Алдарт уртын дуучин ”Аида”-г мялаав

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Алдарт уртын дуучин ”Аида”-г мялаав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өчигдөр Соёл урлагийн дээд шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Уртын дууны хатан хаан хэмээгддэг Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаагийн тэргүүлдэг “Норовбанзад” сангаас санаачлан Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад шагнал”-ыг бий болгосноо албан ёсоор зарлан, өчигдөр шилдгүүдээ тодруулж, шагналыг нь гардуулан өгсөн юм.

Энэ үдэш “Шилдэг уран бүтээл” шагналын эзнээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн Ж.Вердийн “Аида” дуурьт “Норовбанзад” шагналыг олгов. Харин “Шилдэг Уран бүтээлч” шагналын эзнээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин, Ардын жүжигчин, Морин хуурч Ч.Батсайхан тодорсон бол “Шилдэг оюуны бүтээл”-ээр Уртын дууг монголчуудын бүтээсэн сонгодог урлаг болохыг анх удаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан баталсан урлаг судалын ухааны доктор Д.Оюунцэцэг тодорч, “Норовбанзад” шагналын анхны эздээр тус тус тодорлоо.

Дэлхий дахинаа нэр нь цуурайтсан уртын дууны домогт хатан хаан Н.Норовбанзад агсны шавь нар энэ үдэш багшийнхаа дуулж, олонд хүргэсэн “Уяхан замбуутивийн наран” дууг хамтдаа дуулж, багшийгаа дурссан. “Норовбанзад” сангаас энэхүү нэр хүндтэй шагналыг “Шилдэг уран бүтээл”, “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг урлагийн оюуны бүтээл” гэсэн төрлөөр хоёр жил тутамд олгох болсноо энэ өдөр зарласан. 

Уртын дууны домогт хатан хаан Н.Норовбанзад

Н.Норовбанзад нь 1931 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Их газрын чулуу, Сүүдэртийн Улаан Овоо хэмээх газар төрсөн. Бага насаа Дэлгэрцогт сумын бага сургуульд сурч, хонь хурга хариулж, улмаар 15 насандаа Дэрэн сумын улаан буланд сайн дурын уран сайханч болж байжээ. 18 насандаа Мандалговь хотын клубын жүжигчнээр уригдан ажиллах болсноор түүний их урлагт зориулсан 50 жилийн амьдралын зам тийнхүү даруухнаар эхэлсэн билээ. 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны зургаан их наадмаас “Сэрүүн сайхан хангай” дуугаараа ардын урлагийн алтан медалийг анх удаа эх орондоо авчирсан нь түүний тив дэлхийд нэрээ дуурсгах эхлэл нь болсон. Түүнээс хойш 1961 онд гавьяат, 1969 онд Ардын жүжигчин болж, 1984 онд Төрийн шагнал, 1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын шагнал, 1997 онд Монол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байв.

Монголын уртын дууны их оргил болсон “Өвгө шувуу хоёр”, “Дуртмал”, “Цэвцгэр хурдан шарга”-аас эхлээд дунд гарын “Алтан богдын шил”, “Урьхан хонгор салхи” бэсрэг дуу, “Зээргэнэтийн шил”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг нэг дуучин байтугай нэгэн үеийнхний дуулдаг ихэнх дууг өөрийн уянгалаг хоолойгоор өргөн түмний сонорт хүргэжээ. Мөн “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуутивийн наран” дууг нь дахин нэгэн зуунд төрөөгүй, хосгүй үнэт урлагийн бүтээл болсныг манайд төдийгүй дэлхий дахинаа гайхан биширдэг. Эдгээр дуугаараа Н.Норовбанзад давтагдашгүй дээд амжилт тогтоосон.

Тэрээр их урлагт амьдралынхаа 50 жилийг зориулж, дахин давтагдашгүй, ер бусын авьяас билиг, гайхамшигт дуу хоолой, урлагийг бүтээх суу ухаанаараа дэлхийн урлагийн агуу их зүтгэлтэн болсон юм. Монгол үндэснтний оюуны чадварыг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюун ухаанаа зориулсан цөөн их хүмүүсийн нэг билээ.

Дэлхийд урлагийн хөгжлийн соёлд содон ганцаараа үлдсэн суут бүтээл болох уртын дуундаа мөнхөрч, амьд ахуйдаа домог болсон их дуучин бол Япон улсын Фүкүокагийн Азийн соёлын шагналт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад билээ. Түүний хосгүй их авьяас, тэнгэрлэг дуу хоолой дэлхий дахинаа одоо ч дуурсссаар байна. Н.Норовбанзадын тухай монгол, япон уран бүтээлчдийн бүтээсэн баримтат кино, уран сайхны нэвтрүүлгүүд олноороо төрөн гарсан юм. Тэдгээрээр “Уртын дууны хатан хаан”, “Үлэмжийн чанар”, “Уртын дууны хотол”, “Зээргэнтийн шил” зэрэг монгол уран бүтээлчдийн, “Who is who”, “Amazing Voice” зэрэг японы NHK телевизийн баримтат кинонуудыг бүтээсэн байна. Тэрээр жинхэнэ од байсан юм.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж