“Надад мөрөөдөл бий” хэмээх нэртэй асрамжийн төвийн хүүхдүүдийн тоглолт маргааш болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн санаачлагаар хараа хяналтгүй, эцэг эхийн хайр халамжаас гадуур орхигдсон хүүхдүүдийг хөгжмийн боловсролоор дамжуулан нийгэмшүүлэх төслийг 2010 оноос эхлэн нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. 80 гаруй хүүхдэд хөгжмийн боловсрол олгон үйлчилгээнд хамруулсан ба жилийн амжилт, үр дүнгийн тайлангаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 15-нд “Надад мөрөөдөл бий” нэртэй тайлан тоглолтоор тайлагнах гэж байна.
Төсөлд хамрагдсан хүүхдүүдийг НЦГ-ын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвөөс гэрээний дагуу албан ёсоор хамруулдаг бөгөөд олон жил гадуур тэнэсэн, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд удаа дараа ирж байсан, эцэг эхийн хайр халамжаас гадуур орхигдсон, эцэг эх нь хүүхдээ асрамжлах бүрэн чадамжгүй, архины гүн хамааралтай зэрэг гэр бүлийн 84 хүүхдүүдийг сонгон авч хамруулсан байна. Төсөл нь нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын 8 дугаар тогтоолоор Хүүхэд хамгааллын төв болон үйл ажиллагаагаа эхлүүлээд юм байна. Одоогоор Хүүхэд хамгааллын төвд 56 хүүхэд тогтвортой үйлчилгээнд хамрагдаж байна.
Ш.Чимэг