Эмэгтэйчүүдийн квот ч мөн ялгаагүй. Одооны парламентад гурвуулхнаа үлдчихээд байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг 20 хувьд хүргэнэ гэдэг өнгөн дээрээ бол “тэнгэрийн” умдаг атгалаа л гэсэн үг. Гэхдээ үүнийг дахиад пропорциональ суудлын эзлэх хувьтай уяж ойлгохоос өөр аргагүй. Пропорциональ 28 суудлын 20 хувиар тооцвол нам тус бүрийн жагсаалтад багтах эмэгтэйчүүдийн тоо 5-6-аар хязгаарлагдана. Дөрвөн нам жагсаалт гаргалаа гэхэд дор хаяж 20 эмэгтэй УИХ-д нэр дэвших нь байна. Гэхдээ ялсан нам л жагсаалтын эхний 28-ыг парламентад суулгах учраас 20 нэр дэвшигчээс сугарч үлдэх нь мөн л 5-6-д эргэлдэнэ гэсэн үг. Хамгийн бодитойгоор бодоход тухайн нам эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг 4:1 /дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй/ гэсэн харьцаагаар жагсаалаа гэхэд л хоёр нам тэнцүү санал авсан байхад эхний 14-т багтах эмэгтэйчүүдийн тоо бас л 5-6-аас хэтрэхгүй. Харин үлдсэн 40 эмэгтэй /48-ын 20 хувь нь 9,6. Бутархай тоог 10-д шилжүүлээд 4-өөр үржүүлэхэд ийм л тоо гарч байна/ өмнөх сонгуулиудын адил тойрог дээр эрчүүдтэй өрсөлдөж гарч ирнэ. Хэрвээ зургаан нам өрсөлдвөл /АН, МАН, МАХН, МҮАН дээр ИЗН, БНН-ыг нэмбэл/ эмэгтэйчүүдийн тоо дахиад 10-аар нэмэгдэнэ. Гэхдээ үр дүн нь адил. Учир нь эмэгтэйчүүдийн квотыг мажоритари, пропорциональ тойрогт ялгаагүй 20, 20 хувиар л тогтооно. Тэглээ гээд мажоритари тойргоо эр, эмээр нь ялгалтай биш. Ингэвэл сонгогчдын сонгох эрхэд халдсан явдал болно.
Урьд өмнө ч гэсэн улс төрийн намууд квотыг огт хэрэглэж байгаагүй юм биш. 2008 оны сонгуулиар гэхэд хэдийгээр сонгуулийн хуульд байсан эмэгтэйчүүдийн квотыг авч хаясан ч гэсэн Ардчилсан нам дотооддоо журам гаргаад нийт нэр дэвшигчдийн 15 хувиар тооцож, 12 эмэгтэйг нэр дэвшүүлсэн билээ. Харамсалтай нь нэг нь ч сонгогдоогүй. Учир нь нэг эмэгтэй дор хаяж 3-4 эрэгтэйтэй нэг тойрогт өрсөлдсөн. Харин ИЗН-ын дарга С.Оюун намаасаа ганцаараа, МАХН-аас Д.Арвин, Д.Оюунхорол нар гараад ирснийг гайхдаг юм. Эмэгтэй хүн гэдгээрээ бус хувь хүний фактор, орон нутгийн хүчин зүйл илүү нөлөөлсөн байх. Тийм болохоор одоо олдож байгаа эмэгтэйчүүдийн 20 хувийн квот тийм ч зөөлөн боорцог, бэлэн хоол биш байх. Тэд “би эмэгтэй хүн” гэдгээрээ бус, эрэгтэйчүүдээс илүү ажиллаж, ялгарч байж л гарч ирэх ёстой болж байна. Ямар ч байсан энэ удаа хэн хэн нь “Биднийг өгөөш болгож хаяж өглөө” гэж гомдоллох эрх байхгүй. Б.Дэлгэрмаа шиг хатуу шаардлагатай, С.Оюун шиг ардаа намтай, Д.Арвин шиг мөнгөтэй, Д.Оюунхорол шиг тойрогтой байж л сонгуульд ялж гарч ирэх боломжтой гэсэн үг. Эс бөгөөс Б.Дэлгэрмаагийн хэлсэн шиг “Би эмэгтэй хүн учраас” гэх биш, “Бид үүнийг хийж чадна” гэж зоригтой дуугарч, түүнийгээ нийт сонгогчдод хүлээн зөвшөөрүүлж, хоногшуулж, эрчүүдийнхээ урд гарч ажиллаж байж эрчүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болж байна.
Мэдээж өргөн утгаар нь харах юм бол одоо гарах Сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн сурталчилгааг нэг ижил түвшинд хязгаарлаж өгсөн, бэлэн мөнгэ, бэлэг сэлт өгдөг, урлагийн тоглолт, эмнэлгийн үйлчилгээгээр үнэ төлбөргүй үйлчилж сонгогчдыг авлигаддаг байсныг халсан, дээр нь иргэний шинэчилсэн бүртгэл, ухаалаг үнэмлэхээр дамжуулан нэг сонгогч нэг л удаа санал өгөхөөр болсон, санал хураалтыг автоматжуулан хувь хүний оролцоог алга болгосон гээд олон давуу тал байгаа. Ямар ч байсан сонгогчид сонголтоо хийхдээ будилахааргүй, өгсөн санал нь хулгайлагдах вий гэж санаа зовохооргүй болсон гэсэн үг. Үүнээс гадна сонгогдох гэж буй нөхдөд илүү хамааралтай мэт харагдаж болох бас нэг зүйл нь пропорциональ, мажоритари тойргуудын хооронд санал гүйдэг хувилбарыг оруулж ирсэн явдал.
Одоо гарах хуулиар улс төрийн намууд сонгуулийн өмнө 76 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж, сонгогчдод танилцуулах ёстой. Үүнээс 28 нь улс даяар нэг том тойрогт нэр дэвшин намын нэрээр өрсөлдөж, үлдсэн 48 нь 1-3 мандаттай 26 тойрогт өрсөлдөнө. Мандатын тоог хүн амын тоонд нь харьцуулан тойргуудад хуваах бөгөөд хамгийн олон хүн амтай нийслэлийн том дүүрэг гурван мандаттай, хамгийн бага хүн амтай жижиг аймаг нэг мандаттай /гэхдээ хүн амын тоо нь улсын дундажаас бага байгаа тохиолдолд зэргэлдээ сум, дүүрэгтэй нь нийлүүлж нэг тойрог болгохоор хуульд заасан/ байх аж. Хэрвээ нам нь сонгуульд ялалт байгуулсан /пропорциональ тойрогт/ ялалт байгуулсан тохиолдолд мажоритари тойрогт ялагдсан ч 28 хувиас илүү санал авсан нэр дэвшигчид авсан саналынхаа дарааллаар парламентад гүйгээд ороод ирэх боломжтой болох юм. Хоёр нам энэ босгыг 25, 30 хувь хэмээн маргаж байгаад 28 хувиар тогтоосон билээ. Харин намын жагсаалтыг хэрхэн гаргах вэ гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа.
Уг нь улс төрийн нам сонгуульд ялалт байгуулья гэвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн намын лидерүүдээсээ эхэлж эрэмбэлэх ёстой. Наад зах нь намын дарга нь Ерөнхий сайд байх юмаа гэж үзвэл кабинетийнхаа хэдийг араасаа жагсаадаг ч юм уу. Ингэвэл сайд болохоор зорьж буй нөхөд тойрог руу гүйж очихгүй, сонгогсдсон тойргоос нь орон гарахгүй, пропорциональ тойрогт жагссан нөхөд эрхэм сайдын орон дээр араас нь гулсаад ороод ирэх боломжтой. Харин Ардчилсан намын зарим нөхөд, ажлын хэсгийнхний ярьж байгаачлан мажоритари 26 тойргийн 48 мандат дээр нэр дэвшигчдийг мань 76-гийн жагсаалтын эхэнд бичнэ ээ гэвэл тойргийн хэмжээнээс хэтэрч санал авахгүй нөхдөөр дамжуулж нам санал авна гэдэг утгагүй л болоод явчихаж байгаа юм. Хэдийгээр “энэ бол эрэмбэлсэн хэрэг биш ээ” гэж хичнээн хэллээ ч сонгогчид жагсаалтын эхний аравт багтсан хүмүүсээр л баримжаалж намд нь санал өгнө шүү дээ.
Хоёрдугаарт жагсаалтын эрэмбийг гаргахдаа нөхдүүдийг тойрог дээрээ авсан санал, судалгаанд тулгуурлаж эрэмбэлнэ гэсэн бас нэг хувилбарыг зарим нэг хүн гаргаж ирээд байгаа гэсэн. Энэ ч бас л хуудуутай. Г.Батхүүгийн Өвөрхайнгайн тойргоос авсан 40 хувийн санал З.Энхболдын улс орон даяар авсан 10 хувийн рейтингээс илүү байна гэж хэзээ ч үгүй. Ер нь юухан дээр ч дөрөөлөөд жагсаалтын дээгүүр бичигдчихвэл парламентад орох боломж нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн бодлого хувь хүн бүрт л байгаа байх. Гэхдээ тэр нь тухайн намд ямар давуу талыг бий болгож чадах вэ гэдэг л асуудлын гол нь. Тэгэхээр улс орон даяар тогтоосон рейтингийн судалгаанаас зугтаад, хувь хүмүүсийн ашиг сонирхолд хөтлөгдсөн жагсаалт гаргавал улс төрийн нам өөрөө л алдагдал хүлээх болно биз дээ.