Инфляци хэдтэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Инфляци хэдтэй байна вэ?

Энэ асуултад статистикчид, эдийн засагчид ам уралдаж ирээд л амархан хариулах байх л даа. Статистикчид бол инфляци 8,1 хувьтайг онцолж, харин эдийн засагчид 12,3 хувьтай байгааг сануулах биз.  Тэгэхээр дээрх хоёр тооны аль нь үнэн, аль нь “асуудалтай” болохыг, иргэдийг хэн нь төөрөлдүүлээд байгааг, инфляци яг хэдэн хувьтайг хэлээд өгөх хүн байна уу.  Иргэдийн халаасыг сэгсэрч, мөнгөний худалдан авах чадварыг бууруулж буй энэ “хадны мангаа”-г ямар үзүүлэлтээр, яаж тооцож гаргадаг юм бол.  Үндэсний статистикийн хорооноос сар бүр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг судалж инфляцийн хувь хэмжээг зарладаг. Тэгвэл Монголбанк инфляцийн өөрчлөлтөөс хамаараад мөнгөний бодлогоо чангаруулах, сулруулах эсэхээ шийддэг. Өнөөдрийн байдлаар Монголбанк инфляцийн өсөлтийг хязгаарлах үүднээс мөнгөний хатуу бодлого баримталж буй. Энэхүү хатуу бодлого ч ирэх жил үргэлжилнэ хэмээн төв банкнаас мэдэгдээд байна. Инфляцийн өсөлт үнийг хөөрөгдөөд байна хэмээн зарим мэргэжилтнүүд ярьдаг. Харин зарим нь үнийн өсөлт инфляцийн инерцийг эрчимжүүлж байгааг дурддаг. Гэхдээ яг үнэндээ инфляцийн үнийн өсөлт бөгөөд үүнийг тооцож гаргах үүрэгтэй ганц байгууллага бол Үндэсний статистикийн  хороо юм.

ҮСХ: Инфляци 8,1 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Эрдэнэсүрэнгээс дараах асуултад хариулт авав.

-Танай хороо инфляцийн хувийг ямар үзүүлэлт дээр үндэслэж гаргадаг юм бэ. Инфляци өнөөдөр яг хэдэн хувьтай байна?

-Хэрэглээний үнийн сагс гэж байдаг. Тэр сагсанд байгаа 314 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтад байнгын судалгаа хийж түүнийхээ үндсэн дээр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индексийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, инфляцийг гэсэн үг л дээ.  Инфляци өнөөдөр 8,1 хувьтай байна.

-Инфляцийн хувийн талаар  эдийн засагчид болоод төв банкнаас өөр өөр тоо хэлдэг. Тэд ямар үзүүлэлт дээр үндэслэж гаргадаг юм бол?

-Инфляцийн хувь хэдтэй байгааг тогтоодог ганцхан байгууллага бий. Тэр нь Үндэсний статистикийн хороо. Үндэсний статистикийн хорооноос бусад газар инфляцийн хувийг тогтоох ямар ч боломжгүй.  Манай хороо аймаг сум, хөдөө орон нутаг гээд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үнийн өөрчлөлтийг судалж, өмнөх сартай нь харьцуулаад хэрэглээний үнийн индексийг тогтоодог.

-Инфляцийн өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм биш үү. Иргэд ийм ойлголттой байгаа?

– Инфляци гэдэг чинь байнгын үнийн өсөлт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр инфляциас болоод үнэ өснө гэсэн ойлголт бол буруу.

Монголбанк: Суурь инфляци 10,2 хувьтай байгаа

Монголбанкны мэргэжилтний хэлснээр төв банк суурь инфляцийг тодорхойлохдоо Үндэсний стастикийн хорооноос гаргасан хэрэглээний үнийн индекс дээр тулгуурладаг гэнэ лээ. Өнөөдөр инфляци хэдэн хувьтай байна вэ гэдэг асуултад тус банкныхан хоёр янзын тоо хэлсэн.  Төв банкны гаргасан мэдээгээр инфляци жилийн өөрчлөлтөөр 12,3 хувь, суурь инфляци 10,2 хувьтай байгаа  юм байна. Харин Үндэсний статистикийн хороо инфляцийг яагаад 8,1 хувьтай хэмээн зарлаад байгааг   тодруулахад “тус хороо нь инфляцийн үзүүлэлтийг оны эхний үнийн өөрчлөлттэй уялдуулж тооцдог. Монголбанк  болохоор өнгөрсөн оны мөн үе буюу жилийн өөрчлөлтөөр нь авч үздэг” гэсэн тайлбарыг хийсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сарын үнийн өсөлтийг 2011 оны арваннэгдүгээр сарын үнийн өсөлттэй уялдуулж инфляцийн хувийг гаргадаг юм байна.Тиймээс л ийм хоёр өөр тоо гараад байгаа юм билээ.   Ер нь инфляцийн үзүүлэлтийг тооцож гаргахдаа гурван үзүүлэлтээр авч үздэг байна.Тодруулбал, сарын, оны эхнээс, жилийн өөрчлөлт  гэсэн гурван үзүүлэлтээр инфляцийг гаргадаг аж.  Харин төв банк суурь инфляцийг заавал тооцож гаргадаг учир нь эдийн засаг дахь үнийн өсөлтийн нөлөөлөх чиг хандлагыг тогтоож, мөнгө бодлогоо зохицуулахын тулд  гэнэ лээ. Чингэхдээ  хэрэглээний сагсан дахь 314  төрлийн бараа бүтээгдэхүүнээс байнгын савалгаатай байдаг мах, гурил, будаа, шатахуун зэрэг 20-иод нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хасаад үнийн өсөлт ямар байгааг тооцож гаргаснаа суурь инфляци хэмээн тайлбарладаг юм байна лээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж