Уучлаарай, хууль биелүүлэх боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Уучлаарай, хууль биелүүлэх боломжгүй боллоо

Эрхэм хүндэт гишүүд ээ, та бүхний баталсан дахиад нэг хууль хэрэгжих боломжгүй болж буйг мэдсэн үү. Магадгүй мартагдсан нэг хуулийн үйлчлэх хугацаа хаянд тулаад ирсэн байна шүү, наана чинь. 2009 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулган эхний хэлэлцүүлгээрээ батлахдаа уг хуулийн есдүгээр зүйлд “Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд байгалийн шат­даг хий, цахилгаан эх үүс­вэрээр ажилладаг авто тээв­рийн хэрэгсэл ашиглана” гэх заалт нэмсэн байх аа. Үүнийг тодруулбал, “Бүх автобус, нийтийн тээврийг хийн түл­шинд шилж” гэх үүрэг болж таарна. Хамгийн гол нь энэ заалтыг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан. Ам асуухад, хууль хэрэг­жихэд хоёр долоо хоног гаруйхан хугацаа үлдлээ. Гурван жил бараагүй даалгавраа энэ хэдхэн хоногт амжихгүй гэдгээ “цэргүүд” чинь хүлээн зөв­шөөрөөд гүйлдээд эхэлсэн юм биш үү.  

Эргэн санавал

Энэ хуулийг баталж байсан цаг үед эргэн очъё. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч өөрөө хууль хэрэгжих хугацаанд бэлтгэл ажлаа сайн хийхийг анхааруулж “Угтаж урьдчилсан байдлаар энэ хуулийг гаргаж байна. Үүнтэй холбогдуулаад хэд хэдэн нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай. Бэлтгэл ажлыг хангах талаар Эдийн засгийн байнгын хороо хуралдаад Засгийн газар, нийслэл хотод чиглэл өгмөөр байна. Шат дараалсан байдлаар арга хэмжээ авахгүй явчихаад гурван жилийн дараа 2012 оны нэгдүгээр сарын 1-нд гэнэт хэрэгжихгүй хуулийн асуудал босч ирэх вий. Хяналт сайн тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид ийм сонин хууль амьдралдаа анх удаа баталж байна уу яаж байна” гээд л сууж байсан. Тухайн чуулганы үед хуулийн үйлчлэлийг бүр нэг жилээр наашлуулах санал хүртэл гарч байсныг нь яана.

Тухайлбал, С.Бямбацогт гишүүн “Хуулийн хугацааг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болгоё. Хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр наашлуулъя. 800 автобус цаашдаа орж ирнэ гэсэн. Энэ мөнгөөр 1400 троллейбустай болох боломж­той. Ингэснээр өнөөдөр автобусаар 500 төгрөгөөр зор­чиж байгаа ард иргэд 180 төгрөгөөр явах боломжтой болж байгаа. Хуулиудаа хурдан батлаад түргэн хэрэгжүүлдэг болмоор байна” гэж яриад л, түүнийг нь Д.Хаянхярваа гишүүн дэмжээд “Хугацааны хувьд 12 он гэдгээс наашлуулбал ямар вэ гэдэг саналтай байна. Микроавтобусыг олноор нь ажилгүй болгох вий гэж айх ёсгүй. Ингэвэл асуудал хүлээг­дэн хуучнаараа үлдэнэ” гээд л.

Ийнхүү хэлэлцэж, 2012 он гэхэд бүх зүйл сайхан өөрч­лөгдөх өрнүүн сэтгэлээр хуу­лиа баталж байж.

3000-аас хэдийг нь хийн түлшинд шилжүүлэв?

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг хатагтай хууль батлагдсаны дараа нийтийн тээврийн үйлчилгээний хүчин чадлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байд­лаар  800 гаруй автобус үйлчилж байгаа. Том оврын автобус явуулах боломжгүй газарт бага оврын автобус үйлчилдэг. Ийм үйлчилгээнд 2000 шахам бага оврын автобус явж байна. Харин 400 орчим  такси үйлчилж байгаа.  Нийтдээ нийтийн тээвэрт 3000 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байна” гэх тоог ярьж байж. Бараг гурван жил өнгөрөхөд нийтийн тээв­рийн хэрэгслийн хэдийг нь хийн түлшинд шилжүүлж амжив?

Энэ асуултыг хариуцсан албан хааг­чдаас асуухад “Жаа бид, 400 автобусыг хийн түлшинд холбох ажлыг гадаа­дын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байгаа” гэх хариултаар ам тагласаар байх уу. Анх энэ хуулийг баталж байхдаа нийтийн тээврийн хэрэгслүүд хийн түлшээр явдаг болсноор агаарын бохирдлыг 20 хувь бууруулах судалгааг бахдалтайгаар танилцуулж, хуу­лийн  хэрэгжүүлэхээр “Цахил­гаан тээвэр” компани дизель хөдөлгүүртэй автобус дээр SNJ маркийн хийн түлшийг туршихаар Солонгосын талтай тохиролцож тус компанийн инженер техникийн ажилчид угсралтаа эхлэхээр зэхээд байна гэж байсан.

Гэвч өнөөдөр Авто тээв­рийн газрынхан гээд энэ хуу­лийг хэрэгжүүлэх үүрэг бүх газ­ар хуулийг хэрэгжүүлэх боломж­гүйгээ хүлээн зөвшөөрч “Хэрэв хуулиа хэрэгжүүлнэ гэвэл бүх автобус, нийтийн тээврийг зогсоохоос өөр аргагүйд хүрнэ” хэмээн данал­заж эхэллээ.

Ядаж 400-г нь асуудалгүй шилжүүлсэнгүй

Цэвэр агаарын сангаас энэ оны  найм­дугаар  сарын 19–нд зарласан Улаанбаатар хотын нийтийн тээв­рийн том оврын дизель авто­бусуудад хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулах тендерт зориулж Засгийн газраас 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.Уг тендерийн зорилго нь 400 том оврын дизель автобусыг хийн түлшинд шилжүүлэх. 

Гэвч 400 автобусанд төхөө­рөмж суури­луулах өртөг “но”-той болсон гэх яриа чих дэлсэх болов.

ЗТБХБ-ын Төрийн нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр Агаарын бохирдлын Үндэсний хороонд энэ талаарх танилцуулга хийхдээ “нэг автобусанд нэг төхөөрөмж иж бүрдлээр нь суурилуулахад 8.5 сая төгрөг (4930 евро), зөвхөн нэг төхөөрөмжийн үнэ 5.6 сая төгрөгийн (3250 евро) зардал гарахаар тооцоолсон” гэв.  Дээр­х үнийг 400 автобусанд шил­жүүлэхэд 3.5 тэрбум төгрөгийн өртөг зардал гарах аж.

Гэтэл ийм төрлийн төхөө­рөмжийн үнийг интернэтээр хайхад дэлхийн зах зээл дээр борлогдож байгаа хамгийн сүүлийн үеийн өндөр техно­логийн сайн чанарын 24-36 сарын баталгаатай төхөө­рөм­жийн дундаж үнэ 1000-1500 еврогийн ханштай байна. Үүнээс харахад Ж.Бат-Эрдэнэ даргын танилцуулсан үнийн санал дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнэтэй төхөөрөмжүүдээс гурав дахин үнэтэй байгааг юу гэж ойлгох юм бол.

Ийм шалтгаанаар л “наймдугаар сарын 19-ны Тендерийн хорооны хурал дээр "Туртелком" гэх компани Украины нэгэн компанитай хамтран 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр 400 автобусанд тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслөө Тендерийн хороонд өргөн барьж улмаар нэгч өрсөлдөгчгүйгээр уг тендерт ялалт байгуулсан” хэмээн хардацгааж байна.

Энэ мэт хардлагын үнэн эсэхийг мань мэт юу гэж тогтоох билээ. Гэхдээ л ийм үр дүн багатай, зардал ихтэй ажилд хөрөнгө оруулж байснаас өөрсдийнхөө үйлдвэрлэсэн троллейбусандаа хүч хаясан бол арай ч эерэг үр дүнд хүрэх байсан ч юм бил үү. Ямартаа ч нэг троллейбусыг 50-60 сая төгрөгт багтаан босгож байна гэхээр энэ мөнгөөр 70 гаруйг шинээр угсарчих л байсан аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж