Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон уулзах үеэрээ ажил хаялтад оролцсон багш нарын цалинг хасахгүй байхыг хүсэв. Бүтэн хоёр өдрийн турш ажил хаяж, мянга, мянган эцэг, эхчүүдийн ажлыг чирэгдүүлж, мянга мянган сурагчдын хичээлийг тасалдуулсан багш нарт үнэхээр ухамсар, үүрэг хариуцлага гэж үгүй бололтой. Хөдөлмөрийн хуулиар бол ажил тасалсан тохиолдолд тухайн өдрийнх нь цалинг хасах ёстой. Харин багш нар цалингаа бүтнээр нь авна гэж байна. Хүсэлт тавиад л цалингаа хасуулдаггүй жишиг цаашид ингээд тогтчихвол төрийн албанд ажиллагсад бүгдээрээ ажлаа хаясан ч, цалингаа бүтэн аваад “сайхан” юм болох нь ээ. Энэхүү уулзалтад оролцсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр багш нарын хүсэлтийг сонсоод толгой дохиж байна билээ. Бодвол хүлээн зөвшөөрч буйн илрэл биз.
Г.Дарь