Льеж хотод бөмбөгдөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Льеж хотод бөмбөгдөлт болжээ

Гэрч нарын яриагаар дунд хирийн насны эрэгтэй автобусны буудал руу гар бөмбөг шидлээд дараа нь өөрөө дэлбэрэлтэдээ өртжээ. Эхний мэдээгээр түүний хамсаатан автомат буугаар хүмүүсийг буудсан гэсэн юм. Дараа нь прокурор гэмт хэрэгтэнг ганцаар байсан, тэр өөрөө Калашниковын автоматаар буудсан гэв. Цагдаагийн албанаас уг хэргийг террор гэж дүгнэж байна.  Шархадсан таван хүний биеийн байдал маш хүнд байгаа учраас амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй.

Le Soir сонины мэдээгээр, хэрэг гарсан газарт 15, 17 настай хөвгүүд, 75 настай эмэгтэй амиа алдсан байв. Хожим эмнэлэгт хүргэгдэн ирсэн нэг настай хүү, 20 настай залуу нас баржээ.

Мягмар гаригт Бельгийн Льеж хотын Сен-Ламберийн талбайд  гар бөмбөг дэлбэрч, буун дуу гарлаа. Тус орны гурав дахь том хотын хөл хөдөлгөөн ихтэй төв талбайд энэ хэрэг орон нутгийн цагаар 12.30-д гарчээ. Дөчөөд насны эр автобусны буудал руу гар бөмбөг шидлэх завсраа автоматаар буудаж байсан гэнэ. Дараа нь тэр санаатай эсвэл санамсаргүйгээр өөрийгөө дэлбэлсэн байна. Нутгийн  Ла Мез-Льеж сонины сурвалжлагч дөрвөн удаа дэлбэрэлт гарсан гэж бичжээ. Хэрэг гарсаны дараа RTBF гэх телевизийн сувгаар гэмт хэрэгтний хамсаатан хүмүүсийн зүг Калашниковын автоматаар буудаж байгаад зугтсан гэлээ.

“Хүмүүс газар хэвтсэн, цус урсаж байв. Би зогсоод тэдэнд туслахыг оролдсон. Бид шархадсан хүмүүсийг аюулгүй газар зөөхөөр оролдсон юм” хэмээн гэрч ярьж байна.

Шархадсан хүмүүсийн тоо маш олон байв. Бельгийн Дотоод хэргийн яам­ны төлөөлөгчийн хэлснээр хөрш Ни­дерландаас эмч нарыг нэмэн авчир­сан байна. Эмнэлэгт шууд хүргээгүй хэлмэгдэгсэдэд талбайд байдаг Шүүхийн ордон ба Археофорум музейн байранд анхны тусламжийг үзүүлжээ.

Хэлмэгдэгсдийн дунд нэг настай хүүхэд байв. Эмнэлэгт хүргэгдсэн түүний амийг аврахаар тэмцээд дийлсэнгүй ажээ. Гэмт хэргийн шалтгаан тодорхойгүй. Цагдаа нар эхлээд террор эсвэл эрүүгийн гэмт хэрэг гэсэн хувилбарууд дээр ажилласан байлаа. Хотын захиргааны тушаалтнууд гэмт хэрэгтнүүд гурвуулаа байгаад шүүхийн ордноос хамсаатнаа чөлөөх гэсэн хувилбарыг хэлж байлаа. Дараа нь холбооны цагдаагийн газраас хоёр дахь гэмт хэрэгтнийг барьсан гэж байв.

Орон нутгийн хэвлэл цагдаа нарын ярианаас ишлэн өөрийгөө дэлбэлсэн гэх гэмт хэрэгтэний нэрийг Нордин Амрани хэмээн бичив. Тэр хууль бусаар зэвсэг хадгалсан, марихуана тарьсан гэх хэргээр  2008 онд Льеж хотын шүүхээс таван жилийн ял сонсож байжээ. Хожим Бельгийн Дотоод хэргийн яам уг хэргийг террорт хамаагүй гэж мэдэгдлээ.

Хамгийн сүүлд нь Льежийн прокурор Даниэль Рейндерс сэтгүүлч нарт мэдэгдэл хийн Нордин Амрани ганцаар уг хэргийг үйлдсэн гэв. Хууль хяналтын байгууллагын мэдээгээр Амрани гэрээсээ үүргэвчтэй, гар бөмбөгтэй, гар буу, винтов буутай гарчээ. Тэр төв талбайд ирээд гурван гар бөмбөг дэлбэлээд автобусны буудал руу бууджээ. Тэр үрэгдсэний дараа хэрэглэгдээгүй гар бөмбөгүүд үлдсэн байна. Хотын төвийн дэлгүүр хоршоо хаагдсан ба нисдэг тэрэг хотын төв дээгүүр эргүүлийн нислэг хийж байлаа. Фландрийн ерөнхий сайд Крис Питерс амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гашуудал илэрхийлжээ.

Льеж

Льеж бол Бельгийн гурав дахь том хот бөгөөд зүүн хэсэгт нь байдаг. Хүн ам нь 194 мянга. Нийтийн тээвэр нь зөвхөн автобус. Хотын төв Сен-Ламберийн талбайгаар өдөртөө 2000 хүртэл автобус өнгөрч хөл хөдөлгөөн ихтэй байдаг. 

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж