Нийслэл хотод нэг хэсэгтээ өндөр үнэтэй байсан махны ханш сүүлийн хэдэн долоо хоногт 200 гаруй төгрөгөөр буурч байгаа талаар статистик тоо гарчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хонь, үхэр, адууны махны үнэ тус бүр 100-200 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан аж. Хамгийн их үнэ буурсан нь адууны мах. Арваннэгдүгээр сарыг өмнөх сартай нь харьцуулахад 4.2 хувиар буурчээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэр худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Нармандахаас нөөцийн махтай холбоотой зарим асуултад хариулт авсан юм.
-Орон нутаг болон нийслэлд нөөцийн махыг бэлдэхэд зориулж Улсын төсвөөс нэлээд тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Одоогоор иргэдийн хэрэгцээг хангаж чадахуйц мах нөөцөлж чадсан уу?
-Жил бүр иргэдийн санааг зовоох болсон нэг зүйл бол махны үнэ өсөх тухай асуудал. Үүнээс урдчилан сэргийлэх зорилгоор манай яам болон Монголын мах бэлтгэгчдийн холбоо хамтран махны хомсдол үүсэж болох томоохон хотуудад махны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч эхлээд нэлээд жил өнгөрлөө. Одоогоор иргэдийнхээ ирэх оны хаврын хэрэгцээг хангах 100 хувийн нөөц бүрдүүлсэн таван аймаг, 50-85 хувийн нөөц бүрдүүлсэн 11 аймаг байна. Харин нөөц бүрдүүлээгүй дөрвөн аймаг байна. Харин нийслэл хот 23 аж ахуйн нэгжтэй нөөцийн махны гэрээгээ байгуулж байна.
-Энэ онд хичнээн тонн мах нөөцлөн борлуулав. Бас үнийн хувьд ямар байв?
-Засгийн газрын 138 дугаар тогтоолын хүрээнд хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулж мах бэлтгэл, нөөцийн махны худалдааг энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоодугаар сарын 20-ны хооронд зохион явуулсан. Үүний үр дүнд хаврын улиралд махны үнийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой буюу өмнөх онтой харьцуулахад 6-25.3 хувиар буусан үзүүлэлт гарлаа. Харин нийслэлд 12 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр нэг мянган тонн, бусад аймгийн төвүүдэд 100 тонноос доошгүй хэмжээний мах нөөцлөн, борлуулсан.
-Нөөцийн махыг ямар ямар аж ахуй нэгжээс худалдан авч болох вэ?
-Орон нутгийн хувьд ямар байгууллагаас мах авахаа өөрсдөө шийддэг. 2010 онд гэхэд Улаанбаатар хотын борлуултад нийт есөн аж ахуй нэгж оролцож 167 цэгээр худалдаалсан. 2012 оны нөөцийн махыг ямар аж ахуй нэгжээр дамжуулж борлуулахаа одоохондоо тогтоогоогүй гэрээ хийх шатандаа явж байна. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 15-аас худалдаалж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Одоо худалдаанд гарах махны үнэ зах зээлийн ханшаас доогуур байж чадах уу?
-Тухайн үеийн зах зээлийн ханшаас 500 төгрөгөөр багаар тооцож борлуулна.
-Манай улс мах экспортлогч орны тоонд ордог. Энэ онд хичнээн тонн мах боловсруулж ямар ямар улсад нийлүүлэв?
-Үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 24.1 мянган тонн байгаа нь өмнөх онтой харьцуулахад 24 гаруй хувиар өссөн. Мөн 2008 онтой харьцуулахад 3.5 дахин их тоо гарсан. Харин 2011 оны эхний аравдугаар сарын байдлаар 4231.9 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан. Хиамны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1772.3 тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн байна. 2010 онд хөдөө аж ахуйгаас 204.4 тн мах үйлдвэрлэсэн нь нийт хүн амын дундаж хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж 20 гаруй мянган тонн мах экспортлоод байна. Манай улсаас ОХУ, Киргиз, Казахстан, Иран, Вьетнам зэрэг орнууд мах импортолдог.
-Эдгээр улсууд махыг төрлөөр нь ялгаж авдаг гэсэн. Аль улс ямар малын махыг ихэвчлэн авч байна?
-ОХУ-д үхрийн хөлдүү мах 2995.6 тонн, адууны мах 2071.5 тонн, Киргизид хонь, ямааны мах 20 тонн, адуу 135.2 тонн, Казахстанд үхрийн хөлдүү мах 414.9 тонн, Иранд хонь ямааны мах 264 тонн, лаазалсан бүтээгдэхүүн 19.8 тонн, Вьетнамд хонь, ямааны 221 тонн махыг тус тус импортлоод байна.
"Улс төрийн тойм" сонин