Даварсан төр, даварсан иргэд

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Даварсан төр, даварсан иргэд

Саяхан нэгэн уншигч утас цохиж гомдолтой байгаагаа их л ууртайгаар илэрхийлдэг юм байна. Тэрбээр "Цахилгааны хөлс сард 40 мянган төгрөг гардаг байснаа гэр хорооллын иргэдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг 50 хувь бууруулах Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 60 мянган төгрөг гардаг болчихлоо. Болиулаад аль" хэмээн омогдов. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэр гаргах түвшний байгууллага биш гэдгийг ойлгуулах гэсэн боловч нэмэр алга. "Би үнэхээр их эрчим хүч хэрэглэчихсэн шүү дээ" гэхээсээ "Хэрвээ үнийг хөнгөлөөгүй бол би хэрэглээгээ хэтрүүлж, илүү мөнгө төлөхгүй байсан" гэдгийг урьтал болгон дайрч давшлах түүний үгийг чимээгүй сонсохоос өөр арга үлдсэнгүй.

Тэрхүү гомдолтой иргэн өрхийнхөө цахилгааны хэрэглээг багцаалаад 40 мянган төгрөг хавьцаа бариад байж дөнгөдөг байсан гэнэ. Гэтэл 50 хувь хөнгөлөх сургаар хэрэглээгээ хязгаарлахаа больжээ. Улмаар төлбөр нь 140000 төгрөг гарч, хөнгөлөлтөө хасахад 60.000 төгрөгийн төлбөртэй үлдсэн байна. Энэ нь түүнийг маш ихээр бухимдахад хүргэсэн аж. Төрөөс 80.000 шахам төгрөгийг нь хөнгөлчихөөд байгааг мэдсэн хэрнээ ингэж байгаа юм.

"Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ" гэдэг энэ. Тэр хөнгөлж байгаа хөрөнгө хэний халааснаас гарч, хэний халаасанд ордог тухай ярихаа больё. Харин наана цааныг ялгахгүй, авах идэхийн дон шүглэсэн, хэтрүүлж хэлбэл тэнэг нь дэндсэн хэрэглэгчид ихсэх болсон нь түгшүүр төрүүлэх асуудал болж хувирчээ. Өмнө нь хүйтэн гэртээ бакришка түлж, арайхийн дулаацаад 20 мянган төгрөг төлдөг байсан хэрэглэгч хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлэхэд төлбөр нь урьдын адил гарна гэдэг боломж биш гэж үү.

Иргэд маань үнэхээр хэцүү болчихжээ. Үүнд төр засгийн буруу бас бий. Улсын төсвөөс аль болох томоор шанагадах хүсэлдээ автан хэтэрхий их хөнгөлөлтийг санал болгож байгаа нь ийм байдалд хүргэж байна. Хэтрүүлж хэлбэл, үнээ хямдруулж борлуулалтаа нэмэгдүүлэх арга ч хэрэглээд байгаа юм шиг. Иргэд ядуу байгаа нь бас нэг шалтгаан. Хүний тэсвэр тэвчээрийн дээд цэг гэж бий.

Гомдол мэдүүлсэн иргэний хувьд тэр цэг нь 20 мянган төгрөгтэй тэнцэж байсан хэрэг. Нэгэнт тэвчээрийн хязгаарт хүрсэн учраас үнэхээр их эрчим хүч хэрэглэсэн гэдгээ мэдэж байвч "Өмнө нь хүргээд болоод байсан" гэсэн үгсийг унагаж байгаа хэрэг юм болов уу. Түцэнд худалдагч хийдэг найз бүсгүйгээ 20 мянган төгрөгнөөс болж хөнөөсөн хэргийн хажууд утасны цаанаас бухимдлаа тайлах нь харин ч бага хэрэг гэж санагдана.

Энэ тэвчээрийн хязгаарыг эвдэх мөнгөн дүн өдрөөс өдөрт буурсаар л байна. Магадгүй, цаашид ч улам багасах байх. Амьдрал олны хэлдгээр үнэхээр "барзгар" байна шүү. Хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлөхдөө ингэж байгаа улсууд хэрэглээгүй барааныхаа үнийг төлөх болбол яана гэж та бүхэн бодож байна? Би "Мянганы сорилтын сан, "Цэвэр агаар" төслийн мөнгө шавхагдах тэр үед та бүхэн яах вэ" гэж л асуух гээд байна.

Тэр үед утаагүй болчих юм бол сайхан л байна. Гэтэл утаагүй болчихлоо гээд хөнгөлөлтөө больчихвол хэрэглэгчид "ойлгохгүй" юм биш биз дээ. Ийм юм болж магадгүй нь байна шүү. Орон сууцанд орчихсон хойноо "Гэр хороололд байхад 50 хувь хөнгөлдөг байсан биз дээ" гэж муйхарлан зүтгэж ч магадгүй. Одоо яана. Уг нь иргэдэд хэрэглээг нь хөнгөлдөг биш, орлого нэмэгдүүлдэг төр засаг л тун их хэрэгтэй байна.

Б.Болор

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж