Цөмийн туршилтыг хориглох тухай ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Цөмийн туршилтыг хориглох тухай ярилцлаа

Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан тэргүүтэй төлөөлөгчид Вена хотноо байрладаг Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээний байгууллагын Бэлтгэл комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Тибор Тот болон тус комиссын албаны захирлуудтай уулзаж, хоёр талын зөвлөлдөх уулзалт хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Бэлтгэл комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Тотод илгээсэн илгээлтийг Элчин сайд гардуулан өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар саналаа солилцсон байна. Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний зорилго, зорилтуудыг бүрэн дэмжиж, түүнд нэгдсэн анхны улсын нэг бөгөөд Бэлтгэл комиссын үйл ажиллагааг дэмжиж, түүнд идэвхитэй оролцож ирсэн. Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ хүчин төгөлдөр болохын ач холбогдлыг бүс нутагтаа таниулан, сурталчлах талаар Монгол улс нэлээд ажил зохиосон бөгөөд энэ талаар Бэлтгэл комисстой цаашид ч хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлжээ. Чичрэлтийг хэмжих, агаар дахь цацрагийн тархалтыг судлах, нил авиаг тодорхойлох станцуудын мэдээллийг зөвхөн цөмийн туршилтыг хянах, мэдээлэх төдийгөөр хязгаарлах бус газар хөдлөлт гэх мэт байгалийн үзэгдлийг урьдчилан таньж, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэргээр иргэний болон шинжлэх ухааны салбарт ашиглахыг Монгол Улс мөн чухалчлан үздэг бөгөөд энэ салбарт мэргэжилтнүүдээ сургах, техник технологийн тал дээр туслалцаа авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Тус Бэлтгэл комисс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан орнуудын мэргэжилтнүүдэд зориулан урт болон богино хугацааны сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ оны 9 дүгээр сараас эхлэн онлайн сургалт явуулж эхэлсэн нь ихээхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй байгааг Гүйцэтгэх захирал дурдсан байна. Тус байгууллага энэ оны эхээр чичирхийллийн станцуудын мэдрэмжийг шалгах зорилгоор 10 орчим тонн химийн бодисыг Израильд дэлбэлэхэд Монголын чичирхийллийн станциуд мэдэрч тус байгууллагад мэдээлэл өгснийг тэрээр өндрөөр үнэлжээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн бөгөөд энэ талаар цаашид хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж болох юм гэж талууд үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж