“Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Алтангэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Амь насаа алдсан цагдаа нарын дурсгалыг хүндэтгэх эргэн дурсах “Бид мартахгүй” сэдэвт өдөрлөг уржигдар болсон. Та очсон уу?
-Ажлаа хийж яваад амь насаа алдсан цагдаа нарыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд эргэн дурсдаг. Мөн ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг болсоор найман жилийн нүүр үзэж байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад буудуулж, хутгалуулж амиа алдсан 18 цагдаа байдаг. Ажлаа хийж байгаад амиа алдсан авто замын зохицуулагчид бол маш олон байдаг л даа. Энэ жилийн үйл ажиллагаа Цагдаагийн соёлын төвд болсон. Мэдээж би энэ үйл ажиллагаанд очсон.
-Ингэхэд та яагаад энэ холбоог санаачлах болсон юм бэ?
-Би цагдаагийн албанд олон жил ажилласан хүн. Миний үр хүүхдүүдээс цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй л дээ. Энэ холбоог 2006 оны дөрөвдүгээр сард анх байгуулж, тавдугаар сард Хууль, зүй дотоод хэргийн яамнаас гэрчилгээгээ авч байсан юм. Цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалъя. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алддаг тохиолдлыг нь ямар нэгэн байдлаар төрийн түшээдийн анхааралд өртүүлье гэдэг байгуулсан.
-Тэгвэл 2008 оны долоодугаар сарын 1-нээс өмнө байгуулсан юм байна шүү дээ?
-Энэ үйл явдлын дараа л манай холбооны үйл ажиллагаа нэлээд идэвхжсэн болохоос урьд нь байсан юм. Гэтэл долоодугаар сарын 1-ний хэрэг сөхөгдөхөөр л “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” дуугардаг гэсэн ойлголт иргэдэд төрсөн байх юм. Бид долоодугаар сарын 1-нд гэмтэж, бэртсэн цагдаа нарт зориулж хандив цуглуулах, холбогдох яамдтай хамтарч ажлын хэсэг гарган эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа.
-Долоодугаар сарын 1-ний хэргээс болж олон цагдаа нар бэртэж гэмтсэн ч тухайн үед таван иргэн амь үрэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотой үүсгэсэн хэргүүдийг Өршөөлийн тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон ч амь үрэгдэгсдийн ар гэрийнхний хүсэлтээр дахин сэргээн шалгаж эхэлсэн. Гэтэл та үүнийг эсэргүүцээд байх юм. Гэмтнийг олох хэрэгтэй биш гэж үү?
-Долоодугаар сарын 1-ний хэргийг тухайн үед Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн. Тэр үед дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан юм. Мөн 4-5 хүн бууны сумны шарх авсан байсан шүү дээ. Энэ хэргийг шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтоох нь мэдээж зөв. Харин үүний далбаан дор жинхэнэ эзнийг нь биш, үүргээ гүйцэтгэж явсан хэдхэн хүн дээр асуудлыг тохсон маягаар өнгөрөөх гэж байна гэдэг байж болохгүй асуудал. Үүнийг л манай холбоо эсэргүүцэж байгаа юм.
-Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаа нар хүн буудсан гэдгийг нотлох баримтыг гаргаад ирлээ. Хүний эрхийг зөрчсөн даргын өгсөн тушаалыг цагдаа нар заавал биелүүлэх ёсгүй байсан гэж бодож байна?
-Хэрэв УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилснаар төр ард иргэдээсээ уучлалт гуйхаар болсон бол ийм асуудал үүсэхгүй л байх байсан.
-Ямар асуудал үүсэхгүй байсан гэж?
-Энэ бол Х.Тэмүүжиний хувийн тоглолт. Э.Мөнх-Очир, Д.Зоригт нар түүнийг эсэргүүцэж байгаа нь ч мөн л тэдний хувийн тоглолт. Нэг ёсондоо хоёр намын гацаанд Монголын төр орчихоод байгаа биз дээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн тэмдэглэлийн дэвтэр, бууны сумны хонгио гаргаж олонд үзүүлээд “Цагдаа нар хүн буудсныг нотлох баримт дэлгэж байна” гэж байсан. Гэтэл Х.Тэмүүжин гишүүн энэ тухай аль 2009 онд ярьж л байсан байхгүй юу. Тухайн үед “Цагдаагийн тэмдэглэл буюу хар дэвтэр олсон” гэж байсан юм. Тэр дэвтрийг нь цагдаагийн тэмдэглэл биш цагдаагийн ээжийн тэмдэглэл гэдэг юм. Тухайн цагдаа ярьдаг ээж нь хүүгийнхээ хэлснийг бичсэн дэвтэр байхгүй юу. Энэ дэвтрийг л Х.Тэмүүжин гишүүн үзүүлээд байх шиг байсан. Миний ойлгож байгаагаар бол Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа хавтаст хэрэг дотор байгаа материал байхгүй юу. Энэ талаас нь үзвэл долоодугаар сарын 1-тэй холбоотой мөрдөн байцаалтын нууц задарч байгаа гэсэн үг.
-Дээрх дэвтрийг яагаад хавтаст хэргийн материал гэж бодоод байгаа юм бэ?
-Энэ талаар урд нь ярьж байсан шүү дээ. Тэр ч бүү хэл тэмдэглэлийн дэвтрийн эзэн цагдааг ч байцаасан гэж байгаа. Энэ тухай Х.Тэмүүжин гишүүн хэд хэдэн удаа хэвлэлийнхнээр дамжуулж хэлж байсан юм. 2009 оны арванхоёрдугаар сарын 1-нд Хүний эрхийн дэд хорооныхон хуралдаад тухайн үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж, цагдаа нар долоодугаар сарын 1-нд хүн буудсан гэдэг ойлголтыг улам лавшруулсан. Гэтэл үнэндээ энэ хэргийг одоо болтол шалгаж л байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй байхад прокурорууд “Цагдаа нар хүн буудсан нь тогтоогдсон” гэж хэдэн жил ярьсан. Гэтэл дээрээс нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдааг буруутгах хэлбэрийг дэвэргэж байна гэж боддог.
-Яагаад дэвэргэж байна гэж?
-Долоодугаар сарын 1-нд хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяртай бид чинь дайсан биш. Уулзалгүй яах вэ. Энэ хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэргээсэн. Ц.Энхбаяр хэргийг сэргээснээс хойшхи хугацаанд хийсэн мөрдөн байцаалтын хавтаст хэрэгтэй танилцаад “Мөрдөн байцаалтын явцад ахиц гараагүй байна” гэсэн байсан шүү дээ. Энэ хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулахаас өмнө 25 хавтас үүсэгэсэн байсан. Гэтэл сэргээгээд нэг жилд гаруй хугацаа өнгөрч байхад олон хүнээс тайлбар авлаа гэж сонсогдож байсан атлаа ямар ч нэмэлт мэдээлэл байхгүй нь сонин байгаа биз дээ. Хэрэв хэргийг уншаад хэн нэгэн цагдаа хүмүүсийг буудсан гэсэн байсан бол Ц.Энхбаяр дуугүй суух байсан уу. Түүнээс гадна хохирогч болсон гурван хүн байгаа шүү дээ. Тодорхой болсон байсан бол тэр хүмүүс ярина шүү дээ. Гэтэл хуулийнхнаас гадна УИХ-ын гишүүн цагдаа нар буудсан нь тодорхой нотлогдсон зүйл гэж ярьж болохгүй байх. Түүний хэлснээр бол тэр дэвтэр өгсөн цагдаа нь сум өгөхдөө “Надад тавьж өгсөн 20 сумнаас үлдсэн нь энэ гэж өгсөн” гээ биз дээ. Тэгвэл 19 сумыг нь хэрэглэсэн тэр цагдаа ч буудуулсан дөрвөн хүний нэгийг буудсан юм биш биз гэсэн эргэлзээ төрж байна. Тэр хүнийг ч гэсэн хардах ёстой байх аа.
-Тэмдэглэлийн дэвтрийн эзэн гэгдээд байгаа цагдаагийн талаар ямар мэдээлэл байна вэ. Ээж нь тэмдэглэл хөтөлсөнийг нь та яаж мэдсэн юм бэ?
-Цагдаа яриад ээж нь тэр тэмдэглэлийг бичсэн гэдгийг хоёр жилийн өмнөөс сонссон. Тэр дэвтрийг алдсан бол яах вэ. Хулгайлсан бол яах вэ. Тиймээс би сонссон зүйлээ бүгдийг нь яривал хүн гүтгэсэн болчихно шүү дээ. Гэхдээ тэр хүн ил болоод миний сонссонтой таарвал ярих юм их бий. Хэрэв тэр хар дэвтэр гэж яриад байгаа тэмдэглэлийн дэвтрийг үндэслэн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулбал жинхэнэ хэлмэгдүүлэлт болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тэр дэвтэр нотлох баримт болж чадахгүй шүү дээ. Тиймээс тэр дэвтрийн эзэн гэгдээд байгаа хүн ил гарах ёстой. Х.Тэмүүжин гишүүн хуульч хүн учраас мэдэж байгаагаа ярьж байгаа биз. Гэхдээ тэр дэвтэр дээр нэр нь бичигдсэн хүмүүс амьд сэрүүн байгаа хойно цаг нь болохоор юм хэлэх байх.
-Таныг цагдаа нарын эрхийг хамгаалах нэрээр цагдаагийн удирдлагад байсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн хардлага байдаг?
-Долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой бүх хүмүүсийг Өршөөлийн тухай хуульд хамруулж, цагаатгасан. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан олон зуун хүнээс гадна шалгагдаж байсан О.Магнай, Ж.Батзандан, цагдаагийн дарга, цэрэг нар нийлсэн арав гаруй хүнийг суллаж, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон цагдаа нарт холбогдох хэргийг дахин сэргээсэн. Аавын хүүг алаг үзэж болохгүй биз дээ.
-Тэгэхээр О.Магнай, Ж.Батзандан нарт холбогдох хэргийг ч гэсэн сэргээх ёстой гэсэн үг үү?
-Мэдээж шүү дээ. Төр ард иргэдээ ялгаварлаж болохгүй. Жагсаал цуглааны тухай хуульд Тухайн жагсаал цуглааны улмаас бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учирсан бол уг жагсаалыг зохион байгуулсан хүмүүс тус тусын гэм буруугийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг. Тиймээс хууль иргэддээ адилхан л хандах ёстой. Цагдаа буудсан гэдгийг нь нотолж чадаагүй байж улс төрийн тоглолт хийх ёсгүй.
-Долоодугаар сарын 1-нд гэмтсэн цагдаа нарын эрүүл мэндэд төрөөс анхаарч байгаа гэсэн. Тэгвэл хүн буудах үүрэг өгсөн удирдлагуудыг нь шалгаад гэм буруутай бол хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ?
-Цагдаа бол цэрэг биш. Төрийн албан хаагч. Байлдагч бол цэргийн албан хаагч. Цагдаагийн байгууллага бол зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ордоггүй. Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй. Тэр өдөр цагдаагийн албан хаагчийг дарга нь “харь” гэсэн ч үүргээ ухамсарлаад харихгүй байх байсан. Гэтэл тэднийг удирдан зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлсэн хүмүүсийг буруутгах ёсгүй биз дээ.
-Харин тэр хэргийн буруутныг олохын тулд л цагдаагийнхныг шалгаад байгаа биз дээ?
-Хэргийн эзнийг олох ёстой. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хэрэв олохыг хүссэн бол, анхнаасаа Эрүүгийн цагдаагийнхан, Тагнуулын байгууллагынхан шалгасан бол үр дүн гарах байсан юм. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын шалгадаг хүрээ нь ердөө л цагдаа, шүүх, прокурорын байгууллага шүү дээ. Ийм тойрог үүсгэчихээд шалгахаар ямар үр дүн гарах юм бэ. Хэрэв эрүү, тагнуулынхан энэ хэрэгт орсон бол өөр өөрсдийн чиглэлээрээ шалгалт хийнэ. Тагнуулынхан гаднаас ямар нэгэн ашиг сонирхол орсон уу, тэдний гар хөл болсон этгээдүүд төрд гарах гээд байсан уу гэдгийг шалгаад үр дүнд хүрэх байсан. Гэтэл ердөө л Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаар шалгуулна гэсэн нь анхнаасаа л “Энэ хэргийг яаж ийж байгаад цагдаагийнхан дээр тохно” гэсэн санаа юм шиг санагддаг. Анхнаасаа цагдааг буруутгах бодлоготой байсан нь тодорхой. Анх сумны хонгиог цэвэрлэх, хайх, хэргийн газрын үзлэгийг цагдаагийнхан хийж байхад дээрээс нь “Цагдаагийнхны шалгалтыг болиулж, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраар шалгуул” гэсэн үүрэг өгсөн юм билээ. Үүний үр дүнд ийм л байдал үүсээд байна.
-Хэрэв анхнаасаа цагдаагийнханд хэргээ тохно гэж байсан бол тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “хэрэв цагдаа нар хүн буудсан нь тогтоогдвол хар толгойгоороо хариуцна” гэж хэлэхгүй байх байсан гэж бодож байна?
-Тэгээд нотлогдохгүй л байгаа биз дээ. Тухайн үед Ц.Мөнх-Оргил юу хэлснийг мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин