Үнэн шүү дээ. Суунаглан тоггох утааг хараад өглөө, оройд гүйх нь битгий хэл нүд аргаж хоолой хорсоод харшилтай л болчихгүй юмсан, өвчин зовлон тусчихгүй эрүүл саруул амьдрах юмсан гэж эмзэглэдэг. Бид ч өнгөрчээ. Ядаж эх орны минь ирээдүй хойч болсон үр хүүхдүүд минь бүгдээрээ уушигний өвчтэй, архаг боронхиттой, багтараа өвчтэй болчих вий дээ л гэж санаа зовних юм хэмээн ярих эцэг, эхчүүд ч олонтаа таарах болж.
-Манай охин одоо 2 настай. Гэтэл сүүлийн үед гэнэт доошоогоо цус алддаг болчихсон. Хөх нь бас хатуураад булчин шиг сонин зүйл ургачихсан. Эмч нар одоо болтол оношийг нь тогтоож чадахгүй байна. Эхнэр маань жирэмсэн байхдаа маш их гам барьж байж гаргасан хүүхэд. Зүв зүгээр төрсөн хэрнээ ийм болчихсон болохоор гайхаад л байна. Манайх гэр хороололд амьдардаг. Өглөө оройдоо маш их утаатай. Би хувьдаа энэ айхтар утаанаас л болоод байгаа юм болов уу гэж бодоод байгаа гэж ярих залуутай Эх нялхасын үүдэнд таарсан юм. Үнэхээр та бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд эрүүл мэндээрээ хэрхэн хохирч байгаа талаар мэргэжлийн эмч нартай нь уулзаж, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн их эмч Б.Батхишигээс тодруулахад.
-Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол огцом нэмэгдсэнээс болоод жирэмсэний үеийн болон төрсний дараах хүндрэлүүд, өвчлөлт нэлээд ихсээд байгаа. Ер нь жилээс жил ирэх тусам ихэсч байна. Ялангуяа жирэмсэний үед ураг эндэх, амьгүй болох, дутуу төрөх зэрэг эндэгдлүүд ихээр нэмэгдсэн. Энэ нь шууд утгаараа утаатай холбоотой гэдэг нь ойлгомжтой. Онош нь тогтоогдоогүй элдэв төрлийн өвчин ч ихээр гарах болснийг агаарын бохирдолтой холбож ойлгоод байгаа. Жирэмсэн эх, ураг хоёрын амьсгалах агаар нь ийм хэмжээний бохирдолтой байхад цоо эрүүл хүүхэд тээгээд гаргачихна гээд бардам хэлчихэд хэцүү шүү дээ. Өнгөрсөн зуны төрөлтийн эндэгдлийг энэ өвлийнхтэй харьцуулавал харьцангуй илүү байгааг ч харж болно. Бид эцэг эхчүүдэд аль болох дулааны улиралд жирэмсэн болохыг зөвлөж байгаа гэлээ.
Суунагласан энэ хар утаа олон хүний эрүүл мэндийг хордуулж уушигны өвчтэй болгож байна. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Батабаярын япон найз нь Монголд ирээд буцахдаа “Чи Улаанбаатарт уушигний эмнэлэг нээгээ ч. Удахгүй баахан уушигний өвчтэй хүмүүсээр нийслэл хот дүүрэх байх, их ашигтай бизнесийн санаа шүү” хэмээн хошигнож хэлсэн гэдэг. Ёстой л нөгөө ичмээр дамшиг шүү гэдэг чинь боллоо хэмээн эрхэм гишүүн үг цухуйлгаад амжсан. Энэ гэхдээ хоёр жилийн өмнөх утаат Улаанбаатар. Уушигны өвчтэй хүн байтугай эрүүл хүн ч амьсгалахад хүндрэлтэй болдог өвлийн улиралд сүрьеэ болон амьсгалын замын өвчнүүдийн тархалт ихэсч эдгэрэлт удааширдаг гэнэ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвийн сүрьеэгийн их эмч Ч.Хорлоогоос энэ талаар тодруулахад,
-Сүүлийн жилүүдэд сүрьеэ өвчний тархалт нэлээд нэмэгдэж байгаа. Шууд утаанаас болоод байна гэж хэлэхгүй ч эмчилгээг маш ихээр удаашруулж байна. Ялангуяа олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин ихээр нэмэгдэх болсон нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Нэг жилд эдгэрчих өвчин хоёр жил болж байж эдгэх жишээтэй. Эрүл хүмүүс хахау цацаад ханиалгад байгаа утаан дунд архаг сүрьеэ өвчтэй, олон эмэнд дасалтай сүрьеэтэй хүмүүс яаж амьсгалж зовж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Дээхэн үед бол өвчтэй хүмүүсийг жилдээ хоёр ч удаа агаарт гаргаж айрган эмчилгээ хийдэг байсан. Цэвэр агаарт эмчлэх нь их үр дүнтэй сайн эмчилгээ болдог юм. Зөвхөн эмээр бөмбөгдөөд байхаар л хурдан эдгэчихдэг өвчин биш шүү дээ гэлээ. Ганцхан сүрьеэ ч биш багтраа, бронхит гээд амьсгалын замын өвчнүүд ч өвлийн улиралд илт нэмэгддэг гэлээ. Тус төвийн дотрын эмч түүний яриаг батлаж байна. “Манайх дээр өвлийн улиралд ирдэг өвчтөнүүдийн ихэнх нь гуурсан хоолойн бөглөрөл багтраа өвчтэй хүмүүс ирдэг. Энэ өвчин сүүлийн жилүүдэд бас ихээр нэмэгдэж байгаа. Амьсгалын замын өвчин нь өөрөө их цэвэр цэнгэг агаарт эмчилгээ хийлгэж байж эдэгэдэг өвчин болохоор энэ их хотын утаан дунд эдгэхэд маш хэцүү. Ердийн бронхиттой хүмүүс сард нэг удаа өвчин нь сэдэрч хүндрэх магадлалтай байдаг бол сүүлийн хоёроос гурван жилд долоо хонгтоо нэгээс хоёр удаа сэдэрдэг болчихоод байгаа. Энэ нь мэдээж агаарын бохирдолтой холбоотой. Архаг бронхиттой хүмүүст энэ утаан дунд бүрэн эдгэрэхэд их хэцүү. Зундаа гайгүй байж байгаад өвөл болохоор л өвчин нь хүндэрчихдэг их хэцүү өвчин. Цэвэр цэнгэг агаар л их хэрэгтэй байна. Би эрүүл юм чинь гээд явж байтал нэг л өдөр янз бүринй амьсгалын замын болон уушигны өвчтэй болчих магадлалтай гэсэн юм. Жилийн дөрвөн улиралд чөлөөтэй амьсгалах эрх чөлөөг хөөрхий муу уушгиндаа өгөх юм сан.