Тэгвэл өнгөрсөн даваа гарагт “Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагынхан сэтгүүлчдийг “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь” сургалтад хамруулсан юм. Сургалт хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууссан. Энэ үеэр эмэгтэйчүүдийн сонгуульд нэр дэвших, сонсогдох эрхийн талаар ярилцсан. Мөн УИХ, улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүд чухам ямар асуудлыг эрэгтэйчүүдээс илүү шийдвэрлэж чадах вэ гэдгийг хэлэлцэв. Эмэгтэй нэр дэвшигчид нийгмийн халамж, боловсрол, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон асуудалд шийдвэр гаргах чадвар нь эрэгтэйчүүдээс илүү ч үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол их байгаа. Бас сонгуульд оролцох эрхийг нь эрэгтэй улс төрчид хааж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар зааж өгсөн. Гэхдээ сургалтын үеэр “Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, “Монфемнет” үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа “Эмэгтэйчүүдийн квот гэж байх ёсгүй. Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 20 хувь бус 100 хувь байх ч боломжтой” гэж байлаа. Харин квот тогтоож байгаа нь Монгол Улсад, улс төрт жендерийн тэгш бус байдал түгээмэл байгааг харуулж байгаагийн нэг илрэл юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн дунд ч эмэгтэй нэр дэвшигч, улстөрчидтэй ийм байдлаар харьцах тохиолдол элбэг байдаг аж. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх нийтлэг ташаа ойлголтыг арилгах, иргэдэд зөв мэдээлэл өгөх нь зайлшгүй чухал байгаа ажээ. “Сант марал” төвөөс энэ талаар судалгаа хийсэн бөгөөд “Ирэх сонгуулиар танай тойрогт эмэгтэй хүн нэрээ дэвшүүлбэл дэмжих үү” гэсэн асуултад иргэдийн олонхи нь “Тийм” гэж хариулсан байна. Энэ нь иргэд эмэгтэйчүүдийг төлөөллөөрөө сонгоход бэлэн байгааг харуулж байгаа ажээ.
Сургалтад эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан болон, жижиг нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон юм.
"Улс төрийн тойм" сонин