэдээлэлд дурьдсанаар болж 2020 он гэхэд Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг дангаараа бүрдүүлэх Оюутолгой төслийг эзэмшиж байгаа нь “Айвенхоу Майнз”-ын цорын ганц давуу тал. Сиднейд төвтэй “Маcquarie”-ийн шинжээч Ли Бауверс “Айвенхоу Майнз” компанийнхан “Рио Тинто”-д бүх зүйлээ алдахгүйн тулд одоо л хөдөлж эхэлнэ” хэмээн дүгнэжээ. Үүнийг нотлох мэт “Айвенхоу Майнз”-ын төлөөлөгчид “Рио Тинто”-той хийж буй хуулийн маргаан цаашид үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Оюутолгойн олборлолт одоо болтол эхлээгүй байгаа. Үүнээс болж “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш өдөр ирэх бүр буурч байна. Тиймээс энэ бол хувьцааг нь хямдруулж байгаад худалдаж авах гэсэн “Рио Тинто”-ийн арга гэх таамаг ч байгаа юм.
Ямартай ч “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ыг мэдэлдээ авах зам нь дардан боллоо. Харин “Рио Тинто” хэний мэдэлд очих вэ. Нэгэн цагт Оюутолгойн төлөө өрсөлдөж байсан Хятадын “Чайналко” “Рио Тинто”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Үүнд Том Албанез эхэндээ дургүйцэж байсан ч эцэст нь Хятад дахь салбарын хоёр ажилтнаараа туг тахих шахаж, “Чайналко”-д бууж өгсөн юм. “Чайналко” компанийн хувьд “Рио Тинто”-ийн Оюутолгой дахь хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр удаж байна.