Ашиглалт, хайгуулын 100 гаруй лиценз байна

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Ашиглалт, хайгуулын 100 гаруй лиценз байна

Цөмийн энергийн газраас ураны хайгуулын 107, ашиглалтын хоёр лицензийг өнөөдрийн байдлаар олгоод байгаа аж. Нийт 109 лиценз бүхий талбай манай улсын нийт нутаг дэвсгэрийн 1.7 хувийг эзэлж байгаа ажээ. 2009 онд ураны хайгуулын зардалд 16 тэрбум төгрөгийг зарж байсан бол, 2010 онд 25.1, энэ жилийн байдлаар 37.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа гэсэн тооцоо гарчээ.

Дээрх 109 лицензийг 18 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд тэд тусгай зөвшөөрлийн хураамжид 3.1 тэрбум төгрөг төлжээ. Лицензийн дийлэнх нь Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт байгааг мэргэжлийнхэн хэлж байна.

Тухайлбал, Дорноговь аймагт ураны 43, Дорнодод 26, Сүхбаатарт 19 лиценз байгаа гэнэ. Нийт ураны есөн орд, 100 орчим илрэл байгаагаас батлагдсан байдлаар 68.5 мянган тонн ураны нөөцтэй аж. Лиценз эзэмшдэг 28 компани тухайлбал, "Кожэ говь" зэрэг компани судалгаа туршилтын ажлаа дуусаад ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад эхэлжээ.

"Эмээлт майнз", ""Гурван булаг", "Дорнод уран" компаниудын үйл ажиллагаа ч мөн шатандаа яваа гэнэ. Уран олборлох ажлыг 2014 оноос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд Дорнодын аймгийн хоёр сум, Дорноговь, Дундговьд тус бүр нэг уран боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө гараад байгаа ажээ.

Дашрамд дуулгахад нэг кг уран дэлхийн зах зээл дээр 136-138 ам.долларын үнэтэй байсан бол сүүлийн үед 154 ам.долларт хүрээд байгааг албаны хүн онцоллоо. 2020 он гэхэд энэ үнэ 4-5 дахин өснө гэсэн тооцоо байгаа юм байна.

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж