Оросын компани ICQ-г 187.5 сая ам.доллараар худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Оросын компани ICQ-г 187.5 сая ам.доллараар худалдаж авлаа

Оросын “Digital Sky Technologies Ltd” (DST) компани АНУ-ын “America Online” (AOL)  компаний “ICQ” мессенжерийг 187.5 сая ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон талаар “РИА Новости” агентлаг Москва хотоос мэдээллээ. “ICQ” нь агшин зуур зурвас илгээх үйлчилгээ бөгөөд дэлхий даяар 40 орчим сая хэрэглэгчтэйн дээр ихэнх хэрэглэгчид нь Орос, Герман, Израйль болон зүүн Европын орнуудад байдаг. Уг үйлчилгээг 1996 онд Израйлийн “Mirabilis” компани анх бүтээснийг 1998 онд AOL компани худалдаж авч байсан юм.

“Энэ худалдаа нь бизнесийн хөгжлөө Орос болон зүүн Европт хөгжүүлэх манай стратегийн бодлогын дагуу хийгдсэн. Тус үйлчилгээ нь хангалттай урт түүхтэй, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй тул энэ нь бидэнд бүс нутагтаа байр сууриа бэхжүүлэх боломж олгох болно” гэж “DST” компаний гүйцэтгэх захирал Юрий Милнер ярьсан байна.

“AOL” компаний гүйцэтгэх захирал Tim Armsrong “ICQ-д шинэ сайхан гэр олсондоо баяртай байгаа. “DST”-д ажлын өндөр амжилт хүсэж байна” гэж мэдэгдсэн. “DST” нь Оросын интернетийн тэргүүлэх компани бөгөөд “Facebook.com”-д хувьцаа эзэмшдэг бөгөөд “Vkontakte.ru”, “Odnoklassniki.ru”, “Mail.ru” зэрэг Орост алдартай вэб сайтуудыг ажилуулдаг. Хятадын интернет үйлчилгээний хамгийн том компани “Tencent” “DST” компаний хувьцааны 10 хувийг эзэмших гэрээг энэ оны гуравдугаар сарын сүүлээр байгуулсан ажээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж