Нүүрсний эрэлт ирэх жилүүдэд огцом өснө

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Нүүрсний эрэлт ирэх жилүүдэд огцом өснө

Олон улсын эрчим хүчний агентлагын “Нүүрсний дунд хугацааны зах зээл” тайланд ирэх таван жилд дэлхийн нүүрсний өдрийн эрэлт дунджаар 600 мянган тонн-оор нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэжээ. Сүүлийн арван жилд дэлхийн нүүрсний өдрийн эрэлт дунджаар 700 мянган тонн байсан ажээ. 2000 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 3.7 тэрбум тонн/жил байсан бол 2010 онд хэрэглээ энэхүү үзүүлэлтээс 70 хувиар нэмэгдэж, 6.3 тэрбум тонн/жил-д хүрчээ.

Тус агентлагийн мэдэгдэж байгаагаар, зах зээлд худалдаалагдаж буй нийт нүүрсний 15 хувь нь металлургийн буюу коксжих нүүрс байгаа ажээ.

Хэдийгээр улс орнуудыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг байгаль хамгаалах байгууллагууд болон эрдэмтэд уриалж байгаа ч дэлхийн эрчим хүчний 50 хувийг нүүрснээс хангаж байна. Гэхдээ АНУ, Австрали болон Европын холбооны зарим улс орнууд нүүрсийг байгальд хоргүй хэлбэрээр ашиглах олон арга технологийг туршсаар байгаа юм.

Энэ оны дунд үеэр АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг /EPA/эх орондоо мөрдөгдөх агаарын чанарын стандартыг өөрчилж, агаар дахь мөнгөн усны хэмжээг 90 гаруй хувиар бууруулах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэртэй холбоотойгоор АНУ-ын дулааны цахилгаан станцуудын удирдлагууд хорт хий, мөнгөн усны ялгарлыг шүүх технологи станцдаа суурилуулахаар болжээ.

Австрали, Европын улс орнуудад ДЦС-аас ялгарах нүүрсхүчлийн хийг ангилан ялгаж хөрсний гүнд хадгалах технологийг судалж, туршилтын шатанд нэвтрүүлж эхэлжээ.

Манай улсын хувьд хүрэн нүүрс, хагас битүм нүүрсний арвин нөөцтэй учир синтетик хийн түлш, шингэн түлш гаргах технологийг эх нутагтаа хөгжүүлэх ихээхэн боломж байгаа юм.

Хэрэв нүүрс боловсруулах технологийг улс орнууд эрчимтэйгээр нэвтрүүлж эхэлбэл нүүрсний хэрэглээний өсөлтийн дүн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит түвшинд бууруулах боломж бүрэн байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж