Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Тэ­мүүжин юу гээд хэлчихэв ээ. Ойр ойрхон хэвлэлд ярилцлага өгч, уушиг нээж байдаг түүнийг мэдээлэл хийнэ гэхэд хэн ч тоогоогүй. Гэтэл тэрбээр ердөө хэдхэн хормын дотор тэсрэлт хийв. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр Сонгуулийн тухай хуу­лийн ши­нэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр, тэр тусмаа УИХ-ын Тө­рийн байгуулалтын байн­гын хорооныхон ярсхийтэл гар өргөн уг хуулийн төслийн хэлэл­цүүлгийг халтуурдан бат­лах хооронд Х.Тэмүүжин ги­­шүүн сэмхэн гүйж гараад сэт­гүүлч­дэд маш нууц баримтыг дэл­гэсэн юм. Уг нь тэрбээр энэ тухай бүр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тухайлбал 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны хэвлэлд нэгэн цагдаагийн өгсөн тэмдэглэлийн дэвтэрт  ноцтой баримтууд байгаа тухай ярьж байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас “Нэгэн дэвтрийн сураг байна. Гэмт хэргийг илрүүлэхэд туслах зорилгоор тэр дэвтрээ бидэнд  явуулаач”  гэсэн албан бичиг ирүүлсний дагуу мөнөөх дэвтрийг прокурорын газарт явуулсан юм билээ. Тухайн үед Х.Тэмүүжин  гишүүн  “Одоо­гоор би тэр дэвтэр дэх нууцыг задалж чадахгүй. Хэрэгцээтэй гэж үзвэл  прокурорынхон  за­дал­на биз” хэмээж байсан юм.

Харин одоо Х.Тэмүүжин мөнөөх  дэвтэр  дэх нууцыг өөрөө задаллаа. Гэхдээ уг дэвт­рийн  эзэн цагдаагийн ажилт­­ны нэрийг нууцалж “Манайд гэр­чийг хамгаалах хөтөлбөр байхгүй учраас тэр­­хүү гэрчийг нуухаас аргагүй” хэмээсэн юм. Энэхүү тэмдэглэлд “х/а Батсүх дарга бүх бүрэлдэхүүнтэй ганцаарчилж уулзаад “Сургуулийн сумаар бүгд дээш буудсан, Бидний өөдөөс хүмүүс буудсан гэж хэл” гэсэн. Тасгийн дарга д/х Даржаа үүнийг дэмжсэн”, “а/а Батдорж гуай “Явж, явж буу, сум тавьж олгосноороо би буруудах юм байна л даа” гэж д/а Ганбаатар бид хоёрт хэлсэн”, “д/х Мягмаржав бидний до­лоон цагдаагаар Эргүүл хам­гаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж гурван метр орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээн зузаан бүдүүн труба авчирч суулгаад буудлага хийж долоодугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн.

Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа. Цагдаа Мөнхтулга нөгөө трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан” гэхчлэн хөврөх аж.

Ямартай ч эл тэмдэглэлд дурьдсан зүйлсийг зохиомлоор бий болгох аргагүйн дээр маш ноцтой баримт, бас амьд гэрчүүдийг өөртөө агуулсан нь анхаарал татаж байна. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр, тэр тусмаа “Долоодугаар сарын 1”-ний үймээнийг ирэх сонгуулийн хөзөр болгон ашиглах нь нэгэнт тодорхой болчихоод байгаа энэ мөчид бүгдийг илчилснээрээ Х.Тэмүүжин өөр дээрээ гал дуудлаа. Тэр ч байтугай “Хэтэрхий их мэдээлэл задалбал нөгөө хүндээ аюултай” хэмээснээрээ “Цаана нь өөр олон зүйл бий шүү” гэдгийг анхааруулжээ.

ШИНЭ ҮЕИЙНХНИЙ “ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ” ДОЛООДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЛЭХ ҮҮ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ бүх мэдээллээрээ юуны өмнө УИХ-ын гишүүн, тухайн үед Онц байдлын штабыг ахалсан Ц.Мөнх-Оргилтой “дайн зарлав”. Өөрөөр хэлбэл “Онц байдал зарлахаас өмнө цагдаад хүн буудуулсан бол С.Баяртай холбоотой, зарласнаас хойш бол Ц.Мөнх-Оргилтой холбоотой. Одоо Н.Энхбаяр энэ талаар ярья гэж байгаа бол онц байдал зарлахаас өмнө юу болсон тухай биш, онц байдал зарласны дараа цагдаад хэн үүрэг өгч байсан бэ гэдгийг л ярих ёстой” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаагаа мэдэгдлээ. Х.Тэмүүжингээс өмнө хонгио халаасалж сүрдүүлсэн нэг нөхөр бий. Тэр бол тухайн үеийн Ардчилсан намын дарга, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр “Та нар цагдаа нараар хүн буудуулахаа боль” хэмээн  тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр руу дайрч байсан. Мөн хэлсэн үгийнхээ нэг ёсны баталгаа болгож “Миний халаасанд хонгио байна. Танай цагдаагийнхны буудсан сумны хонгио. Танай цагдаа хүн буудаж байгаагийн баталгаа надад байна” гэж байсан. Үнэхээр цагдаагийн буудсан хонгио байсан уу, мань эрийн ээлжит шоу байсан уу гэдгийг тухайн үед ялгаж салгахад амаргүй байв. Харин одоо Х.Тэмүүжингийн үзүүлж буй хонгио, цагдаагийн тэмдэглэл зэргээс харахад асуудал эвгүйгээр эргэж мэдэхээр байна.

Ц.Нямдорж сайдын нэгэнтээ хэлсэнчлэн “Монголын улстөрчид гурван Э-нүүдийн хөлд чирэгдэх” үе мултарч, цагдаагийн “хар дэвтэр”-т нэр нь бичигдсэн хүмүүс, дээр нь ард түмнээсээ уучлал гуйх саналыг эсэргүүцсэн улстөрчид Х.Тэмүүжингийн хэлд чирэгдэхээс айж хөлд нь суух шинжтэй. Товчхондоо шинэ үеийнхний “Шиндлерийн бүртгэл” долоодугаар сарын 1-ний үйл явдлаас эхлэх учиртай юм даг уу даа.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн гурван жилийн турш дуулиан тарьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй энэ хэргийн талаар улстөрчид, хуульчид  ямар мэдэгдэл хийж байсныг эргэн харцгаая.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-“Долоодугаар сарын 1”-нийг гол өдүүлэгсэд нь тавьтаргүй улстөрчид, улс төр сонирхогчид ч гээд хэлчихье. Эдний л өдүүлсэн хэрэг явдал шүү дээ. Зургаадугаар сарын 29-нд Сүхбаатар дүүрэг дээр хууль бус жагсаал цуглаан болоогүй бол, тэр жагсаал цуглаан эхлэхийн өмнөхөн Ц.Элбэгдорж сонгуулиа луйвардуулчихлаа гэж турхираагүй бол, жагсаал цуглаан болох үед хэдэн нөхдүүд очиж галдан шатаагаагүй бол хүн амь насаа алдах байсан уу. Шоронд орох байсан уу. Байшин барилгыг галдан шатаах байсан уу. Үгүй байх аа. Болсон үйл явдал нь бол улс төрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхэлгүй хүмүүс хууль бус жагсаал цуглаан зохион байгуулчихаад сүүлд нь тэрийгээ дийлэхээ байхаараа хөлгөө хаяад зугтсан л хэрэг явдал болсон биз дээ. Энэ талаар  улс төрийн хариуцлагыг асуух ёстой хүмүүсийн тоонд Ц.Элбэгдорж орно. Тэр О.Магнай, Ж.Батзандан хоёр орно. Д.Энхбат орно. Үүнийг ард түмэн харсан шүү дээ. Магадгүй түрүүний хийх гэсэн жагсаал цуглааныг ард түмэн дэмжээгүй нь цаад дүр төрхийг нь харсны л илрэл байх. Ийм юмнуудын хийж байгаа юмны ард галдан шатаасан, хүний амь нас хөнөөсөн зүй бус явдлууд л болдог юм билээ гэдгийг мэдэрчихээд ирээгүй байх. Цэрвэж л байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд нь ичих ч үгүй бусдаас ял асууна. Хариуцлага асууна. Ийм юм болчихоод байхад шүү дээ. Хэрэв эд нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулаагүй бол өнөөдөр цагдаа нар хэрэгт орох байсан уу. Үгүй шүү дээ. Олон зуун цагдаа эрүүл мэндээрээ хохирох байсан уу. Таван хүн нас барах байсан уу. Үгүй шүү дээ. Надад байгаа мэдээллээр бол албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсан байна. Гэхдээ энэ үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдсан. Үүрэг өгч байж л зэвсэг тараагдана шүү дээ. Гэхдээ яг “бууд” гэсэн үүрэг өгсөн эсэхийг тогтоож чадаагүй юм шиг байгаа юм. /2010 оны дөрөвдүгээр сарын 15. “Үндэсний шуудан” сонин/

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-“Долоодугаар сарын 1”-ний орой 17.30 цагийн үед Ерөнхий сайд С.Баяр над руу утасдаж “Ерөнхийлөгч өө, та онц байдал зарлах зарлигийнхаа төслийг бэлтгэж эхлээч” гэсэн санал тавьсан. Онц байдал зарлана гэдэг хүүхдийн тоглоом биш. Маш олон, тал талын мэдээлэл авч, нөхцөл байдалтай танилцаж, нухацтай бодож шийдэх ёстой асуудал. Үгүйдээ гэхэд цагдаа, тагнуулын байгууллагын дарга нараас мэдээлэл авч, саналыг нь сонсох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би тэр үед зөвшөөрөөгүй. “Үгүй ээ, үүнийг сайн судлах ёстой, одоо яаран онц байдал зарлах тухай асуудал байж таарахгүй” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд тагнуул, цагдаагийн дарга нарыг дуудаж уулзсан. “Ерөнхий сайд С.Баяр онц байдал зарлах тухай санал хэлж байна. Цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд өөрөө юу бодож байна” гэхэд Ч.Амарболд генерал “Онц байдал зарлах шаардлагагүй. Байдлыг энгийн аргаар зохицуулах боломжтой” гэж хариулсан. Ингэхээр эндээс юу харагдаж байна вэ. Ерөнхий сайд С.Баяр онц байдал зарлах тухай саналыг Ерөнхийлөгчид тавихынхаа өмнө наад зах нь цагдаагийн байгууллагын удирдлагатайгаа ярьж, санал бодлоо солилцсон байх ёстой атлаа тэгээгүй байсан байна шүү дээ. Ажлын уялдаа холбоо байхгүй. Нөгөө л хагас итгэсэн, итгэлгүй байдал ажилд шууд нөлөөлсөн байна. Энэ бол аль ч талаас нь аваад үзсэн дутуу бодсон, улс төрийн хувьд хариуцлагагүй гэж хэлж болох санал байсан тул миний бие Ерөнхийлөгчийн хувьд тэр үед онц байдал зарлаагүй юм. Тэгээд Ч.Амарболд генералд ”Жагсаал цуглааныг үймээн самуун болгохгүйгээр зохицуулах бүхий л арга хэмжээ ав” гэсэн. С.Баяр дарга жагсаал цуглааныг эв зүйгээр зохицуулах талаар хүчний байгууллагын удирдлага, мөн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзаж, бичиг сачгийг нь хүлээн авч, аль болохоор байдлыг хурцдуулахгүй байх арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл наад зах нь цагдаагийн даргатайгаа холбогдож, санал бодлыг нь сонсоогүй мөртлөө шууд надаас “Онц байдал зарлаач” гэсэн хүсэлт, шаардлагыг утсаар ярихдаа ч, уулзахдаа ч удаа дараа тавьсан. Үүнийг би буруу байр суурь гэж үзэж байсан. Одоо бодоход анхнаасаа л онц байдал зарлуулах хүсэлтэй байжээ гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. Эндээс өөрийн эрхгүй яагаад, яах гэж гэсэн асуултууд урган гарна. Засгийн газар асуудалд ингэж хариуцлагагүй хандсан”. /2011.03.21.“Ардын эрх” сонин/.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр:

-Долдугаар сарын 1-нээс бид сургамж авах ёстой. Тэр үед би Монголын ард түмэн хоорондоо үзэлцсэн гэж боддоггүй шүү. Сонгуулийн үеийн уур амьсгал дээр тоглосон гаднын хатгалга, хөрөнгө мөнгөний оролцоо байсан гэж боддог. Гэхдээ үүнийг нотлоход хэцүү. Гэхдээ хардлага үүсгэх материал тухайн үед олдож байсан. Тэгэхээр Монголын ард түмэн өөрсдөө эв нэгдлээ бодож болж байгаа үйл явдалд хүлээцтэй, уян хатан, аажуу тайван хандаж байхгүй бол манай газрын баялаг дэлхий нийтийн анхаарал татаад байгаа үед Монголын ард түмнээр тоглочих юмсан. Хөөрхөн чадчих юмсан гэсэн бодлого гадна талд бийг санаж байх ёстой. /2011.11.11. “Ардын эрх” сонин/

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж