“Катар Диар” компанид зочлов

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Катар Диар” компанид зочлов

Катар Улс дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжиж буй орнуудын нэг юм. 15 жилийн өмнө тус улсын ДНБ-ий хэмжээ нь 8 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 173 тэрбум болтлоо өсчээ. Катарын  эдийн засаг нь нефть олборлолт, байгалийн хийгээс олох орлогоос бүрддэг бөгөөд нэг хүн амд ногддог ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна. 2005 оноос нефть,  байгалийн хийгээс олдог орлогоо тусгай  санд төвлөрүүлж засгийн газрын хяналтан дор  олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж, аль болох ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийж  эхэлжээ. Сангийн үйл ажиллагааг  Катарын хөрөнгө оруулалтын газар  хариуцаж зохицуулдаг. Тус газар, улсынхаа хурдацтай хөгжиж буй эдийн засгийг дэмжих, орлогыг зүй зохистой зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хөгжлийг бүтэц зохион байгуулалт,  удирдлагаар хангах зорилгоор хэд хэдэн компани байгуулсан.

Тухайлбал олон улсын санхүүгийн зах зээл болон аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулдаг “Катар холдинг”, уул уурхайн салбарт хөрөнгө оруулдаг “Катар майнинг”, зочид буудлын “Катар хотелс”, нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Катар Эйрвэйс” гэх мэт төрийн хүчирхэг компаниудыг бий болгож олон улсын зах зээл дээр гаргаж иржээ. Тэдгээрийн нэг болох үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй Катар Диар компанид Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Катар Диар” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Катар Диар” бол  үл хөдлөх хөрөнгө,  газрыг эргэлтэд оруулахаас гадна хот, суурин  газрын  төлөвлөлтийг хийдгээрээ алдартай. Тухайлбал ИБУИВУ дахь орон сууцны “Брама” хороолол, “Челси Баррак” цогцолбор, “Шард” цамхаг, катарын төмөр замын төсөл, катарын ирээдүй гэгдэж байгаа “Сувдан Катар” дүүрэг, Суданы Машайреб дүүрэг, Бахрейны Френдшип Козвей зам, Дохагийн Үзэсгэлэнгийн төв, цамхаг зэрэг бүс нутагтаа тэргүүлдэг бүтээн байгуулалтууд багтаж байна. “Орчин цагт хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хэрхэн зөв хийх ёстойг “Катар Диар”-ын төслүүд харуулдаг юм. Бид техник эдийн засгийн үндэслэл сайтай, үзэмжтэй, ашиглалт өндөртэй хийж чадаж байна гэсэн үнэлэлтийг захиалагчдаасаа ямагт сонсож байдаг” гэж компанийн Ерөнхий захирал бөгөөд  инженер Эсса Мохамед Али Калдари танилцууллаа.

“Катар Диар”-ын   удирдах зөвлөлд нь Катарын Ерөнхий сайд, сангийн сайд нарын зэрэг шийдвэр гаргагчид багтдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын утааг арилгаж, төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, оюутны хотхон байгуулах,  түүнчлэн шинээр говийн бүсд бий болж байгаа аж үйлдвэрийн шинэ хотуудыг бий болгох шаардлагын тухай дурдаж , эдгээр төслүүдийн хот төлөвлөлт, техник эдийн азсийн үндэслэлийг гаргах арга зам, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр катарын талаас хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж