Дурлахыг хүссэн даруухан залуу Кевин Дюрант

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Дурлахыг хүссэн даруухан залуу Кевин Дюрант

NBA-гийн өнгөрсөн улирлын онооны лидер Кевин Дюрант хэдийгээр сагсан бөмбөгийн чадвараараа шагшигдсан ч гэсэн үе үе тэргүүнээ гудайлган, газар шагайн алхаж явдаг бүрэг залуу билээ. ESPN-ийн тоймч Эллисон Глок түүний энэхүү зан байдлыг анзааран, Кевин Дюрантын тухай сонирхолтой хөрөг бичжээ. Үүнийг та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.

Тоглохыг л хүссэн юм

Дюрант амралтаа өөрийнхөө төлөө бус бусдын төлөө өнгөрөөж буй мэт анхандаа санагдсан. Тэр Лос-Анжелес, Вашингтон, Нью-Йоркт болсон үзүүлэх тоглолтод оролцож, 48, 50 тэгснээ 66 оноо хүртэл авч, энгийн тоглолтод ч махран зүтгэсэн юм. Түүний 66 оноо авсан тоглолтыг youtube дээр л гэхэд дөрвөн сая хүн үзжээ. Кевин том дэлгэцийн дор суугаад хөлбөмбөгийн тоглолт үзэж суухдаа “Миний оролцсон үзүүлэх тоглолтууд тийм их анхаарал татсан гэж үү? Уг нь тэгтлээ гойд анхаарахаар зүйл байгаагүй дээ. Би ердийн хийдэг ажлаа л хийсэн” гэж хэлжээ. Дараа нь NBA-гийн улирлын хамгийн олон оноо авсан тоглогч “Үнэндээ би тэр тоглолтуудад тогломоор санагдаад байсан болохоороо л оролцсон юм. Хүмүүс тэгж их анхаарсанд би гайхаж л байна” гэж нэмж хэллээ.

Хүн бүрийг сайхнаар төсөөлөх харц

Түүнийг мэдэхгүй хүн шууд хараад насыг нь тааж хэлнэ гэхэд хэцүү. Өсвөр насны хүү шиг царайтай хэрнээ харц нь их ухаалаг. Тэгснээ заримдаа нэг л гунигтай болчихдог. Орчин үеийн тамирчдад бараг байдаггүй нэг чанар түүнд бий нь биеэ барих чадвар. Түүний бичлэгийг эргээд нэг үзээрэй. Дюрант бараг инээмсэглэхгүй, толгойгоо ч сэжихгүй байх вий. Царайд нь сэтгэл хөдлөл огт илрэхгүй. “Би сэтгэл хөдлөлөө барьдаг. Олон хүнд сэтгэл хөдлөлөө харуулахыг хүсдэггүй” гэж Дюрант ярьж байна.

Тэр бүр багаасаа л бүрэг гэмээр хүү байж. Магадгүй хүмүүжил нь нөлөөлсөн биз. Тони ахтайгаа тоглоомоор гар зөрүүллээ гэхэд ээж нь тэднийг тоглож дууссаныхаа дараа заавал тэврэлдэж, эвлэрч буйгаа илэрхийлж байхыг сургажээ. “Хүн амьдралдаа алдсан оносон нь хамаагүй. Кевиний хувьд бүгд л сайн хүн шиг санагддаг. Түүнээс өөр хэн ч хүн төрөлхтнийг ийм сайхан сэтгэлийн харцаар ширтдэггүй байх” гэж түүний ээж өгүүлжээ.

Уярамтгай ч гэсэн хатуужилтай хөвгүүн

Кевин бол их уярамтгай гэмээр залуу. Түүний пүүз дээр эмээ, ээж, аав, ах, дасгалжуулагчийнх нь хүртэл дүрс сийлэгдсэн байх нь бий. 2005 онд 35 настайдаа амь үрэгдсэн “Том” Чаки дасгалжуулагчийнхаа дүрийг хүртэл тэр сийлүүлж авсан. Тухайн үед Дюрантын ертөнцийг харах өнцөг бага зэрэг өөрчлөгдсөн байх. Гэлээ ч тэрээр гашуудан суухыг хүсэлгүй сагсан бөмбөгийн талбайд хэн болохоо харуулахыг хүсч өдөр бүр хөлсөө дуслуулан, хөлөө чичиртэл бэлтгэл хийх болсон юм. 16 нас шүргэж явахдаа “Өөрийгөө өрөвдөж суух нь миний зам биш” гэж тэр өөртөө хэлсэн. Тэгээд ч пүүз дээрээ “Өөдрөг амьдар” гэж бичүүлсэн юм билээ. Харин түүний ээж “Миний хүү хүн бүрийн нүдэнд дулаахан харагддаг” гэж бардам өгүүлсэн юм.

“Тандер”-ийн 31 настай Ник Колисон “Хүмүүс түүнийг замбараагүй амьдралтай гэж боддог байх. Заримдаа ч наргилгүй яахав. Гэхдээ Кевин их сайн залуу. Хүмүүс түүнд хэтэрхий их дарамт үзүүлэхгүй гэж найдья” гэж ярилаа.

Дюрант Nike-тай 60 сая ам.долларын гэрээ үзэглэсэн хэрнээ ядуу хүүхдүүдэд сэтгэл тавьдаг хэвээрээ. Тэрээр өөрийнхөө өмсөж байсан пүүзийг маш хямдхан үнээр зарахыг хүссэн гэдэг. Энэ нь ядуу айлын сагсан бөмбөгч болохыг хүссэн хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлэхийг хүсч буй нь юм.

Гэхдээ сагсан бөмбөгийн зааланд шүү…

“Би их ичимхий, бүрэг хүү байсан. Тиймээс сургуульдаа найз нөхөдгүй байлаа. Одоо ч гэсэн заримдаа толгой гудайлган, газар ширтчихсэн алхаж явдаг юм” гэж Кевин өгүүлж байна. Түүнээс амьдрах 48 цаг үлдсэн байгаагаа мэдвэл юу хийхийг нь асуухад “Гэр бүлийнхэнтэйгээ үлдсэн цагаа өнгөрүүлнэ дээ, тэгвэл. Гэхдээ сагсан бөмбөгийн зааланд шүү” гэж тодосголоо. Харин та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ? гэхэд “2010 онд плей-оффоос хасагдахдаа. Их гунигтай байсан” гэж шууд хариулсан юм.

Согтуу оюутан охин онооны лидер болов

Тэр нэг хэсэг шүүмжлэлийн бай болж, олон хүнд чичлүүлсэн. Драфтын хоёроор NBA-д ирснийх нь дараа 18 настай хүүгээс хүн бүр гайхалтай амжилт хүлээж, баалж эхэлсэн. “Тэгэхэд манай багаас Аллен, Льюис хоёр явчихсан юм. Ингээд хүмүүс намайг багийн шилдэг нь болох ёстой гэж шуугиж эхэлсэн. Би чадахаараа л тоглосон ч хүмүүс илүү ихийг шаардсаар байлаа” гэж Дюрант дурсаж байна. Дюрант улирлын эхний хагаст шидэлтийнхээ 40 хувийг оновчтой хийжээ. Энэ нь шүүмжлэлийн галаар цоргиулахад хүргэсэн юм. Зарим хэвлэлд түүнийг “Согтуу оюутан охин шиг байсхийгээд ойчих юм” гэж хүртэл гоочилж байж. “Олны анхаарлын төвд байна гэдэг маш хэцүү. Тухайн үеийн шуугиан намайг бүр зовоочихсон” гэж Дюрант ярьжээ.

Ингээд хэсэг шүүмжлүүлсний эцэст Дюрант сагсан бөмбөгөөс өөр зүйлд анхаарлаа сарниулахыг болихоор шийдсэн байна. Бэлтгэлдээ цагийн өмнө ирж, өдөрт 100 орчим суниадаг байсан бол 200 суниадаг болжээ. Тэр хүнд үеийг ингэж л давсан хэрэг. Гуравдугаар сар гэхэд оновчтой шидэлтийнхээ хувийг 50 хувьд хүргэнэ гэж өөртөө андгайлан ажиллаж гарч. Ингэснээр нэг тоглолтын дундаж оноо нь 20 хүртэл өссөн байна. Мэдээж, ийм гайхалтай амжилтыг нь үнэлж, Оны шилдэг шинэ тоглогчоор шалгарууллаа. Үүний дараа хоёр ч улиралд онооны лидер болоод амжив.

“Чи хичнээн сайн тоглолоо ч гэсэн чамайг шүүмжлэгчид үгүй болохгүй. Леброныг хар л даа. Тэр Кливлендээс явсныхаа төлөө л хүмүүст үзэн ядуулж байна. Шүүмжлэгчид бол намайг нэг л өнцгөөс харж, надаас илүүг хүлээж буй хүмүүс л гэж ойлгохыг хүсдэг. Гэхдээ тэдний шүүмжлэл намайг шаналгадаг уу гэвэл огт үгүй” гэж Кевин Дюрант өгүүллээ.

Кевин дурлаж үзээгүй

Тэр багадаа сагсан бөмбөгийн оддыг хөөрхөн бүсгүйчүүдтэй наргиж, хүссэнээ худалдан авч, шөнө бүр наргиж цэнгэдэг гэж төсөөлдөг байж. Гэлээ ч тэр одоо өөрөө од болчихсон хэрнээ амьдралаас бүрэн таашаал авч чадахгүй байгаа гэнэ. Учир нь тэр дурлаж үзээгүй. Мэдээж, дурлахыг их хүсдэг ажээ.

“Юуг өөрчилмөөр байна вэ гэж үү? Дурламаар байна. Тэгвэл ганцаардахгүй шүү дээ” гэж Кевин өгүүлжээ. Түүний хажуугаар өнгөрч явсан нэгэн бүсгүй “Та чинь их алдартай хүн байх аа?” гэхэд Кевин “Магадгүй л юм” гэж хариуллаа. Тэгснээ инээд алдан өнөөх бүсгүйтэй хамт зургаа даруулсан. Ингээд бидний уулзалтын төгсгөлд Дюрант нэгэн зүйлийг онцлон хэлснийг танд хүргээд энэ өгүүллээ өндөрлөе. “Би Жей Зиг үлгэр дууриаллаа болгодог. Дэлхийн хүн бүр түүнийг андахгүй. Гэтэл тэр жирийн нэгэн залуу шиг өөрийгөө авч явдаг…”.

Орчуулсан Р.Гэгээ
“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж