-Ж.Цэвээнжав: Монгол улс өрөмдлөгийн стандарттай болох хэрэгтэй-
Уул уурхайн салбарын хөгжил манай улсад нэг үеэ бодвол эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ одоогийн бүрэлдээд буй энэхүү хөгжлийг хайгуулын, тэр дундаа өрөмдлөгийн салбаргүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өрөмдлөгийн салбар одоо нэлээд өргөн хүрээтэй болж, идэвхи нь сэргэсэн хэдий ч он цаг үргэлж одоогийнх шиг ийм таатай байгаагүйг мэргэжилтнүүд ярьж байна. Тийм ч дээхнэ биш үед, одоогоос 15 жилийн өмнө Монгол улсын өрөмдлөгийн холбоо (МУӨХ) байгуулагдаж байсан тэр цаг үе бол өрөмдлөгийн салбарынхны хувьд ажил олдохгүй амаргүй жилүүд байжээ. Тухайн үед өрөмдлөгийн нэгдсэн холбоо байгуулах нь байтугай өрмийн компаниудад ч ажиллахад бэрх байсан тэр хэцүү цагт энэ холбоо байгуулагдаж, уг салбарын баганыг эдүгээ хүртэл түшилцсээр ирсэндээ холбооныхон сэтгэл өндөр байна. Маргааш уг холбоо 15 жилийн ойн хүрээндээ онол, практикийн хурал зохион байгуулах гэж байна.
Одоо бол усны хайгуул, газрын тос, геологи, уул уурхайн чиглэлүүдээр Монголын өрөмдлөгийн компаниуд ажиллаж байна. Монголын өрөмдлөгийн салбарын мэргэжилтнүүд болон компаниудын ажлын ур чадвар дэлхийн түвшинтэй зэрэгцсэн байгаа ч, өрөмдлөгийн холбооныхон салбарын хүрээнд ажиглагдаж буй зарим асуудлыг өнгөрсөн сард зохион байгуулсан Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаараа хөндөн ярилцсан юм. Энэ үеэр нь холбооны зарим гишүүнтэй ярилцлаа.
МУӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д. Батмөнх: Уул уурхайн ажлын хамгийн эхний алхмуудын нэг болох өрөмдлөгийн ажилд бидний анхаарах чухал зүйл бол чанарын асуудал юм. Ажлын гүйцэтгэл чанартай байхын тулд мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн компаниуд байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн бус хүмүүс олширсон байна. Өрөмдлөг хийнэ гэдэг нь мэргэжлийн ажил шүү дээ. Энэ ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийнэ гэдэг нь үндэсний аюулгүй байдалд хамаарах хэрэг юм. Холбоо болон төрийн бус байгууллагын тухай хуулинд зарим нэг өөрчлөлтийг оруулах ёстой болов уу гэж боддог. Төрийн зарим эрх үүргийг төрийн бус байгууллагад нь шилжүүлэх ёстой. Төрийн бус мэргэжлийн байгууллага хамгийн наад зах нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад чанарын тодорхойлолт гаргах ёстой. Цаашдаа төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний тодорхой хувийг нь гэрээгээр гүйцэтгээд тэр ажлаа чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгөх нь мэргэжлийн байгууллага, холбоодын үндсэн үйл ажиллагааны чиглэл байж болох юм. Ер нь бүх юмыг төр гүйцэтгэх боломжгүй. Ийм учраас ажил үйлчилгээний чанар муудаж байгаа юм. Мэргэжлийн чиглэлийн ажлуудыг тухайлбал сургалт, сурталчилгаа, хяналт тавих, бизнесийн чанартай зүйлд зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох, хянах зэрэг үүргийг төрийн бус байгууллагуудад хариуцуулдаг болох заалтыг хуулинд нь нэмж тусгаж оруулах юм бол бүх юм гольдролоороо чанартай явна гэж үзэж байна. Бид энэ талаар санал боловсруулаад хууль тогтоогчдод өргөн барина гэсэн бодолтой байна.
Энд нэг жишээ хэлэхэд, манай улсад усны хайгуулын чиглэлээр өрөмдлөг хийдэг 200 гаруй компани байна. Усны хэрэг эрхлэх газар эдгээр компанид зөвшөөрөл өгдөг. Гэтэл эдгээр компанийн ердөө дөч нь буюу 20 хувь нь л үйл ажиллагаа явуулж байна.
МУӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.ЦЭВЭЭНЖАВ: Сайн муу хоёр хосолж явдаг шиг өрмийн ажил зогсчихоод байсан хэцүү үед бид энэ холбоог байгуулсан. Энэ утгаараа бид албан тушаал, ашиг орлогын төлөө бус явж ирсэн нь тун сайхан. Өрмийн ажил зогсчихоод манай өрмийнхний хувьд хүнд хэцүү байсан. Энэ мэргэжил ингээд сөнөж байгаа юм уу гэсэн асуудал бидэнд тулгарсан. Иймээс бид өрмийнхнийхөө эрхийг хамгаалж, нэгтгэхээр холбоо байгуулсан нь “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг шиг сайхан явдал болсон. Манай холбоо олон нийтээс сайшаал хүртдэг нь үүнтэй холбоотой болов уу.
Зарим улс оронд өрөмдлөгийн яам байгуулах асуудал яригддаг. Гэхдээ энэ салбар бол уул уурхай, геологи зэрэг толгойлох салбараа дагаж хөгждөг. Өрөмдлөг бол толгойлох ажил биш. Генерал байж байж цэрэг байдаг, цэрэг байж байж генерал байдаг. Тиймээс бид энэ мэргэжлээ сайн авч явж, үргэлжлүүлнэ үү гэхээс биш, бид дээр нь үү, доор нь уу гэдэг нь угаасаа утгагүй хэрэг.
Дэлхийн өрөмдлөгийн салбарыг ангилж үзвэл, геологи 30 хувь, уул уурхай 25 хувь, 20 гаруй хувь нь усны өрөмдлөг, газрын тосны өрөмдлөг 20 хувь, үлдсэн хувь нь барилгын салбарт хамаарч байна. Геологийн өрөмдлөгийн ажлын үнэлгээ нэг метрт 300 ам.доллар байдаг бол газрын тосных 1000 ам.доллар байдаг. Манайд газрын тосны өрмийн ажлыг хийж байгаа ч, тэрхүү ажлыг Хятадын компани ирээд хийчихдэг. Би Хятад гэж байгаа юм биш. Ерөөсөө их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирдэг. Гадны компаниуд газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийчихэж байна. Гэхдээ газрын тосны хайгуулын өрөм 5-10 сая доллар байдаг. Геологийн хайгуулын өрөм 500 мянгаас нэг сая доллар байдаг. Хөрөнгө зарцуулалтын хэмжээ нь арай өөр байгаа биз. Гэхдээ манайхан энэ бизнес рүү орох ёстой. Одоо бол ороогүй байна. Эхлэх гэж байна.
Ялгаа нь гэвэл ханыг нь тогтоох, цементлэх, яндан суулгаж бэхлэх болон бусад ажлуудаараа өөр юм. Хятадын компаниуд дэлхийд байхгүй хямд үнээр өрөмдөж байгаа ч манайх өрсөлдөх ёстой.
Үүнээс гадна Монгол улс өрөмдлөгийн нэгдсэн стандарттай болох хэрэгтэй байна. Геологийн ажил, өрмийн ажилд стандарт байх ёстой. Стандартаар юм шаардахгүй бол нэг дарга нь очоод нэг юм хэлдэг нөгөө дарга нь бас нэг өөр зүйл хэлдэг. Өрөмдлөг хийх стандарт гаргуулах гэхээр хүмүүс хөдөлж өгдөггүй. Энэ ажилд хөрөнгө их шаарддаг. Манай улсад хөрөнгө, сонирхол бас цаг байхгүй учраас стандартгүй өдий хүрч байна.
МУӨХ-ны Үйлдвэр-бизнес үйлчилгээний секторын дарга П.Ганбаатар:
Өрөмдлөгийн холбоог яам тамгын газрууд болон бусад компанийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангахуйц болгож сайжруулах бодлого тавин ажиллаж байна. Үүнтэй уялдуулаад манай холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх болно. Тухайлбал, Хятадууд маш өндөр технологийн түвшинд хүрчихээд байна. Тиймээс бид тус улсын өрөмдлөгийн холбоотой холбоо тогтооё гэж төлөвлөж байна. Мөн бид хэрэглэгчдэд өрөмдлөгийн ажлын техникийн цогц гарын авлагыг эмхтгэн хүргэе гэж тогтоцгоолоо. Үүний үр дүнд хэрэглэгчид ажлын захиалга өгсөн тухайн өрмийн компанийнхаа техникийн чанар стандартыг шалгаж мэдэх боломжтой болох юм.
МУӨХ-ны Сургалт хариуцсан секторын гишүүн Д.Ганлхагва: Манай холбоо нь сургалт хариуцсан хэсэгтэй. 2004 оноос эхлэн өрөмдлөгийн компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг мэргэжлийн зэрэглэлтэй болгох сургалтуудыг хийж ирсэн. Энэ хугацаанд 250 гаруй мэргэжилтэн, мөн усны өрөмдлөгийн чиглэлээр 150 хүнд мэргэжлийн зэрэг олгосон байна. Зах зээлийн нийгэмд шилжээд, 1990-2000 оны хооронд геологи хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд ороод байсан. Өрөмдлөгийн ажил ч үүнийг дагаад зогсонги байдалд орчихоод байсан. Харин 2000 оноос хойш геологи хайгуулын ажил эргээд сэргэж, мэргэжилтэй туршлагатай ажилчид шаардлагатай болсон. Үйлдвэр дээр ажиллаж буй залуучууд мэргэжлийн сургууль төгсөөгүй ч туршлага, чадварын хувьд сайн байдаг. Бид тийм хүмүүсийг сургаж, онолын мэдлэгтэй болгох бодлого барьж, энэ ажлаа амжилттай хийж байна.
Одоогоор “Монгол улсын өрөмдлөгийн холбоо”-ны (МУӨХ) хувьд 58 гишүүн компанитай, 300 орчим хувь хүн, 200 оюутан гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын тэргүүлэх эрдэмтэд, байгууллагуудыг гишүүдийн эгнээндээ нэгтгэсэн “МУӨХ” нь 20 орчим онол, практикийн хурал зохион байгуулж, 12 уралдаан тэмцээн зохион байгуулж, арав гаруй судалгааны бүтээл хэвлүүлжээ. Үүнд “Өрөмдлөгийн онол, арга зүй, техник технологи” нэг сэдэвт бүтээл болон бусад олон ном, эмхтгэл багтаж буй юм.
“МУӨХ” нь цаашдаа хүрээгээ улам өргөжүүлж, орон нутагт салбараа нээж, гадаад харилцаагаа идэвхижүүлэхийг зорьж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болохуйц хувилбарыг бодитоор биелүүлэхэд МУӨХ бэлэн байгаа тухайгаа ч тэд хурлаар хэллээ. Гэхдээ төр засаг ТББ-д зарим эрх үүргээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.
Өмнөх 15 жилийн хугацаанд Монголын өрөмдлөгийн салбарын гал голомтыг бадрааж ирсэн тус холбоо хийж бүтээснээ цаашид үргэлжлүүлэн, энэхүү хүндтэй хариуцлагаа улам өндөрт өргөж авч явах итгэл сэтгэл дүүрэн байгаа нь хурлын хэлэлцүүлэг, өрнөлөөс илт мэдрэгдэж байлаа.
Монголын өрөмдлөгийн салбарын одоогийн амжилтыг бүрдүүлэхэд тус холбооны хувь нэмэр их байсан. Салбарын ирээдүйн амжилтад ч тэдний хувь нэмэр үнэлэшгүй их байх болно.
Б.Төгс