Н.Энхбаяр хурал зарласан уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр хурал зарласан уу?

“МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийнэ” гэх хэвлэлийн хурлын зар өнөөдөр өглөө эртлэн хэвлэлийнхэнд ирсэн юм. “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд 11.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ хэмээн тараасан энэ зарын дагуу сэтгүүлчид цугласан боловч МАХН-ын дарга Н.Энхбаяр тэр хуралдаа ирсэнгүй. Харин МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ, Бага хурлын гишүүн Д.Монхоо, Л.Цог нарын хүмүүс сэтгүүлчдийг угтсан юм.

Тэд  хэвлэлийн хурлын эхэнд “МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгийг өчигдөр орой цагдаагийнхан баривчлах гэж оролдон, хувцсыг нь урж, биед нь гэмтэл учруулсан” гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд Бага хурлын гишүүн Л.Цог “Н.Энхбаярын хүүг өчигдөр сэжигтнээр татсан байна” гэж хэлээд цааш нь илүү тодорхой мэдээлэл өгсөнгүй. Сэтгүүлчид хэвлэлийн хурал зарласан Н.Энхбаяр хэзээ ирэхийг лавласан боловч  “Ирж яваа” гэх хариултаар бараг дөчөөд минут хэвлэлийнхнийг уясан юм. Ингээд эцэст нь “Н.Энхбаяр дарга ирэх байсан ч ажил гараад амжсангүй. Дараа та бүхэнтэй уулзана” гэсэн нь хэвлэлийнхнийг бүр ч их бухимдуулж орхилоо.

Өчигдөр бас МАХН-ын хэсэг гишүүд мэдээлэл хийж, энэ нь бас л бантан болж дууссан. Энэ мэтчилэн МАХН-ын гишүүд, дэмжигчид зорилго нь тодорхойгүй, баримтгүй зүйлс ярьж, өдөр бүр мэдээлэл хийдэг болсон нь сүүлийн үед бүр тоогоо алдаж байх шиг байна. Сүүлдээ бүр намын даргынхаа нэрийг барьж, хэвлэлийнхний ажил, цагийг үрдэг аргатай болоо юу ч гэмээр болжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж