“Арслан”-гийнхан аархлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

“Арслан”-гийнхан аархлаа

Б.Баттулга багш нэг хэсэг Тайванийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад эх орондоо ирсэн билээ. Тэрбээр ирээд зүгээр суусангүй. “Арслан” клубээ дахин сэргээж, хэдэн шавь нартайгаа зууралдах болсон юм. Түүний хөдөлмөрийн үр шим саяхан Дэлхийн цомын мөнгөн медальт, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Интернациональ” олон улсын тэмцээний таван удаагийн аварга, улсын аварга, олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын нэрэмжит хөнгөн жингийн бөхчүүдийн тэмцээн дээр гарлаа. Тулгаа багшийн бэлтгэсэн хоёр тамирчин нь 60, 66 кг-ын жинд ёстой л нэг бужигнуулсаар аварга болов. 60 кг-д хүч үзсэн Э.Ням-Очир жингийнхээ бараг бөх шилдгүүдтэй гар зөрүүлж, бүгдийг нь толгой дараалан сөхрүүлсээр алтан медаль хүртэх нь тэр. Монголынхоо 60 кг-д ид босоо байгаа олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран жин өгсч барилдсан. Мандахаа аваргын төлөөх барилдаан хүртэл торохгүй байв. Гэвч түүний энэ гялалзсан амжилтад “Арслан”-гийн Б.Мянганбаяр саад хийлээ. Жингийнхээ бүхий л шилдгүүдийг түүртэлгүй ялж эх орондоо болсон тэмцээнээс алтан медаль зүүв. Мянгааг спорт сонирхогчид Америкт Монголынхоо нэрийг мандуулсан гэдгээр нь эчнээ танина. Манай сонинд түүний тухай мэдээлэл гарч байсан билээ. Түүний хувьд эх орондоо ирснээс хойш анхны тэмцээндээ түрүү авч байгаа нь энэ. Б.Мянганбаяртай барилдаагүй 66 кг-ын жингийн шилдгүүдээс одоо олон улсын хэмжээний мастер Б.Батзориг л үлдлээ.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж