Пакистаны ерөнхийлөгч Лондонд очжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Пакистаны ерөнхийлөгч Лондонд очжээ

Өнгөрсөн долоо хоногт Дубайд эмчлүүлэхээр эх орноосоо явсан Пакистаны ерөнхийлөгч  Асиф Али Зардари өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирэх байсан ч хойшлуулжээ. Исламабад дахь эх сурвалжийн мэдээгээр түүнийг Лондонд руу ниссэн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Түүний эл үйлдэл нь өөрийг нь удалгүй огцорно, мөн Пакистанд цэргийн эргэлт гарна гэсэн цуу яриаг улам дэврүүлэв.

 “Арабын нэгдсэн эмиратын эрх баригчдад ерөнхийлөгч Лондон руу ойрын хугацаанд ниснэ” гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан хэмээн түүнийг эмчлэгч эмч мэдэгджээ. Дубайн Gulf News сонин ерөнхийлөгч Зардарийн зөвлөхөөс авсан мэдээндээ үндэслэн “Эмнэлгээс гарсан ч эмч нарын хараа хяналтад байх ёстой бөгөөд хоёр долоо хоногоос нааш нутаг буцахгүй” гэж мэдээлэв. Гэтэл үүний өмнө Пакистаны хэвлэл мэдээллээр эрх баригч Ардын намын том тушаалтны хэлсний дагуу ерөнхийлөгчийн Дубайд хийлгэсэн эмчилгээ амжилттай болсон. Тэрээр энэ долоо хоногийн эхээр эх орондоо ирнэ гэж бичсэн байлаа.
 
Зардариг Дубайг зорьсоны дараа “Яагаад улс орноо яаралтай орхин гарав” гэдэг асуулт гарч ирсэн ч өнөөг хүртэл хариултгүй хэвээр байна. Хүмүүсийн дэвшүүлж буй нэг хувилбар нь, Зардари зүрхний шигдээсээр өвчилсөн учир түүнийг АНЭ-д эмчлүүлэхээр болсон аж. Өөр нэг шалтгаан нь, Зардари цус харвасан гэж таамаг юм. Гэтэл Ардын намын Дубайд байгаа төлөөлөгч Миан Мунир Ханс мэдээлэхдээ, -Ерөнхийлөгчийг Дубайд нисэн ирэхэд түргэний машин буудалд харагдаагүй, Зардари өөрийн эмч болон Нефтийн сайд Асим Хусейн нарыг дугуулан өөрөө бие даан явж байсан гэнэ. Тэндхийн American Hospital эмнэлэгт ерөнхийлөгч хэвтсэний дараа Пакистантай найрсаг харилцаатай зарим орны Элчин сайд нар эргэн очжээ. Ноён Зардарийн нүүрний хагас нь татаж, ярьж чадахгүй болсон гэх мэдээлэл бас байна.

Пакистаны тэргүүний талаарх өөр хоорондоо зөрчилтэй мэдээллүүд нь түүнийг удалгүй огцорно гэсэн цуу яриаг улам дэлгэрүүлжээ. Дубайгаас Лондонд очих гэсэн төлөвлөгөө нь цууг улам үнэмшилтэй болгов. Сүүлийн арван жилүүдэд төрийн эргэлтийн улмаас Пакистаны иргэний болон цэргийн лидерүүд Лондонд орогнодог уламжлалтай юм. Өмнө нь Лондонд Зардарийн нас барсан эхнэр, экс ерөнхий сайд Беназир Бхутто орогнож байлаа. Беназир Бхуттог засгийн эрх мэдлээ өгсөний дараахан огцорсон Пакистаны захирагч  асан генерал Первез Мушарраф одоо Лондонд амьдардаг.

Асиф Али Зардари эрх барихдаа та­лий­гаач эхнэр шигээ нэр нөлөөг ол­сонгүй.  Нэр хүндгүй ерөнхийлөгчтэй хол­боотой дуулиан нь сүүлийн долоо хоногт байдлыг улам дордууллаа. Тэр­хүү дуулиан нь Пакистаны хэвлэлийн мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард Пакистаны Абботтабад хотод “Аль-Каидаг”-ийн лидер Осама бин Ладеныг америкчууд устгасны дараа АНУ дахь Пакистаны Элчин сайд Пакистаны ерөнхийлөгчийн нууц захидлыг Вашингтонд дамжуулсан гэх хэрэг юм.

Энэ нууц захидалд ноён Зардари Вашингтонд нууц арилжааны санал дэвшүүлсэн гэнэ. Ерөнхийлөгч Америкийн цэргийн ажиллагааг Пакистанд явуулахыг зөвшөөрснийхээ хариуд цэргийн эргэлт гаргуулахгүй  баталгаа авах гэсэн байжээ. Пакистаны сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчөө АНУ-тай нууц хуйвалдаан хийн тусгаар тогтнолыг золиослосон гэж буруутгав. Сөрөг хүчнийхний мэдээлснээр, энэ хэрэг мандсанаар Зардари ерөнхийлөгчийн суудлаа хамгаалан үлдэх боломжгүй болсон гэнэ. Тиймээс ч “Бие нь гэнэтхэн муудсан учиртай” гэж тайлбарлаж буй юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж