Хүлээлт дууслаа, хууль бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Хүлээлт дууслаа, хууль бэлэн үү?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш /өнөөдөр/ чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах байх” гэлээ. УИХ-ын гишүүд төдийгүй иргэдэд ч ийм хүлээлт байна. Түүнчлэн Ж.Сүхбаатар дарга “Намын бүлгүүд зарчмын асуудал дээр саналаа нэгтгэсэн. Олон удаа зөвшилцсөн. Харилцан ойлголцсон. Бас хуулийн төсөлд олны санаа, бодлыг тусгалаа. Харин одоо үг үсгийн найруулга, нэр томъёог нягталж байна. Байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдааны үеэр гарсан саналуудыг хуулийн төсөлд тусгаж байгаа” хэмээв. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны уржигдрын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд зарчмын асуудлууд дээр санал нэгдсэн билээ.  УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийг өргөн барьснаас хойш хэдэн удаа хуралдсан нь тоогоо алдсан. Ямартай ч хэлэлцээр хийж, хэрэлдэхдээ хэрэлдэж, нэг нэгнийхээ саналыг хүлээж авахгүй хэмээн хэдэнтээ гэдийсний эцэст зарчмын асуудал дээр тохиролцож, хуулийн төслийг батлахад бэлэн болсон нь энэ. АН, МАН-ын бүлгийн дарга нар ч тэр, парламентад суудалгүй нам, иргэний хөдөлгөөний гишүүд ч тэр “Хуулийн төсөл бидний санаанд 100 хувь нийцэхгүй байгаа” гэж байгаа. Олон талын байр суурийг тусгасан болохоор тэр биз. Гэхдээ л тэд “Өмнөх хуулийг бодвол сонгуулийг шударга явуулах талдаа хамаагүй илүү” гэлцэж байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээс гадна УИХ-ын 2012 оны сонгуультай холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа билээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд сонгуулийн үеэр нэгээс дээш удаа санал өгсөн болон ийм үйл ажиллагаа зохион байгуулсан этгээдийг гурваас дээш сарын хугацаатай баривчилахаар зааж өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд  Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг завдах, энэ үеэр учруулсан хохирлын хэмжээ их бол зохион байгуулагч этгээдийг 25-аас дээш жилээр хорих хүртэл ял төлөвлөхөөр санал оруулсан. Хэлэлцүүлгийн шатанд дээрх төслүүдийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Учир нь сонгууль болохтой холбоотойгоор “Хувьсгал хийнэ” гэж ярих хүмүүс нэлээдгүй болсон. Үүнийг нь “Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах оролдлогоо эхлүүлж байна” гэж ойлгож болох талтай гэнэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ийнхүү хэлэлцээд  хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төдийгүй дээрх хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх бололтой. З.Энхболд гишүүн “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг маргааш /өнөөдөр/ батална” гэсэн байна билээ. Эрүүгийн тухай хуульд дээрх заалтуудыг тусгаснаар УИХ-ын 2012 оны сонгууль будилаан, луйваргүй болох магадлал нэмэгдэх учиртай ажээ.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл болон бусад хуулийн төслүүдийг батлахад ийнхүү бэлэн болжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Хуулийн төсөл олонхийн дэмжлэг авахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэлэлцэж, тохиролцсон учраас хуулиа батлах байх” гэж байсан. Түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэр нь үнэнд илүү дөхөх байх. Үүний хажуугаар “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг баталлаа гэж бодоход Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана” гэх гишүүн цөөнгүй байгаа. Бас “Гишүүд Үндсэн хуулийн Цэц дээр очоод буцна гэдгийг мэдэж байгаа. Тэгээд хуучин хуулиараа сонгууль явуулна” гэсэн таамгийг олон хүн дэвшүүлж байгаа юм. Тиймээс хуулийг өнөөдөр батлах эсэхийг, баталсны дараа ямар асуудал үүсэх бол гэдгийг харах л үлдлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж