З.Баянсэлэнгийг баривчлахыг завдсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийг баривчлахыг завдсан гэв

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчлахыг завдсан хэмээн МАХН-ын зарим гишүүд өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

Тэд хэлэхдээ, “Нийслэлийн Прокурорын газарт шаардлагынхаа хариуг авахаар очсон МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, Чингэлтэй дүүргийн зохицуулагч З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн хэв журмын цагдаа нар болон төрийн тусгай хамгаалалтын албаныхан чирч гулдран, гадуур хувцсыг нь урсан” гэлээ. Энэ талаар З.Баянсэлэнгэ “Цагдаа нар надад хүч хэрэглэсэн. Одоо миний тархи хөдөлсөн, зүүн хавирга хөндүүрлэсэн байгаа. Миний хувьд ямар ч хууль бус үйлдэл  гаргаагүй учраас хууль бусаар намайг баривчлахыг завдаж байгаа цагдаагийнханд баригдмааргүй байна. Намайг хэвлэлийн хурал хийх үеэр баривчилна гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс өөр асуултад хариулах  боломжгүй” гэснээр хэвлэлийн хурлыг орхиж гарсан юм.

Түүнийг жагсаал цуглаан зохион байгуулж, мөрдөн байцаалтын  ажиллагаанд саад учруулсан, прокурорын биед халдсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа ажээ.

Дашрамд тэмдэглэхэд, “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас зарлаад байсан хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаярыг оролцоно хэмээн хэвлэлийнхэнд зар тараасан байсан ч хурал хийлгэсэн эдгээр хүмүүс “Н.Энхбаяр даргад ажил гарсан” хэмээж байсан юм. 

Гэрэл зургийг: Buka King

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж