-Эрх баригч намуудын хувьд Сонгуулийн хуулийг батлах гэж багагүй хугацааг үдлээ. Тэгвэл иргэний хөдөлгөөнүүдээр сонин юу байна?
-Иргэний хөдөлгөөн гэдэг нийгмийн институт үүсээд бараг найман жил болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь сонгуулийн нүүрийг үзэх гэж байна шүү дээ. Анх 2004 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг мөрдөн байцаах газар шалгуулъя, тогтолцоо буруу хөгжөөд байна. Тогтолцооны гажуудлын гол зангилаа намын хэт их эрх мэдэлд байна гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үед Н.Энхбаяр МАХН /одоогийн МАН/-ын дарга байсан. Намын их хэмжээний эрх мэдэл нь нийгмийг буруу тогтолцоо руу хөтлөөд байна гэж дүгнэсэн юм. Тухайн үед хэсэг залуус, багш нар нийлээд “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөнийг байгуулсан юм. Байгуулсныхаа дараа энэхүү тогтолцооны гажуудлын эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлж байлаа. Бидний тавьсан шаардлагуудын дагуу төрийн алба хашдаг хүмүүс тодорхой байр суурьтайгаар асуудалд хандан, заримыг шийдсэн.
Ингээд 2008 оны сонгууль өнгөрлөө. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад юу ч өөрчлөгдөөгүй байна. Тиймээс бид энэхүү гажуудсан тогтолцоог халахын тулд хүнтэй бус, харин тогтолцоотой нь тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тогтолцоотой тэмцэхийн тулд иргэний нийгмийн төлөөллүүд үзэл бодолд үнэнч хэвээр тодорхой сонголтууд хийсэн гэж би ойлгодог. Харин иргэд юу хүсч байна вэ гэхээр эдгээр иргэний хөдөлгөөнүүд байр суурьдаа үнэнч үлдэж болоогүй юм уу, яагаад намд элсээд байна гэсэн хандлага харагдаж байгаа л даа. Тэгвэл нийгмийг гажуудуулж буй энэ тогтолцоотой тэмцэхийн тулд ямар нэгэн хэлбэрээр төрийн институтэд тодорхой хэмжээний байр суурьтай байх хэрэгтэй юм байна гэж үзэн улс төрийн намуудад элссэн. Одоо бол цөөн тооны хүмүүс “гудамжинд” үлдчихсэн мэт харагдаад байгаа юм.
-Иргэний хөдөлгөөнүүд хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж, иргэд ч та нарт итгэх болсон. Тэгвэл энэ итгэлийг хэрхэн хадгалах ёстой вэ?
-Энэ бол 2008 оны сонгуультай адил төвшинд яригдах асуудал л даа. Тухайлбал 2008 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтраад “Иргэний хөдөлгөөний нам” гэдэг улс төрийн байгууллага байгуулсан шүү дээ. Гудамжнаас хашгирах нэг ондоо. Гудамжнаас хашгирч буй хүмүүс дэвшүүлж буй санаагаа хэрэгжүүлэх, бодит ажил болгохын тулд тогтолцооны горим руу нь орох хэрэг хүссэн, хүсээгүй тулгардаг юм билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуульд оролцохын тулд зайлшгүй нам байх шаардлагатай. Эсвэл бүгд бие даагаад дэвшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Хүссэн ч, хүсээгүй нам байгуулахаар хүссэн, хүсээгүй ч улс төрийн гортиг, тоглоомонд орох шаардлагатай болно. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал иргэдийн бухимдал дээр суурилж байсан ч гэсэн хүсч хүлээсэн үр дүн гараагүй учраас төр нь ч тэр, иргэд ч тэр иргэний хөдөлгөөнийхөнд асуудлыг нялзааж хандсан. Энэ нь гажуудалтай байгаа учраас зөвхөн тогтолцоотой тэмцэх хэрэгтэй юм байна. Энэ тогтолцоо гэдэг бол ганц хүн биш юм. Бүлэг хүмүүс юм байна. Тэгээд нөгөө хүмүүс нь тогтолцоог тэр чигт нь хяначихаад байна. Улс төрийн хувьд сөрөг байр суурьтай байх ёстой хоёр хүчин нийлээд хянадаг болчихлоо. Ингэхээр нөгөө гажуудалтай тогтолцоо улам бүр бэхжээд байгаагийн шинж. Эндээс жирийн иргэд улс төр гэдэг бохир заваан зүйл юм байна гэсэн ойлголттой болж, улс төрийн намуудад итгэхээ байсан. Бүр сүүлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд хөдөлгөөн байгуулсан шүү дээ. Энэ мэтчилэн нийгмийн дунд бухимдал үүсээд, улс төрийн намуудаар дамжуулан, нийгмийн гажуудал арилна гэсэн ойлголт үгүй болсон. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд нь үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Үүнд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Магадгүй та нар анзаарсан бол саяхан Н.Ичинноров маань элссэн МАН-ыг шүүмжилсэн. Ж.Батзандан, Д.Уянга гээд намынхаа буруу зүйлийг бүгд шүүмжилдэг. Энэ нь намыг шүүмжилж, дотроос эрүүлжүүлэх талаар хийж буй иргэний нийгмийн ажил гэж ойлгож болно. Нам дагаж явлаа гэж муйхарлаж, нөгөө хэсэг бүлэг хүмүүстэй нь адилтгаж болохгүй. Бид хүссэн, хүсээгүй ажлаа хийж л байна. Цаашид ч мөн ингэж ажиллах болж таараад байна.
-Иргэний хөдөлгөөнүүд иргэдийн дуу хоолой болж, хүссэн зүйлийг өгөх итгэл төрүүлж байсан шүү дээ. Гэтэл намд элсэх болсноор тэр итгэл алдарч байх шиг?
-Жирийн иргэд өнөөдөр эрс өөрчлөлтийг хүсч байна. Тэгвэл үүнийг улс төрийн тогооноос гадна хэн хийж чадах вэ? гэдгийг анзаарах хэрэгтэй. Үүнийг төрийн эрх мэдэлгүй хүмүүс хийж чадна. Нэг ёсондоо бол алдах юмгүй хүмүүс. Өнөөдөр амьдралынхаа төлөө тэмцэж буй жирийн иргэд хийхэд хэцүү. Тэд ар гэр, амьдрал ахуйгаа авч явахын төлөө асар их ачаа үүрдэг. Тэдэнд ар гэр, амьдралаа авч явах цаг хугацаа, мөнгө төгрөг нь хэрэгтэй.
-Тэгвэл таны харж буйгаар хэн үүнийг хийж чадах вэ?
-Би хувийн үзлийн үүднээс хандаад бусад иргэний хөдөлгөөнийхөнтэй ярилцсан. Ямартай ч энэ парламентад байхгүй, төрийн эрх мэдэлгүй, эрс өөрчлөлт хийж чадна гээд байгаа хүмүүс л хийж чадна гэж боддог.
-Тодорхой ярихгүй юу?
-Тухайлбал, иргэний хөдөлгөөний гишүүд аль ч намд орж болно. Эдгээр хүмүүс чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэдэнд алдах юм байхгүй. Нэгдэж чадвал сонгуулийн арга замаар хувьсгал хийсэн ч болно. Хувьсгал гэхээр заавал буу, шийдэмдээ тулна гэсэн үг биш шүү дээ. Тогтолцоог халъя, шударга нийгмийг цогцлоон байгуулъя гэвэл сонгуулийн хувьсгал хийх шаардлагатай. Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүдийн нам дагаагүй үлдсэн хэсэг маань нэгдэн ажиллахаас өөр гарцгүй байна. Мэдээж, өмнө нь иргэний хөдөлгөөн гэхээр хэдэн залуучууд байна. Эд нарыг сонголоо гэхэд хэн ард нь байгаа юм, улс орныг хэн авч явах юм гэж ойлгодог. Манайхан тогтолцоогоо хүн гэж хараад байна. Гэтэл тогтолцоо гэдэг чинь хүн биш. Улс төр, бизнесийн бүлэглэл болчихоод байна. Энэ бүлэглэлийг хамгийн түрүүнд задлах хэрэгтэй. Ингэхийн тулд эрс өөрчлөлт хийж чадна гэж байгаа хүмүүс нэг талдаа гарч, хүчтэй дайралт хийх хэрэгтэй.
-Үгүйлэгдээд буй сөрөг хүчний байр суурь хэрэгтэй байна гэж үү?
-Тийм. Сөрөг хүчний байр суурь. Гуравдагч хүчин маш үгүйлэгдэж байна. Ингэснээр магадгүй сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр, сонгуулийн дараа сөрөг хүчний байр суурь, ард иргэдийн дуу хоолойг сонсохгүй, шударга нийгмийг тогтоохыг хүсэхгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. Энэ нь дэлхий нийтэд байдаг түгээмэл жишиг. Хэрвээ ийм үр дүнг хүсэхгүй байгаа бол сонгуулиа шударга явуулъя л даа. Сонгуулиар шударгаар хэн гарах юм. Ард түмэн юу хүсээд байгаа нь тодорхой гарч ирнэ. Сонгуулиа зөв шударга явуулдаг бол 2008 оны долдугаар сарын 1 шиг зүйл болохгүй шүү дээ. Луйвардвал дахиад давтагдахыг хэн үгүйсгэх юм. Эсвэл эрх баригчид сонгуулиас өмнө булхай, луйваргүй шударгаар явуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Би яагаад ингэж хэлээд байна гэхээр монголын толгой бизнесмэнүүд, улс орныхоо хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулчихсан хүмүүстэй уулзаж байхад тэдэнд нэг л айдас байна. 2012 оны сонгуулиар иргэний дайн болох вий дээ гэдэг. Зарим хүн өнөөдөр ийм бэлтгэлтэй болчихсон байна гэдэг бол бид гажуудалтай тогтолцоотой хэвээр байна, ард иргэд нь өөр зүйл хүсээд байна. Хэсэг бүлэг хүн нь эрх мэдлээ улам бэхжүүлээд байна гэсэн үг. Энэ нь мөргөлдөөнд хүрч болзошгүй юм байна гэдгийг харуулж байгаа юм.
-Иргэний хөдөлгөөнүүд хоорондоо хэр зэрэг уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа өөр, өөр байдаг. Зарим нь газар шороо, уул уурхайн талаар баримталж буй бодлогыг эсэргүүцдэг. Зарим нь улс төр, эрх баригчдын алдаатай бодлого, хэрэгжихгүй байгаа амлалтыг эсэргүүцэж байна. Гэхдээ эдгээр хөдөлгөөнүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Эрх баригчид ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр тоглож байна. Тэгвэл амласан сая төгрөг, 1,5 сая төгрөг нь бодит байдал дээр хаана байгаа юм. Тэд боломжгүй зүйлийг амлаж, иргэдийг хуурсан. Энэ хүмүүс нэг зүйлийг ойлгомоор юм. Жирийн ард иргэдийг тэнэг хүмүүс мэтээр сэтгээд байна. Ямар ч тоо бодож чаддаггүй. Тухайн үед амлаж байсан сая төгрөг, 1,5 сая төгрөг чинь өнөөдөр хэдэн төгрөг болчихоод буйг 10 жилийн хүүхэд ч ойлгодог болчихсон цаг. Хий хоосон зүйл амлачихаад, түүнийг биелүүлж чадахгүй байж эдийн засгийн шинэчлэнэ, хувьцаа олгоно гээд л өнөө маргаашгүй баян болгох мэт юм яриад, дахиад л сэтгэл зүйгээр тоглож эхэллээ. Энэ мэтээр дараагийн сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хийгээд эхэлчихлэ. Хүмүүс үүнийг ойлгож байгаа. Гэтэл зарим хүмүүс үүнийг нь эсэргүүцвэл сая төгрөг ч үгүй, хувьцаа ч үгүй үлдэнэ мэтээр ойлгоод айгаад байх шиг. Энэ нь хүмүүсийг айдаст хүлээтэй байлгахаар ажиллаад байна. Тэгэхээр үүнийг больё. Энэ чинь бүтэхгүй. Бүр тогтолцоо нь гажуудалтай юм чинь. Үнэхээр шударга нийгэм юм бол бүх зүйлээ иргэдээ нээлттэй байлгая л даа.
-Иргэний хөдөлгөөнүүд хоёр ч сонгуулийн өмнөөс дуу хоолойгоо хүргэж ирсэн гэлээ. Тэгвэл өдий хүртэл амжилтад хүрэхгүй байгаа шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
-Иргэний хөдөлгөөний амжилтад хүрэхгүй байгаа шалтгааныг шууд хэлэхэд бидэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Өнөөдөр гажуудалтай тогтолцоо байгаа учраас эрх мэдэлтэй хүмүүс бүх шийдвэрийг гаргаж чаддаг. Өөрийн хүссэнээр шийдвэрээ гаргаж чаддаг.
Үүний нэг жишээ нь, долдугаар сарын 1. Миний сонссоноор бол тэр өдөр одоогийн МАН-ын сонгуулийн менежер Ё.Отгонбаяр, АН-ын сонгуулийн менежер Д.Дорлигжав хоёр хоорондоо маш сайн тохироо хийж чадсан гэдэг. Үүний гайгаар одоогийн “МАНАН” гэдэг засаглал тогтож, гажуудалтай тогтолцоог улам бүр бэхжүүлээд байгаа юм. Үүгээрээ би юу хэлэхийг хүсч байна гэхээр иргэний хөдөлгөөнүүд нам дагана уу, гудмандаа хашгираад явна уу хамаа алга. Үр дүнд нь бид тодорхой байр суурьт хүрэх ёстой. Очсон хойноо “угшил” нь иргэний хөдөлгөөн учир ямар эрх ашгийн төлөө бус тул гажуудалтай нийгмийг халахын төлөө зүрх сэтгэлээрээ ажиллаж эхэлнэ. Жишээ нь, Д.Лхагважавын тухай ярья л даа. Д.Лхагважав бол маш сайн боловсролтой залуу. Олон шийдлүүдийг гаргаж чаддаг. Тэр хүн яагаад МАН-ыг сонгосон гэхээр гажуудалтай тогтолцоог дотроос нь эрүүлжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан.
-Н.Ичинноров, Ж.Батзандан, О.Магнай, Д.Лхагважав зэрэг иргэний нийгмийн төлөөллүүд намд элссэнийхээ дараа та нартай холбоотой байдаг уу?
-Бид хувь хүнийхээ хувьд, үзэл бодол нийлдгийн хувьд ч тэр байнга холбоотой байдаг. Шударга нийгмийн төлөө хэн нь юу хийж байсан бэ гэдгийг мэддэг болохоор байнга хамт, холбоотой байдаг. Бид яах ёстой вэ гэдгээ мэддэг болсон.
Саяхан нэг сониноор иргэний нийгмийн төлөөлөгчид нам дагаж алга болж байна гэсэн утгатай зүйл хэвлэгдсэн байна. Энэ өнцгөөс харвал хэзээ ч монголд шударга ёс тогтохгүй. Тэгвэл асуудлыг өөр өнцгөөс хар л даа. Эдгээр хүмүүс тодорхой байр сууринд хүрч байж, магадгүй иргэний хөдөлгөөний дуу хоолой парламентад хүрч байж, энэ тогтолцоо арилах юм гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Түүнээс дандаа гудманд жагсаад, ордон руу өндөг, помидор шидээд, бөмбөр нүдэх шаардлага алга. Энэ бол тухайн үед болсон зүйл. Одоо харин хууль батладаг, бодлого боловсруулдаг төвшинд хүрч, дуу хоолойгоо хүргэж, тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгосон. Иргэд иргэний хөдөлгөөнүүд нэгдээд гудмандаа жагсаалаа хийж байх хэрэгтэй гэж магадгүй. Гэвч гудманд байгаа иргэдийн дуу хоолой төрийн алба хаагч нарт хүрэхгүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Улс төрийн аль нэг хүчинд элсэж байгаа нь иргэний хөдөлгөөнүүдийн дараагийн тактик гэж ойлгож болох уу?
-Үүнийг улс төр судлаачид өөрөөр тайлбарлаж магадгүй. Энэ бол иргэний хөдөлөөгийхний тактикийн асуудал байж болох юм. Үүнийг шулуухан хэлэх хэрэгтэй байх гэж боддог.
-Энэ тактик хэр амжилтад хүрнэ гэж үзсэн вэ?
-Жишээ нь, манай Ж.Батзандан намын дарга Н.Алтанхуягийг шууд шүүмжилдэг шүү дээ. Энэ бол шинэ жишиг. Д.Ичинноров байна. Намын дарга С.Батболдыгоо, удирдах зөвлөлөө шууд шүүмжилдэг. Энэ бол иргэний нийгмийн байр сууриа хамгаалж, дуу хоолойгоо хүргэж чадна гэсэн “мессэж”. Энэ хүмүүсийг минь гадуурхах үзэл гаргаад үзэг л дээ. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд ард нь байна. Бид тэднийгээ хамгаалж, дуугарч чадна. Биднийг ажлаа хийж байгаа гэдгийг олж хараасай гэж хүсдэг.
-Иргэний хөдөлгөөнүүдийг тэргүүлэгчид нь хаяад намд элсчихлээ. Тэгвэл тэдгээр иргэний хөдөлгөөнүүд яах вэ?
-Би дээр хэлсэн. Иргэний нийгмийн идэвхтэн гишүүд, төлөөлөгчид хоорондоо байнга холбоотой байдаг. Хоорондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байдаг. Энэ уламжлалаа цаашид хадгалаад явна гэдэг итгэлтэй байдаг.
-Таныг гэнэт хэвлэлээр ярилцлага өгч, нийгэм гажуудалтай байна гэж ярихаар иргэд бас улс төр рүү орох нь гэж хардаж эхэлнэ. Тэгвэл тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Бид улс төр рүү аль хэдийн хальтраад орчихсон. Улс төр гэдэг зүйлийг иргэд бохир заваан зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш. Иргэний нийгмийн хөдөлгөөний үйл ажиллагаа явуулна гэдэг бол би иргэн хүний эрх, үүргийнхээ дагуу парламентад биш, гудманд улс төрийн үйл хэрэгт оролцоод эхэлчихсэн гэсэн үг. Түүнээс биш би дараагийн сонгуульд нэр дэвших гээд сурталчилгаагаа хийгээд байгаа юм биш. Улс төрийн үйл хэрэгт 7, 8 жилийн чанагдчихсан хүний хувьд шударга ёсны төлөө хэн юу хийх, булхайтай сонгууль хийхийн тулд хэн нь ажиллаад байна гэдгийг алган дээр байгаа юм шиг мэддэг болсон. Тиймээс ч би зоригтой ярьж чадаж байгаа юм. Хэрвээ мэдэхгүй байсан бол, улс төр гэдгийг ойлгодоггүй байсан бол надад ингэж ярих шаардлага байхгүй. Цаашлаад ингэж ярих ямар ч үндэслэлгүй болно. Иргэний хөдөлгөөн гэдэг бол улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод эхэлчихсэн. Гажуудалтай тогтолцоог харчихаад иргэддээ хүргэж, засах гээд байгаа хэрэг. Бид бол улс төрөөр бизнес хийх гэсэн бүлэглэл биш. Иргэний хөдөлгөөнүүд цэвэр, шударга улс төрийг л хүсээд байгаа юм. Энэ дуу хоолойн төлөө нэгдэхийг хүссэн хүн бүртэй бид хамтран ажиллахад бэлэн. Ашиг сонирхлын үүднээс уул уурхайн компаниа цэцэглүүлэх гээгүй, лобби хийх сонирхол байхгүй. Өөрийн толгойгоор ингэж “хөлд ороогүй хүүхэд шиг” чадан, ядан тэмцэж яваа иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, парламентаас гадуур байгаа улс төрийн намуудыг дэмжээсэй гэж хүсдэг.
Шулуухан хэлэхэд байгаа. Тогтолцоог шинэчлэе. Өөрчилье гэж зоригтой дуугарч байгаа хүнийг шууд дэмжих хэрэгтэй гэж бодож байна.