NBA-ын наймааны цонх нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

NBA-ын наймааны цонх нээгдлээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн шинэ улирал эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан багууд бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж байна. Одоогоор хийгдэж буй онцлох наймаануудыг хүргэе. Өнгөрсөн жил “Даллас Маверикс” багаас аварга болсон Тайсон Чандлер шинэ улиралд “Нью-Йорк Никс”-ийг сонголоо. Өнгөрсөн амралтын өдөр “Нью-Йорк Никс” баг шинэ төвийн тоглогч Тайсон Чандлерийг танилцуулах хэвлэлийн хурал болсон байна. “Даллас Маверикс”-ыг аварга болгоход дунджаар 10.1 оноо, 9.4 самбараас бөмбөг авалт хийсэн Чандлер “Никс”-ийг хүчтэй хамгаалалттай баг болгож байна. Уг нь түүнд “Маверикс”-тай гэрээгээ сунгах боломж байсан ч тэрээр цалинг илүүд үзжээ. Түүнд “Никс” дөрвөн жилийн 56 сая ам.долларын гэрээ санал болгосон юм. “Никс” Туриаф болон бэлэн мөнгийг “Вашингтон Визардс” руу илгээж, оронд нь Эндри Ройтинс болон драфтын эрхээ “Даллас Маверикс”-т өгчээ. Одоо Майк Д’Антони болон Майк Вүүдсэн нар Чандлер, Стадмайр, Антони гэсэн хүчирхэг гурвалыг хэрхэн удирдахаас тэдний амжилт шалтгаалах юм. “Никс” цалингийн цэсээ суллахын тулд холбон тоглогч Чонси Биллапсыг багаасаа хассан нь олны анхаарлыг татаж байна. Түүний оронд “Майами Хит”-ийн холбогч Майк Биббиг сонгож, гэрээ байгуулжээ.
Одом

“Даллас Маверикс” харин маш чадвартай сэлгээний тоглогчтой боллоо. Хэдийгээр тэд Тайсон Чандлэрийг алдсан ч “Лейкерс”-ийн довтлогч, шилдэг зургаа дахь тоглогчийн шагналт Ламар Одомыг авч, оронд нь драфтын хоёр дахь тойргийг эрхийг өгчээ. Нэг ёсондоо тэд Одомыг бараг үнэгүй авч байгаа юм. Харин “Лейкерс”-ийн энэ үйлдэл нь Ховардруу чиглэсэн солилцооны эхлэл гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. “Нуурууд”-тай холбоотой өөр нэг мэдээлэл гэвэл тэд По Газолыг явуулах гэж байгаа талаархи яриа юм. Хэдийгээр энэ нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй ч сагсан бөмбөг сонирхогчид болон “Лейкерс”-ийн хөгжөөн дэмжигчид үүнд дургүйцэж байна. Мөн “Нью-Орлеан Хорнетс”-ын холбогч Крис Полыг багтаа авах гэж байгааг NBA-гийн эзэд эрс эсэргүүцэж байгаа. Крис Пол “Лейкерс”-тэй хамт аварга болохыг хүсч байгаа ч бүх зүйл NBA-гийн эздээс шалтгаалах болоод байна. Өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй. NBA-гийн комиссар Дэвид Стерн Полын наймааг хориглосон талаар Yahoo-гоор мэдээлжээ. Лигийн эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар НБА -с “Нью Орлеан”-ы менежер Делл Демпсийг наймааг цуцалж, Крис Полыг багтаа үлдээ гэж шаардаж буй аж.

Уэст

“Бостон Сэлтикс” багт очих магадлал өндөр байсан “Хорнетс”-ийн хүчний довтлогч Дэвид Уэст “Индиана Пэйсирс”-тэй хоёр жилийн 20 сая долларын чөлөөт агентын гэрээг хийж багагүй шуугиан дэгдээв. Ингэснээр “Индиана Пэйсирс” плей-оффт бүсийн аваргын төлөө тоглох чадвартай багийн тоонд зүй ёсоор тооцогдох боллоо.

МакГрейди

“Детройт Пистонс”-д хүчин зүтгэж найман оноо дунджилж байсан Трэзи МакГрейди “Атланта Хаукс”-тай гэрээ байгуулсан байна. Ингэснээр тус багийг Жамал Кроуфорд орхих нь тодорхой болж байгаа юм.


Жейсон Копоно

Холын зайн шидэлтийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшигч Копоно шинэ улиралд “Лейкерс”-ийн хувцастай талбайд гарахад бэлэн болжээ. Түүний хувьд холын зайн шидэлтийг 46 хувьтай гүйцэтгэдэг нь NBA-д дээгүүр орох үзүүлэлт юм.

Ти Жей Форд

“Индиана”-д холбогчийн байрлалд тоглож байсан энэ залуу “Спэрс”-тэй гэрээ байгуулж чаджээ. Гэхдээ тус багт хэдэн жил, ямар үнээр тоглохоо одоогоор дэлгээгүй байгаа юм. Форд “Индиана”-д хүчин зүтгэж байхдаа 5.4 оноо, 4.6 оновчтой дамжуулалт дунджилж байсан гэх боломжийн статистик үзүүлэлттэй байгаа аж.  


Ховард

“Орландо Мэжик”-ийн төвийн тоглогч Дуайт Ховард багтайгаа гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрээр “Нью Жерси Нетс”-т хүчин зүтгэх саналтайгаа илэрхийлсэн. Ховардын өнгөрсөн долоо хоногт “Нетс”-ийн удирдлагуудтай уулзсан уулзалт нь үүний баталж байгаа юм. Харин бүх зүйл “Орландо”-гийн удирдлагуудаас шалтгаалах болж байна. Тэд наймаа хийхийг зөвшөөрвөл “Супермэн” залуу “Нетс”-ийнх.  

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж