Б.Дашдорж: Лигийн хэдэн багийг хэт бөөцийлснөөс ийм зүйл гардаг байсан

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Б.Дашдорж: Лигийн хэдэн багийг хэт бөөцийлснөөс ийм зүйл гардаг байсан

Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал сурагчдын болон хөгжлийн лигээр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ирэх онд тус холбооныхон ямар ажил хийхээр төлөвлөж байгааг нь сонирхож, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой ярилцлаа.

-Яг одоо үргэлжилж байгаа Хөгжлийн лиг болон холбооны зүгээс энэ жил зохион байгуулах тэмцээний талаар мэдээлэл өгнө үү?
-Хөгжлийн лигийг бид энэ жил анх удаа зохион байгуулж байна. Өмнө нь манай холбооноос лигийн чанартай ганцхан тэмцээн байсан. Харин энэ жил “Пепси” брэндтэй таван жил хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ  хүрээнд сурагчдын, хөгжлийн, оюутны, дээд гэсэн дөрвөн лигийг зохион байгуулна. Ингэснээр сагсан бөмбөгийн хөгжилд тодорхой дэвшил гарна гэж тодорхойлж байгаа. Нэг үгээр хэлбэл дээрх лигүүдэд тоглож байгаа тамирчдын ур чадвар шат шатаар ахина гэсэн үг. Мөн сагсан бөмбөгийн холбооны нэг бодлогын хүрээнд ирээдүйд шилдэг тамирчид төрөн гарна гэж бодож байгаа юм.

-Сагсан бөмбөгийн холбоо энэ жил нэлээд эртнээс ажлаа эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Дээд лигээс бусад лигүүдийг зохион байгуулах санаа хэзээнээс төрөв?

-Би энэ албыг өнгөрсөн оны наймдугаар сард авсан. Ажлаа авснаас хойш хамгийн түрүүнд шүүгч нартай ажилласан. Яагаад гэвэл сайн шүүгчгүйгээр тэмцээн уралдааныг төсөөлөхийн аргагүй. Шүүгч сайн байж чадвал аливаа тэмцээнд хожиж, хожигдсон багууд 100 хувийн сэтгэл ханамжтай байна шүү дээ. Хожигдсон баг нь асуудал гаргахгүй. Манай улсад лиг гэдэг нэртэй удаан хугацаанд үргэлжилдэг тэмцээнийг сагсан бөмбөгийн холбоо анх 1994 онд оруулж ирсэн. Дээд лигт тоглож байгаа тамирчдын залгамж халаа хойшид дутагдалтай байгаа. Одооны тоглогчид насан туршдаа тоглоно гэж байхгүй. Тиймээс лигийн тамирчдын залгамж халааг бэлтгэхийн тулд дахин өөр тэмцээн зохион байгуулах санаа төрсөн. Бидний саналыг “Жи Эн Бевережис” компани дэмжсэн юм.

-Хөгжлийн лиг эхлээд нэлээд хэдэн тоглолт өнгөрлөө. Тоглож байгаа тамирчдын ур чадвар хэр байна вэ?  

-Зөвхөн дээд лиг гэлтгүй хөгжлийн лигээс ч гэсэн ур чадвар сайтай тоглогч, зохион байгуулалттай сайн багийг харж болохоор байна. Энэ багууд хүчин чадлаа сайжруулж, магадгүй гадаадаас тоглогч авчирвал дээд лигт тоглох боломжтой.

-Баг тамирчид амжилт гаргах үндэс нь дасгалжуулагч байдаг байх. Энэ ч үүднээсээ хөгжлийн лигт өрсөлдөж байгаа багуудын дасгалжуулагчийн чадварын талаар юу хэлэх вэ?
-“Харцага”-ын Н.Уртнасан, лигийн шилдэг тоглогч Ш.Сэдбазар, спортын мастер Ариунболд, Давааням гэх сайн дасгалжуулагч байна. Гэхдээ бүх багууд санасан хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс мэргэжлийн сургууль төгссөн залуучууд өөрсдөө санаачилга гаргаад багууд дээр ажиллахад тэд дуртай хүлээж авна гэж бодож байна.   

-Манай сагсчид сахилга батын доголдолтой байгаа нь ямар ч тэмцээнээс харагддаг. Тэгвэл холбооны зүгээс шинэ улиралд ямар арга хэмжээ авч ажиллах бол?
-Доголдолтой байгааг бид хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл бид өмнө нь дээд лигийн хэдхэн баг тамирчдыг бөөцийлж, түүгээр л сагсан бөмбөг явах юм шиг санадаг байснаас болж ийм зүйл гарсан. Гэхдээ одоо тийм зүйл болохгүй. Сагсан бөмбөг тоглодог, дээд лигт оролцох хүсэлтэй олон баг байгаа. Сагсан бөмбөг бол залуу насны спорт. Тиймээс зөвхөн дээд лигт тоглодог найман баг бус сагсан бөмбөг сонирхдог, тоглодог, ур чадвар сайтай олон залуу байгааг бид хөгжлийн болон оюутны лигээр харуулахыг зорьсон. Үүнээс үүдэн тамирчид ч гэсэн өөрсдийнхөө сахилга бат дээр анхаарал хандуулах ёстой юм. Тэдний орон зайг нөхөх дараагийн тамирчинд байр сууриа алдахгүйн тулд өөрсдөө хичээнэ байх гэж итгэж байна.

