Катар Улсын Эрхэм дээд Эмир Шейх Хамад Бин Халифа Аль-Тани Катарын санхүүгийн боломжийг ашиглаж, харилцан ашигтай байх зарчмаар, дэд бүтэц эрчим хүчний бие даасан байдлыг хангах, мөн бусад салбаруудад хамтрахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн “Техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын түвшинд хийсэн төслүүдэд бид хөрөнгө оруулахад бэлэн” гэв. Тэрээр цааш нь “ Та 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах мөрөөдөлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ бол сайхан эрмэлзэл. Бид 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Цаашдаа олимпийн наадмыг Катарт зохион байгуулах бодолтой байгаа. Энэ нь спортоор дамжуулж иргэндээ болон улс орондоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт” гэв.
Катар нь зөвхөн спортын төдийгүй бусад олон улс болон бүс нутгийн арга хэмжээнүүдийг өндөр хэмжээнд зохион байгуулж энэ чиглэлээр амжилтанд хүрч байгаа. НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны чуулга уулзалтыг зохион байгуулсан энэ өдрүүдэд Олон улсын номын үзэсгэлэн яармаг, Хууль эрхзүй болон авилгын асуудлаархи олон улсын хурал зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катар Улсын Эрхэм дээд Эмир Шейх Хамад Бин Халифа Аль-Таниг Монгол Улсад айлчлан ирэхийг урьсан байна.