
Хөлд орохоос авхуулаад үсээ цайхийг хүртэл нэг л замаар өгсөн уруудан давхиж, нэг л хотыг эргэн тойрон нутагласаар энэхүү насыг эцэслэнэ. Эрээний хулхи “LCD” телевизор хойморт заларч, эрх мэдэлтнүүд Тавантолгой, Оюутолгой, эрдэнийн хувь хишиг гэж худлаа чалчихийг сонссоор өдөр сарыг өнгөрөөнө. 22-ын товчоог өнгөрвөл амьдралгүй гэж санаж, харь хол Хангүгийн нутагт баяжина гэж мэдэмхийрсээр хүний нутгийг мөрөөдөж, бодлоороо боолчлогдоно. Үүрийн гэгээнээр гэрээсээ гарч үдшийн бүрийгээр гэртээ харьсаар нэг насыг машины бүхээгт өнгөрөөнө. Тордож янзалсан “ванкушдаа” яаран сууж давхисаар хүрч ирэх, саравчтай малгай дугтуулан тавьсан залуусын ширэлдсэн хар сахалд нь цан цохисон харагдана. Урагдаж халтартсан ажлын бээлийний цаанаас тос болсон гарын хуруу цухуйна. Тав хийтэл бүхээгнээсээ буугаад тас хийтэл хаалгаа хааж, урт гэгчийн амьсгаа авангаа хүйтэнд бээрсэн хуруугаа уруулдаа хүргэн дулаацуулаад гэрт оров.
-Балдангийнх түлээгүйдээ хашааныхаа башзыг түлж, Цэндийнх нүүрсээ ууталж, Дамба тэргээ засуулах гээд явсан, Гомбо “Нарантуул” ороод ирсэн гэхчилэн едрийн хэдэн үгээ айлын авгай сонин болгон ярьж, Дондог гуай хэмээн доогуур харж, Долгор эгчээ хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээсээ аяга цай авч уугаад, талхны булан олж идээд үмхээд тэндээс гарч баян Баяраагийн машиныг засч өгнө. Түүнийхээ төлөөсөнд “сайны хишиг” гэж саймшираад сархад хүртэн нэгэн үдшийг өнгөрүүлнэ. Шинэ хүү хэдийгээр техникт сайн хэмээж олноо магтагдавч сургуульд сурч соён гэгээрсэнгүй, зөвхөн наймдугаар ангийн боловсролтой тул юун гадаад хэл, юун англи хэл. Тэр хэдийгээр нас залуу боловч үгээгүй ядуу, өнчин балчир учир сархад хүртэж, саваагүйтэж явсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг машин засч өнгөрүүлэн зуны халууныг халтуур хийж гэтэлгэх бөгөөд намар ичээд хавартаа ичээнээс гардаг тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас. Юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ вэ? Үүнийгээ өөрөө ч яахан мэдэх билээ. Ардчилал гэх айхтар шинчлэлийн салхинд уруудаж буйгаа анзаарах сөхөө алга. Дэмий л бодолд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг хот, нэг улс цөм цөм эл хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй явсаар түмэн хэргээс хоцорч, ертөнцөөс гээгдэнэ. Хайран хайран, хөөрхий хөөрхий. Гэтэл эх орны хувь хишгийг иргэн бүрт өгснөөр хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч сэрэв. Хөөрхий монгол баян монгол болов, хуучин хүү шинэ монгол болов. Юутай их завшаан, юутай ихбаяр вэ?!