-Манай сагсчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнд чамгүй амжилт үзүүлсэн байх аа?

-2010 онд Зүүн Азийн наадамд оролцсон. Энэ онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдлөө. Уг тэмцээн нь Азийн аваргад оролцох эрх олгох ёстой байсан юм. Манай тамирчдын 2009 онтой харьцуулсан судалгааг харахад харьцангуй дээшилсэн байна лээ. Бид 40-50 онооны зөрүүтэй хожигддог байсан багууддаа дээд тал нь 20, түүнээс ч бага оноогоор хожигдож байна. Тэгэхээр манай сагсчид хойшид Азид хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тамирчдын ур чадвар сайжирсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Цаашид илүү хөгжүүлэхийн тулд ямар юу хийх вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбоонд гадаадын мэргэжилтэн, дасгалжуулагч дутагдалтай байдаг. Харин өнгөрсөн онд БНСУ-ын мэргэжилтэн Пак багш сагсан бөмбөгийн холбоонд ажилласан. Тэр багшийн нөлөө, сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэр их байгаа. Бусад нь гэсэн надтай санал нэг гэж бодож байна. Яагаад гэвэл Пак багшийг ирж баг байгуулснаас хойш тэр багийн хамгаалалт, довтолгоо нь шал өөр болсон.

Түүнийг дагаад монгол багш нарын ур чадвар өөрчлөгдсөн. Пак багшийн багт хожигдохгүйн тулд монгол дасгалжуулагчтай багууд хамгаалалтын тактикаа өөрчилж эхэлсэн шүү дээ. Өмнө нь бүтэн талбайн хувийн хамгаалалтаас манай сагсчид гарч чаддаггүй байсан. Харин одоо бол өөр болсон. Энэ бүхэн Пак багшийн л гавьяа гэж бодож байна. Мөн Лэрри байна. Өмнө нь “Баянзүрх буллз” багийн тоглогч байсан. Өнгөрсөн лигт “Аватар”-ын ерөнхий дасгалжуулагчаар ажиллалаа. Тэр хүний ч гэсэн бэлтгэл дээр хийлгэж байгаа дасгал, тамирчидтай харьцаж байгаа харьцаа, довтолгоо зэрэг нь шал өөр харагдсан. Авууштай, суралцмаар зан чанар, арга барил олон байсан. Легионер тоглогчоос гадна гадны дасгалжуулагч мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллаасай гэж хүсдэг.

-Энэ жил гаднаас ямар дасгалжуулагч, тамирчин ирэх бол?

-Манай холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил Серби улсаас дасгалжуулагч авчирч ажиллуулах гэж байгаа. Бүтэн жилийн хугацаанд үндэсний шигшээ баг болон дээд лиг дээр ажиллах юм. Их олон мундаг тамирчдыг төрүүлсэн юм билээ. Мөн олон легионер тоглогч ирэх байх. Гадны тамирчин олон ирэх тусам манай тамирчдын ур чадвар өснө. Мөн шүүгчдэд анхаарал хандуулж байгаа. “Манай улсад алтан ёсны итгэмжтэй. мэргэжлийн шүүгч ажиллуулаач ээ” гэсэн хүсэлтийг олон улсын сагсан бөмбөгийн холбоонд тавьсан. Энэ дагуу 2-3 шүүгч ирж ажиллах байх. Хамгийн гол нь манай шүүгч нарт амьд сургалт болно гэж бодож байна.

-Эмэгтэйчүүдийн шигшээ баг гаргах гэж байгаа тухай сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-МҮОХ, БТСГ, УИХ-ын гишүүн Д.Арвин, МСБХ-той хамтраад эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтын тэмцээн хийсэн. Үүнээс 19 хүний гишүүнтэй Монголын үндэсний эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүллээ. Баг маань хаваржин, зунжин бэлтгэл хийгээд энэ сарын 22-нд Бээжин хотын Биеийн тамирын их сургуулийн шигшээ багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа юм. Он гаргаад Оюутны лигийн тэмцээний нээлтийн үеэр Ангарск, Эрхүү ч юм уу Оросын аль нэг хотоос оюутны шигшээ баг авчирч эмэгтэй багтайгаа тоглуулна. Нэг ёсондоо эмэгтэй сагсан бөмбөгийг хөгжүүлэхийг зорилготой. Бидний хамгийн эхний зорилго бол 2013 оны Зүүн Азийн наадамд эрэгтэй, эмэгтэй багаараа оролцохын төлөө ажиллаж байна.

Б.Мөнхзул
“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж