Багш нарыг ажил хаялтаа зогсоох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Багш нарыг ажил хаялтаа зогсоох ёстой гэв

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 18.30 цагийн орчимд ажлын өрөөндөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэхүү уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар байлцлаа.

Хугацаагүй ажил хаялтаар шантаажлан буй багш нарын хувьд таван зүйл бүхий шаардлагыг тавьжээ.  Нэгдүгээрт, 2011 онд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг өсгөх, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд арга хэмжээ авах, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудал юунаас болж бодит биеллээ олохгүй байгаад хариулт хүссэн юм.

Ерөнхий сайд С.Батболд “Боловсролын салбарт Засгийн газар онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улсын хөгжил дэвшил хүнийхээ төлөө байх ёстой гэдгийг гол зарчмаа болгож, хамгийн их хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулж байна. Төсвийн нийт хөрөнгийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулдаг байсан бол одоо 33 хувьд хүргэсэн. Энэ нь эцсийн дүндээ боловсролын салбарыг шинэчлэх хүрээнд хийж байгаа нэг дэх алхам. Нөгөө талаар өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, багш нарыг чадавхижуулах, нийгмийн асуудлыг нь дэмжих хүрээнд үе шаттай арга хэмжээ авахаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын төвшинд боловсруулсан. УИХ-ын гишүүдийн хувьд ч мөн адил хуулийн төсөл боловсруулаад байгаа. Энэ бүхэн бол тус салбарт хаа хаанаа нэлээд анхаарал хандуулж буйн илрэл” гэлээ. 

Харин цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийн тухайд олон шалтгааны улмаас боломж бололцоо хумигдмал  болохыг Ерөнхий сайд тайлбарласан юм. Тэрбээр нэгдүгээрт, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг судалгаа тооцоотой хийж, шийдвэрлэх. Хоёрдугаарт, цалинг хоёр дахин нэмэгдүүлснээр инфляци хэдий хэмжээгээр өсч, эдийн засагт халалт үүсгэх вэ гэдэг нь хамгийн эмзэг асуудал. Нөгөө талдаа гурван талт хэлэлцээрийн хүрээнд Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг тавихад Ажил олгогч эздийн холбооноос шүүмжлэл хүлээдэг. Хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхэлж байгаа нийт иргэдийн 70 шахам хувь нь хувийн хэвшлийн салбарт ажиллагсад байдаг. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд хувийн салбарынхан нь цалингаа өсгөхийн тулд ажилтнуудаа халах уу гэдэг асуудалтай тулгардаг. Эргээд энэ нь ажилгүйдлийг бий болгодог. Тиймээс Засгийн газар бол зөвхөн төрийн албан хаагчдыг хамгаалах бус хувийн хэвшлийн салбарт ажиллаж төрийн ачаанаас үүрэлцэж байгаа баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хөндөхгүй байх талаас шийдвэр гаргах шаардлагатай байдаг тул алтан дундажийг олох хэрэгтэй болдгийг онцолсон юм.

Мөн багш нарын хугацаагүйгээр ажил хаялт зарлаад буй энэ алхам хүүхдүүдэд үр дагавар бага тусгах ёстойг захилаа. Тиймээс ч Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж буйгаа мэдэгдэв. Тус ажлын хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар багтаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн тус үйлдвэрчний эвлэлийн холбоодын төвшинд хэлэлцээр хийгдэнэ. Хэлэлцээрээр өмнө тохирсон асуудал, одоо шинээр дэвшүүлж байгаа саналуудаа нэгтгэн ажил хэрэг болгоход өнөөдөр бодит боломж маань ямар байна вэ гэдгийг тооцоо судалгаатай гаргаж, судална. Тиймээс зөвхөн хэлэлцээр эхлэнгүүт өргөс авсан юм шиг бүх зүйл биеллээ олчихгүй, тооцоо судалгаанд үндэслэж хийгдэх ёстойг сануулаад, ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард сууцгаан, боловсролын салбарыг шинэчлэхийн төлөө хаа хаанаа ухаан гаргаж ажиллах шаардлага байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Ерөнхий сайд үүрэг өгч, ажлын хэсэг байгуулан хэлэлцээр эхэлж байна. Хэлэлцээр эхэлж байгаа учраас хуулиараа ажил хаялт зогсох ёстой байдаг” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батсүх “Бид дангаараа ажил хаялт зогсоох эсэхээ шийдэх эрх байхгүй. Ямар ч байсан бусад багш нарт уулзалтын талаар хэлж, зөвшилцөнө. Нэгдсэн байдлаар багш нар шийдвэрээ гаргаж ажил хаялтаа зогсооно гэвэл тэр дагуу ажил хэвийн үргэлжилнэ. Энэ асуудлыг бид өнөө орой юм уу эсвэл маргааш өглөө хуралдаж шийднэ. Ямар шийдвэр гаргаснаа сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурлаар мэдэгдэнэ” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж