В.Путин төрийн эрхийг барьж байх хугацаанд Оросын сэтгүүлчид түүнийг шүүмжилсэн агуулга бүхий мэдээ, мэдээлэл бэлтгэхийг оролдсоор ирсэн. Гэхдээ “Коммерсант”-ын сэтгүүлч шиг ийм зоригтой алхам хийсэн нь ховор юм. “Нью таймс” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Евгений Албатс “Орост “В.Путинийг бүү оролд” гэдэг дүрэм байдаг юм” хэмээн “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. “Коммерсант Власт”-д сонгуультай холбоотой хэд хэдэн нийтлэл гарсан. Түүний нэгэнд нь Нэгдсэн Орос нам хүмүүсийн дэмжлэгийг авахын тулд хяналтаа чангатгаж байгаа тухай онцолсон байна.
Түүнчлэн санал хураалтын явцад ямар булхай гаргасан тухай өөр нэгэн нийтлэлдээ бичжээ. Харин тэргүүн нүүрэндээ В.Путин сонгуулийн машины урд зогсож, санал өгөх гэж байгааг харуулсан зураг гаргасан байна. Гэхдээ хар бараан өнгө давамгайлсан энэ зураг “Коммерсант Власт”-ийн энэ удаагийн дугаарын нийтлэлийн өнгө аясыг бүрэн тодорхойлж чаджээ. “Коммерсант” хэвлэлийн группын гол хувь эзэмшигч нь Оросын тэрбумтан Алишер Б.Усманов. “Фэйсбүүк”-т хүртэл хувь эзэмшдэг тэрбээр Кремлийн удирдагчидтай харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлздэг хүн хэмээн “Wall Street Journal”-д тодорхойлсон. Тиймээс сэтгүүлийн шинэ дугаар гарсны дараа тэрбээр “Коммерсан Власт”-ийн ерөнхий эрхлэгч Максим Ковалский, “Коммерсант” хэвлэлийн группын ерөнхий захирал Андрей Галиев нарыг халжээ. Түүнчлэн удахгүй өөр нэгэн орлогч захирлыг халахаар болсон байна. “gazeta.ru”-д өгсөн ярилцлагадаа Б.Усманов “Эдгээр нийтлэлийг гаргасан нь маш бүдүүлэг хэрэг болсон” гэж тайлбарласан байна. Тэр өмнө нь хэзээ ч ийм өндөр албан тушаалтай сэтгүүлчээ халж байсангүй. Харин М.Кавалский “Цаг үе хэцүү байгаа учраас Кремлийн удирдагчид маш их болгоомжилж байна. Би эндээс “Ганцхан нийтлэлээс болж бүх зүйл өөрчлөгддөггүй” гэдгийг л сайн ойлгож авлаа” хэмээн “slon.ru” сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Төрийн Думын сонгууль болохоос долоо хоногийн өмнө Засгийн газрын мэдлийн “Риа Новости” мэдээллийн агентлагийн сэтгүүлч Григорий Окотин Нэгдсэн Орос намын кампанит ажилтай холбоотой таагүй мэдээлэл цацсаныхаа төлөө халагдаж, шүүхээс түүнд торгууль төлөх шийтгэл ноогдуулсан юм. Харин өнгөрсөн сар “gazeta.ru” мэдээллийн сайтын орлогч эрхлэгч Роман Баданин Нэгдсэн Орос намыг шүүмжилснийхээ төлөө мөн л халагдсан. Харин Төрийн Думын сонгуулийн санал хураалт явагдаж байх үед Оросын мэдээлийн сайтуудын дийлэнх нь хакерын халдлагад өртөж, хэсэг хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байв. Түүнчлэн сонгуулийн өмнөхөн В.Путин руу гутлаа шидэж, түүнийг эсэргүүцэн шүгэлдэж байсан залуусын тухай бичлэг Оросын телевизүүдээр арай өөр агуулгатай мэтээр цацагдаж байлаа. Ямартай ч Кремлийн удирдагчид хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж байна. Дашрамд дурьдахад, Оросын тэрбумтнуудын нэг Михайль Прохоров уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр “Коммерсант”-ын хувьцааг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж буйгаа сануулсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ нь Кремлийн удирдагчид болон сөрөг хүчнийнхний хооронд үүссэн хурцадмал байдлыг хөөрөгдөж өгсөн юм. Жагсаалын дараа буюу уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгуультай холбоотой санал гомдлыг шалгахаа амласан. Гэхдээ тэрбээр шинэхэн парламентын анхны хурлыг энэ сарын 21-нд явуулахаар болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, жагсагчдын тавьж буй дахин сонгууль явуулах саналыг хүлээж авахгүй гэдгээ давхар сануулсан хэрэг болов. Харин үүнд хариу болгож сонгуулийн дүнг эсэргүүцэгчид энэ сарын 24-нд илүү өргөн хүрээг хамарсан том жагсаал зохион байгуулахаа амласан. Үүнтэй холбоотой мэдээлэл интернэтээр хурдацтай тарж байна.
Орос улс 140 сая хүн амтай. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр Москвад болсон жагсаалд 50 мянган хүн л оролцсон. За больё, жагсагчдын хэлж байгаачлан тэнд 100 мянган хүн ирсэн болог. Санкт-Петербургт 10 мянга, Новосибирскт гурван мянга, бусад хотод хэдэн зуун хүн. “Сибирь, Урал орчмын 80 хотод хүмүүс жагссан” гэдэг сүрдмээр боловч өргөн уудам Орос орны хэр том хэсгийг төлөөлж чадах вэ гэж бодохоор хариугүй тоо болоод явчих нь. Тиймээс Оросын тэмцэгчдийг үр дүнд хүрэхгүй гэж үзэх хүн олон байгаа юм. Гэвч тийм биш. ЗХУ задарснаас хойш Орост сонгууль болох бүрт Нэгдсэн Орос намд ялагдсан сөрөг хүчнийхэн “Сонгуулийн дүн булхайтай гарлаа” хэмээн мэдэгдэж байсан. Тэр тоолонд ядаж 100 мянган хүн оролцсон жагсаал ч болж байсангүй. Кремлийн өндөр хананы урд хэн ч “В.Путингүй Орос орны төлөө!” хэмээн зоригтой хашгирч чаддаггүй байв. Эрх баригчдаасаа айсан оросуудад үлгэр дууриал болох гадны улс орнууд байсангүй. Өмнө нь Арабын орнуудад гарсан шиг хувьсгалын цуурай ч сонсогддоггүй байв. Гэтэл өнөөдөр хаа байсан ардчилсан Америкт “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн гарч, капитализмыг шүүмжлэгсэд эгнээндээ олон сая хүнийг нэгтгэж, хаалттай нийгэм бүхий Хятадын эрх баригчид ард түмнийхээ бухимдлыг намжаахын тулд эрвийх дэрвийхээрээ аргадаж сууна. “Фэйсбүүк”, “Твиттер” гэх мэт олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан хүмүүсийг асар богино хугацаанд нэгтгэн цуглуулах боломж бүрдсэн. Ийм үед Кремлийн удирдагчид жагсаалд оролцож буй иргэдийн эсэргүүцлийг хэр удаан “дарж” тэсэх бол. Гэхдээ үнэхээр эсэргүүцэгчдийн хүсч байгаачлан өргөн уудам Орос орныг нэгтгэн зангидсан В.Путин гэдэг хүн байхгүй болбол эмх замбараагүй байдал газар авч, барууны орнуудын ашиг сонирхлоо илэрхийлэх талбар, АНУ-ын Ойрхи Дорнод шиг болчихыг үгүйсгэхгүй. Тиймээс магадгүй В.Путиний үнэ цэнэ тэгтлээ доройтчихоогүй ч байж мэднэ. Гэвч түүнийг үнэлэх үнэлэмж үгүй болох хувьсгалын тохироо нь хэдийнэ бүрдчихээд байгаа бололтой.
"Улс төрийн тойм" сонин